• Өнөөдөр 2024-05-02

П.ДЭЛГЭРСАЙХАН: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад 1753 минут шумбасан

2021-12-29,   711

    Онцгой байдлын байгууллагынхан өчигдөр оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийсэн билээ. Тус хурлын үеэр онцгой гавьяа байгуулсан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Энэ үеэр Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 1753 минутыг шумбалтаар үүрэг гүйцэтгэсэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын сургагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайханыг 16 сая төгрөгөөр шагнасан билээ. Түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, цөөн хором ярилцлаа.

-Хийсэн гавьяа, бүтээсэн ажлаа үнэлүүлж мөнгөн шагнал хүртлээ. Шагналаа авч байхад ямар мэдрэмж төрсөн бэ?

   -Сэтгэл маш өндөр байна. 2021 онд хийсэн ажлаа хамт олон, удирдлагууддаа үнэлүүллээ. Шагналаа аваад зогсож байхад хамт олон минь баяр хүргэж байсан. Тэднийг хараад шилдэг залуусын дундаас шалгарч, шагнал авахдаа өөрөө бахархаж байлаа.

-Та Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон. Ямар үүрэг гүйцэтгэж ажилласан бэ?

    -Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг  татан гаргах аврах ажиллагааг зохион байгуулахад шумбалтын хоёрдугаар багийг ахалж, ажилласан. Манай баг 180 орчим цагийн шумбалтаар 70 гаруй удаагийн даалгавар гүйцэтгэсэн. Харин би 1753 гаруй минутын шумбалт хийж аврах, татан гаргах ажиллагаа хийсэн. Тийм учраас хөдөлмөрийг минь үнэлж, хамт олон минь 16 сая төгрөгөөр шагнасан байх гэж бодож байна.

-“Сүхбаатар” онгоцыг татан гаргахад тулгарсан саад бэрхшээлээс ярьж өгвөл?

    -Авран хамгаалах, татан гаргах ажилд хүндрэл, бэрхшээлтэй зүйл заавал гардаг. Бид удирдлагын түвшин ОБЕГ, Үндэсний аврах бригадын захирагчийн ахалсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан болохоор Сүхбаатар онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн. Аврагчид бие болон сэтгэл зүйгээ бэлэн байдалд хангасан учир учирч болох бэрхшээлийг даван туулсан. Гарсан хүндрэл бэрхшээлийг хамт олон багаараа ярилцаж, ойлголцож шийдсэн.

-Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” онгоцыг татан гаргахад хэдий хугацааг зарцуулсан бэ?

      -36 хоног онгоц татан гаргах үйл ажиллагаанд оролцсон. Түүнээс өмнө 14 хоног ОХУ-ын Эрхүү хотын Байнгын эрэн хайх, аврах ангийн хамт олонтой хамтарсан бэлтгэл сургуулилт хийсэн. Тус бэлтгэлийн үр дүн амжилттай биелсэн гэж бодож байна.

-Нийт хэдэн аврагч “Сүхбаатар” онгоцыг татан гаргахад оролцсон бэ?

      -16 шумбагч гурван багт хуваагдсан. Үндэсний аврах бригадын зүгээс найман шумбагч явсан.

-Авран хамгаалах, татан гаргах ажиллагаанд багийн ахлагчаар ажиллахад ямар байдаг вэ. Мэргэжлийнхээ талаар ярьж өгөөч?

        -Нэгдүгээрт, хамт олноороо маш их бахархаж байгаа. ОБЕГ-ын харьяа Хурандаа, Генерал Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригадад ажиллаж байна. Манай байгууллагын ажилчид Монгол орныхоо өнцөг булан бүрд төв орон нутгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдгээрээ бусад авран хамгаалах байгууллагуудаас онцлогтой. Баг ахалж ажиллаж байхад хүндрэл, бэрхшээлтэй, баярламаар үе зөндөө.

-Та өнгөрсөн хугацаанд хэчнээн хүний амь аварсан бэ?

       -Би Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 80 гаруй хүний амь, 100 гаруй айл өрхийг аюулаас хамгаалсан.

-Таны ажлын гараа хаанаас эхэлж байв. Таны удамд Онцгой байдлын газар ажилладаг хүн байв уу?

        -2004 онд Гамшгаас хамгаалах тусгай ангид  зарын дагуу холбогдож, шалгалт өгөөд орж байсан. Түүнээс хойш ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж байна. Манай нагац ах хуучнаар Иргэний хамгаалалтын 192 дугаар ангийн даргаар ажиллаж байгаад хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан.

-Гэр бүлийнхэн нь таныг шагнал авна гэдгийг мэдсэн үү?

     -Би тавуулаа амьдардаг. Эхнэр шагнал авна гэдгийг мэдсэн. Би гурав хоногийн өмнө Үндэсний аврах бригадын шилдэг аврагч болсон. Өнөөдөр хийсэн бүтээсэн ажил, авсан шагналаа бататгаж 16 сая төгрөгөөр шагнууллаа. Эхнэр маань надаас илүү баярлаж байгаа.

-Онцгой байдалд ажилдаг аврагчийн ар талыг дааж үлдэнэ гэдэг амаргүй. Та эхнэртээ хандаж юу хэлэх вэ?

     -Бидний гэртээ өнгөрүүлэх цаг хугацаа маш хомс. Ялангуяа хавар, намар, зун гэрт байдаггүй. Тийм учраас гэр бүлтэй болсон даруйд ар гэрийн асуудал хүндрэлтэй байдаг. Эхнэр маань сэтгэл санаагаар унах, ажил мэргэжил ойлгохгүй байх тохиолдол гарч байсан. Харин одоо санаа зовох зүйлгүй, миний арыг хариуцаж, хүүхдүүдийг минь сайн хүмүүжүүлж байгаа эхнэртээ баярлалаа.


П.ДЭЛГЭРСАЙХАН: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад 1753 минут шумбасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188