• Өнөөдөр 2024-05-04

Б.САРАНЧИМЭГ: ХАНИЙНХАА, БУСДЫН ГҮҮР БАЙХ ГЭЖ ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ БОЛСОН

-Би чинь генерал Ж.Жамъян, Ардын жүжигчин Л.Лувсан буюу Бага Ааяагийн дохионы хэлмэрч, ач охин нь шүү дээ-

                Амьдралынхаа 30 гаруй жилийг бусдын нүд, чих байхад зориулж яваа түүнийг Бат-Өлзийгийн Саранчимэг гэдэг. Тэр бэрхшээлээс бэрхшээлийн хооронд бүдэрч, амьдралын гүвээнд тэмцэж, тэмүүлж, урваж, цуцаж, ухарч яваа олон хүнд гэрэл гэгээ, очлуур болсон нэгэн. Асуудал бүртэй нүүр тулсаар тэр Монгол Улсад цөөхөн байдаг туршлагатай дохионы хэлмэрч болжээ.

-Дохионы хэлмэрч болж байсан үеийнх нь талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

               -Өчигдөр ч, өнөөдөр ч суралцсаар явна. Хэдийгээр миний амьдралын 30 гаруй жил энэ салбартай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ангилалд багтаж, тэдэнтэй хамт өнгөрүүлж, дохионы хэлмэрч болсон ч өдөр бүр суралцаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа учраас дохионы хэлээ орхино, мартана гэж байхгүй. Миний хоёр чихний сонсгол бууралттай, хөгжлийн бэрхшээлтэй хүний ангилалд багтдаг юм, угтаа. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Сонсголын аппаратаа зүүгээд л эрүүл хүмүүсийн дунд орж ажиллаж, амьдарч, сонсголоо хамгаалж, тусламж, хэлмэрч, хэл хэрэгтэй байгаа нэгний гүүр, мэдээлэл хэрэгтэй нэгний чих болж явна.

                 Би нэг, хоёрдугаар ангийн сурагч байхдаа тавдугаар сургуульд сурч байлаа. Гуравдугаар ангид байхад сонсгол муу гэдгээ мэдсэн. Ер нь л хэн нэгний хэлсэн үг, ярьж байгаа яриа муу сонсогдоод энгийн хүүхдүүдтэй суралцах надад хэцүү байлаа. Сургуульдаа явмааргүй байгаагаа, чих сонсохгүй байна гэдгээ ээждээ хэлж, бид хоёр өөр арга зам хайсан. Ээж ангийн багшдаа “Охины минь сонсгол болохгүй байна” гээд хэлсэн юм билээ. Тэгээд багш нь “ОХУ-ын тусгай багжаар хүний сонсголыг шалгадаг юм. Чи хүүхдээ тусгай 29 дүгээр сургуульд аваад ир. Сонсголыг нь шалгаад, юунаас болсон, хэр буурсан гэдгийг нь мэдэх учраас битгий санаа зов. Хүүхдийн сурах эрхийг битгий хаагаарай. Охины чинь сурах ирээдүйн замыг нь багш нь зааж өгье” гэж ээжид маань зөвлөгөө өгсөн гэсэн. Тэгээд бид хоёр 29 дүгээр сургуульд очиж, сонсголын бичлэг хийлгэхэд “Үнэхээр сонсгол нь алдагдаж байна. Гэхдээ их биш, бага хэмжээгээр алдагдаж байгаа учраас сонсголын аппаратны тусламжтайгаар орчинтойгоо харилцаанд ороход саадгүй юм байна” гэж хэлсэн юм билээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд сурахгүй” гэвэл миний ээж гомдох учраас, ээжийгээ хайрладаг охин болохоор би 29 дүгээр сургуульд дөрвөн жил сурч, дохионы хэлийг бие дааж сурсан юм. Анх сургуульд ороход хүмүүс гараараа ярьж, хараагаараа бие биедээ өөрийгөө ойлгуулж байгааг хараад сонирхож, дохионы хэл сурсан. Дээрээс нь “Энэ хүмүүст туслаад, замаар ч болтугай гаргаад өгөх сөн. “Зам гарах гэж байна шүү” гэдгийг нь бусдад ойлгуулж, өөрт нь аюул байхгүй гэдгийг нь хэлээд өгөх сөн” гэх хүсэл минь, тэднийг хайрлах хайр минь намайг дохионы хэл сурах тэмүүлэл рүү хөтлөсөн. Сурагч байхдаа ханьтайгаа танилцаж, үерхэсэн. Миний хань сонсголын бэрхшээлтэй учраас би түүний гүүр байхаар 33 жилийн өмнөөс түүнтэй хамтдаа амьдарч, бид хуримаа хийж байлаа. Дохионы хэлмэрч болсон амьдралын минь түүх ердөө л энэ. Шаардлага байгаа учраас би сурч, хөгжиж байна.

-Та дохионы хэлмэрчээс гадна бага эмчийн мэргэжилтэй юм билээ. Энэ талаараа ярьж болох уу?

             -Ахлах ангиа төгсөөд Анагаахын дээдэд сурч, бага эмчийн мэргэжил эзэмшиж байлаа. Сургуулиа төгсөөд ХӨСҮТ-д ажиллаж, 13 жилийнхээ амьдралыг бусдыг эмчлэх, бусдыг эрүүл болгохын төлөө зориулж, хичээсэн. Залуу эмч байхдаа “Тахир дутуу иргэдийн байгууллага”-д дохионы хэлмэрчээр сайн дураараа давхар ажиллаж байв. Нөхөр маань хөгжлийн бэрхшээлтэй учраас “Холбоонд хэлмэрч хэрэгтэй байна” гээд би сайн дураараа ажиллахаар болсон юм. Тэгээд эмчийнхээ ажлыг больж, холбооныхоо дохионы хэлмэрч болсон доо. Өнөөдрийг хүртэл анх эхлэсэн газартаа ажилласаар л байна.

-Бусдад туслах гэсэн хүсэл тань, дээрээс нь хэрэгцээ шаардлага байсан учраас та дохионы хэл сурчээ. Хүмүүстэй ажиллахад, бусдын нүд, чих, гүүр байхад ямар санагддаг вэ. Мэдэрдэг мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

                -Бид адилхан л сурна, хөдөлмөрлөнө, амьдарна, аж төрнө. Амьдрах, амьд явах эрх бүхий л хүнд байгаа шүү дээ. Тэд сонсохгүй л болохоос бусдыг бүгдийг нь хийж чадна. Тийм учраас энэ хүмүүсийг нийгмийн гадна үлдээж, орхиж болохгүй. Би Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төвд багшлаад 21 болж байна. Энэ хугацаанд олон хүнтэй учирч, олон хүний “Баярлалаа, хайрлаж байна” гэх сайхан үгэнд умбаж, тэднийг жаргалтай, ирээдүйгээ өөрийнхөө гараар бүтээж, амьдралаа босгох гэж тэмцэж, хөл дээрээ тогтож байхыг харж, жаргаж явна. 21 жилийн хугацаанд миний хөтөлж, амьдралд чиглүүлсэн олон шавь мэргэжлээрээ ажиллаж, хоорондоо гэр бүл болж, хүн байхын жаргалыг мэдэрч яваа. Энэ бүгдийг харах надад үнэхээр сайхан байдаг. Тэднийг жаргалтай байхыг харах гэж, мэдрэх гэж би тууштай ажилласан ч юм шиг санагдаад байдаг.

-“Эмчийн мэргэжлээ ориход дохионы хэлмэрч боллоо” гэхэд ээж тань яаж хүлээж авсан бэ?

          -Надад маш сайхан хоёр өвөө байлаа. Миний аавын аавыг ургацын комиссын дарга, генерал Ж.Жамьян гэдэг байлаа. Өвөөгийн минь цаг үед амьдарч хүн бүхэн л таних байх.  Миний ээжийн аав Ардын жүжигчин Л.Лувсан гэж хүн байлаа. Хүмүүс түүнийг Бага Ааяа өвөөгийн дүрээр нь сайн танина. Ийм л хоёр мундаг өвөөтэй болж төрсөн азтай хүн шүү, би. Намайг сонсгол бууралттай гэдгийг сонссон хоёр өвөө маань хоорондоо ярилцаж, “Энэ хүүхдийг ээлтэй, нийгэмд, хүмүүстэй харьцдаг, үнэнийн төлөө явдаг хүн болгомоор байна. Ийм мэргэжил эзэмшүүлэхийн тулд гадаадад л сургуульд явуулах хэрэгтэй болох байх. Ах, дүүгээсээ ганцаараа ийм болоод төрчихжээ” гэсэн юм билээ. Тухайн үед би ханьтайгаа танилцаж, анхны охиноо төрүүлэх гэж байсан юм. Тэгээд өвөө нарын гадаадад сургах гэсэн саналыг нь хүлээж аваагүй. Хайр дурлалдаа шатчихсан, анхны хүүхдээ тээгээд явж байгаа би юу гэж л тэднийгээ хаяад гадагшаа явах билээ дээ. Хаашаа ч яваагүй, зөвхөн эх орондоо, тусламж хэрэгтэй бүгдийг нүд, чих болохоор гэж үлдсэндээ маш их баяртай явдаг. Өвөө нар минь намайг олон хүний гүүр болж байгааг харсан, мэдсэн. Гэр бүлийнхэн минь намайг энэ мэргэжлээрээ ажиллахыг баяртайгаар хүлээж авсан. Ээж минь охиныхоо ирээдүйд санаа зовж, эргэлзэж байгаагүй болохоор надад сайхан байдаг шүү.

-Өнгөрсөн хоёрдугаар сард төрийн дээд одон медаль болох “Алтан гадас” одонгоор энгэрийг тань мялааж, хөдөлмөрийг нь үнэлсэн юм билээ. Сайхан байсан уу?

 

-Тэгэлгүй яах вэ. “Энэ нэг эмэгтэй бусадтай адил хичээж, нийгмийн гэрэл болох гэж явна даа” гэдгийг олж харж, мэдэрч, миний хөдөлмөрийг үнэлсэн нь маш сайхан. Бусдыгаа бүүр ч их хайрлаж, илүү хичээх урам болж өгсөн дөө. Мөн үүнээс илүү өөрийнхөө бэлтгэсэн, дохионы хэл заасан олон шавь нартайгаа сургалт, сименарт таардаг. Тэд “Багш аа, таны ачаар ингэж явна шүү. Та миний амьдралыг өөрчилсөн хүн. Танд маш их баярлалаа” гэж хэлэхээр бүүр нисмээр санагддаг. Тэднийг үг хэлээгүй ч, ирж сэтгэлээ уудлаагүй ч, холоос харж, баяр жаргалтай, нийгмийн дунд амьдарч байгааг нь харах л сайхан байдаг. Миний амьдралдаа хичээсэн хичээл зүтгэлийн минь бодит үр дүн шүү дээ.

-Тантай олон хүн холбоо тогтоодог уу. Тэд ихэвчлэн юу хүсдэг вэ?

                  -Тийм ээ, миний хувийн фэйсбүүк чат дуудлага бол завгүй байдаг. Монгол орны өнцөг булан бүрээс л хүмүүс холбогдож, асуудлаа ярьж, шийдэл хайдаг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ЦЕГ-тай хамтарч, цагдаа нарт дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулсан. Энэ ажлын минь үр дүнд хүрч хөгжлийн бэрхшээлтэй олон хүн хүчирхийлд өртөж байгаагаа цагдаа нарт ойлгуулж, аюулгүй, тайван амьдрах боломж бололцоогоо хангуулж байна. Төр нэг ч иргэнээ нийгмийн гадна үлдээхгүй гэж хичээж, ажиллаж байгаа нь бахархууштай. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх ажил бишгүй бий.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Болдог сон бол Монголын бүх хүнд дохионы хэлийг үнэ төлбөргүй заагаад өгөх сөн. Яагаад гэвэл сонсголгүй иргэдийн эх хэл нь дохионы хэл. Тэд нийгмийн бүхий л хүнтэй саадгүй харилцаанд ормоор байгаа шүү дээ. Ядах нь төрийн бүх байгууллагын угтагч нарт дохионы хэл зааж өгөхийг хүсдэг. Угтагч л дохионы хэл мэддэг байвал хүн бүр өөртөө хайсан туламж, мэдээллээ авч чадна гэж бодож явдаг даа.

 


Б.САРАНЧИМЭГ: ХАНИЙНХАА, БУСДЫН ГҮҮР БАЙХ ГЭЖ ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-29 17:32:24
    Бадамцэцэг: сэтгэлтэй, зүтгэлтэй, сайхан сэтгэлтэй, тусч багш минь тандаа амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-05 15:40:24
    Рагчаа: Нүгэлтэй хорчин авгай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-05 15:27:13
    нямжавййн пүрэвцэрэн: сараа багшдаа баярлалаа ангййнхандаа мэнд дамжуулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-05 12:44:34
    зочин : нээрээ л дохионы хэлийг үйлчилгээний газруудад заамаар юм бна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-05 12:34:40
    Зочин: Ямар хөөрхөн бэ Сараа багшдаа баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188