• Өнөөдөр 2024-05-02

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: Таван сарлагтай амьдралаа эхлүүлж байхдаа төрийн хайр хишгийг хүртэнэ гэж төсөөлөөгүй

2021-12-28,   1031

     Тэр 52 жилийн турш ган, зуд, цас шуурга, аадар бороо, аянга цахилгааныг үл ажран хэдэн малынхаа хойноос нойр, хоолгүй зүтгэж, амь шигээ хайрлаж явна. Ихтамир, Хөхнуурын оройгоор бэлчиж идээшдэг 1500 сарлагаа хурааж, байгалийн сайхныг биширч, морьтой гэлдэрч явах нь түүний хувьд дээдийн жаргал ажээ. Уулын оройгоор бэлчих 1500 сарлаг ч сүртэй нь аргагүй биз ээ. Харах төдийд л нүд дүүрч, сэтгэл баясмаар. Гэвч дөрвөн улирлын турш мал сүрэг  хариулж, өсгөж үржүүлнэ гэдэг хэн бүхний санаанд багтаж, чадах ажил биш ээ. Мянган мэргэжлийн эзэн малчин Ц.Доржсүрэн гуай Улаанбаатар хотод ганц, хоёрхон хоноод л дотор нь давчдаж, гэрээ санаж, сарлагтаа санаа нь зовж “Бушуухан л буцах минь” хэмээн яарч суугаа болов уу. Өчигдөр түүний малч ухаан, нөр их хөдөлмөр, гавьяаг нь төр засгаас үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ. Ц.Доржсүрэн баатрын ажил, амьдралынх нь талаар цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

-ТӨСӨӨЛШГҮЙ ИХ ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИУД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО-

     Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Эцэг, эхээс хоёулаа, айлын бага хүү. Ээжийнхээ 41, 42 насанд мэндэлсэн гэдэг. Түүний ах Гавьяат эмч. Ховорхон тохиолдол байгаа биз. Хүний хоёр хүү нэг нь гавьяат, нөгөөх нь Хөдөлмөрийн баатар болно гэдэг сайхан юм. Тэднээр үр хүүхэд, хань ижил, ах дүү хамаатан садангаараа бахархаж, нутаг орныхоо нэрийг гаргаж, бусдын хүндлэлийг хүлээх хувьтай улс юм. Ц.Доржсүрэн гуай дөрөвдүгээр анги төгссөн цагаасаа тасралтгүй мал маллаж, түүний ашиг шимийг хүртэж явна. Сургуулиас гарсан даруйдаа аавынхаа морийг аргамжиж, мал маллах их ухаанд суралцаж, хазаар, ногт, сур зэрэг эдлэл хэрэглэл, малтай яаж хэрхэн харьцах талаар ааваасаа сурсан гэдэг. Удалгүй малд нүдтэй болж, өөрийнхөө ч тэр бусдын малыг ч анддаггүй мэддэг болжээ. Түүнийг дөрөвдүгээр ангиа төгсөж, малчин болоход нь тэднийх нэгдлийн 30 толгой малтай байж. Удалгүй 16 нас хүрч албан ёсоор паспорт аваад малчин болсон гэдэг. Ц.Доржсүрэн тухайн үед “Малаа яаж алдалгүй хариулах вэ” гэж бодож байснаас “Хөдөлмөрийн баатар болно” гэж зүүдэлж ч явсангүй” гэнэ. Тэрбээр “Улсын сайн малчин, Хөдөлмөрийн баатар болно гэдэг ямар хэцүү гэж санана. Хэн бүхний санаанд багтах амар зүйл биш шүү дээ” хэмээн халаглаж сууна. Тэрбээр чин сэтгэлээсээ хичээж, төсөөлшгүй их хүч хөдөлмөрийн хариуд Хөдөлмөрийн баатар боллоо” гэв. Мал өсгөж, таргалуулахын тулд чадах бүхнээ хийж, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл 52 жилээ зүтгэж яваа малчин.

-17 МАЛТАЙ ГЭРИЙН ЭЗЭН БОЛЖ БАЙЛАА-

      Тэрбээр 1977 онд гэр бүл болж, зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэнэ. Тэднийх хоёр хүүгийнхтэйгээ айл, саахалт. Тэд анх гэр бүл болохдоо 17 малтай байсан гэнэ. Түүний тав нь сарлаг байжээ. Харин тэднийг таван сарлагийг 2000 хүртэл өсгөж чадсан хөдөлмөрч гэр бүл. Түүний ханийг  Дагийцэгмэд гэдэг. 2007 онд 100 тугал эндэгдэлгүй өсгөж, алтан тугалын эзэн болсон гавьяатай. Харин Ц.Доржсүрэн 2005 онд 5000 хонь, 400 үхрээр улсын сайн малчин болж, 2015 онд 1500 сарлаг тоолуулж, сарлагийн баяр хийж байжээ. Одоо ч 1500 сарлаг хариулж Хөдөлмөрийн баатар боллоо. Түүнд аваагүй шагнал, хийгээгүй ажил ч гэж үгүй.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр 30 орчим хүнийг малчин болгож, ажил амьдралыг нь дэмжиж, өөд нь татсан гэнэ. Малчид нь одоо амжиргааны малтай, гэр оронтой сайхан амьдарч байгаа аж. Тэрбээр хониороо улсын аварга болчихоод сарлаг өсгөх сонирхолтой болжээ. Тэрбээр сарлагийнхаа тухай ярихдаа “Сарлаг дандаа уулын оройд байдаг амьтан. Сэрүүн газар байлгавал нүд нь сэргэг, сайхан байдаг. Харин нам дор газар нүд нь өвдөж, төлийн бойжилт, хээл авалт нь муу байдаг юм. Харин төллөх цагт нь гаднаа хурааж төллүүлдэг. Манайх 300 орчим сарлаг сааж, төлийг нь бойжуулж, ашиг шимийг нь хүртдэг. Сарлаг мал ихтэй газар тогтохгүй, идээшилдэггүй. Өвөл арванхоёрдугаар сар хүртэл саадаг. Зуны цагт өдөрт 200 орчим литр сүү гардаг юм. Түүгээрээ цагаан идээгээ боловсруулж аарц, ааруул, айраг, өрөм зөөхий бүгдийг бэлддэг.Цас ихтэй, халтиргаатай үед уулын оройгоор явахад хэцүү. Малчин хүний ганц хардаг зүйл нь цаг агаар байдаг. Малаа цаг агаар харж байгаад нөмөр дулаан газар бараадуулдаг. Сарлаг үсэрхэг амьтан болохоор уруудах нь бага. Уулын оройгоор чанартай өвс ургадаг. Мөн эмийн ургамал их байдаг учир сарлаг сорчилж иддэг. Тиймээс тарга хүч сайн авдаг. Сарлагын мах сүү, аарц, өрөм сайхан байдаг учир нь идэж буй ургамалтай нь холбоотой” гэсэн юм. Мөн тэрбээр Ерөнхийлөгч намайг “Малаа сайн өсгөж, түүнийхээ үр шимийг түгээгээрэй” гэж хэлсэн. Хэлсэн үгэнд нь урам зориг орж, баярласан. Маргааш нутаг руугаа явна. Сум орон нутгийнхан баяр хүргэж холбогдсон. Намайг хүлээж авна” гэсэн. Гэр рүүгээ явахдаа аймаг, сумаараа орно” гэлээ.

 

 


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: Таван сарлагтай амьдралаа эхлүүлж байхдаа төрийн хайр хишгийг хүртэнэ гэж төсөөлөөгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 20:57:20
    Зочин: Н.Сувдаагийн дэргэд жогорхой
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188