• Өнөөдөр 2024-04-26

Ардын дуучин Б.Алтанжаргал: Би чинь өвөө, эмээгийн хүүхэд шүү дээ

2020-10-09,   2868

2012 онд “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож, сонсогчдын танил болсон цагаасаа хойш “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, өнөөг хүртэл амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин Б.Алтанжаргалтай ийнхүү ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-Коронавирусын улмаас дэлхий дахинд хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Харин энэ жил таны уран бүтээлийн хувьд ямар жил байв?
-2020 ондоо багтааж, өөрийн нэгэн уртын дууны цомог гаргая гээд эхлүүлсэн яваа. Бид өнгөрсөн найм, есөн сар хорио цээр гэхээсээ илүүтэй амралтын байдалтай өнгөрүүллээ. Энэ хугацаанд зүгээр суулгүй ардын богино хоёр дууныхаа клипийг хийлээ. Мөн хоёр ч шинэ дууны найруулгыг хийгээд амжсан. Одоо бол өмнөх богино ардын дуунаасаа илүү томоохон дуунууд мөн бэсрэг уртын дуу сонгож бүтээл туурвиж, мэргэжлийн талаас нь хандаж байгаа.

-Анх 2012 онд “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож байсан. Тухайн үеийн сэтгэгдэл болоод уран бүтээлийнхээ талаар?
-Ардын богино дуугаар бүтээл хийе гэж сэтгэл санаа шулуудаж явснаараа түүнийгээ хийсэн. Бүр хамгийн эхнээсээ л сонгосон дуу маань “Дүүриймаа” байсан. Эцэг өвгөд, эцэг эх, олны нийтэд хүрсэн бүтээлүүдийнх ихэнх нь л ардын дуу байдаг. Харин тэр болгон дуулагддаггүй, мартагдсан гэж болохуйц дуунуудыг голлоё гэж бодсон. Шинэ уран бүтээлч, мартагдсан дуутай хамт гарч ирнэ гэдэг бол маш их цаг хугацаа зарсан ажил байсан.

Тухайн дуугаа ойлгуулж хүргэнэ гэдэг их цаг хугацаа шүү дээ. Тодорхой цаг хугацаандаа ч тэр бүр дуулагдаад байдаггүй дууг сонгож дуулсан. Дууны домог түүхийн хувьд баруун сүмбэр, зүүн сүмбэр гэж гардаг. Зүүн сүмбэрийг Чойрын Богд хайрхан гэж үзвэл баруун сүмбэр нь Батсүмбэр хайрхан юм байна. Харин хоёр сүмбэрийн дунд тухайн дууны түүх өрнөж байна гэж бодоод нутгийн дуунаас эхэлсэн санаа юм уу даа. Би чинь Төв аймгийн хүн шүү дээ.


-Мартагдах дөхсөн үндэсний урлагийн асар их баялаг сангаа шинэ уран бүтээлчийн хувьд нээж орж байжээ. Энэ талаараа яривал?
-Их айдастай шүү дээ. Дуулалт, өнгө, хөг эгшгийг нь алдах вий, буруу дуулах вий гэсэн айдастай. Өөр бусад дуучны дуулсныг харьцуулж сонсдог байсан. Одоо ч тэгсээр байгаа. Тэрхүү харьцуулсан дүгнэлтээсээ хүний юмыг олох биш, өөрийгөө олж гаргана гэдэг хамгийн чухал нь байсан. Сонссон, ая ч сурсан. Гэхдээ тэр дундаас өөрийн сэтгэлийн өгүүлэмжийг олоход цаг хугацааг алдсан.

-Б.Алтанжаргал гэх хувь хүнийхээ талаас хэн гэж боддог вэ?
-Би өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй. Түүнийхээ дагуу, зорьсон зорилгынхоо төлөө  шугамаа алдахгүйг хичээж яваа жирийн л нэг залуу уран бүтээлч хүн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань  нягтлан бодогч мэргэжилтэй. Миний эхнэр дуулахаас бусад цагт миний бүхий л зүйл дээр хамгийн сайн зөвлөгч. Харин охин маань одоо хоёрдугаар ангийн сурагч. Багаасаа ардын дууг сонсож, сурч байгаа. 

Ер нь тэгээд хувийн амьдрал, уран бүтээлд ч байсан санхүүгийн бэрхшээл гэдэг ямагт тулгардаг. Харин тиймэрхүү үеүдэд эрчээ алдаж, таслахгүй байхыг хичээж явна. 
Ардын өв сан гэдэг чинь шавхагдашгүй том далай шүү дээ. Харин түүнээс халбагадахыг хичээж яваа ч түүнийг таньж, дуусгаж чадалгүй насыг барах байх.

-СУИС-ийн уртын дуучны ангийг төгссөн. Тухайн үедээ эксковаторчны ажил хийдэг байсан. Ажил мэргэжлийнхээ талаар яривал?
- СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр Монгол Улсын Гавьяат багш Ц.Дэлгэр багшийнхаа удирдлага дор төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш олон төрлийн ажил хийж явсан. Төгссөн жилээ морины циркийн жүжигчин болж хоёр жил ажилласан.  Багануурт амьдардаг ээжийн минь бие тааруухан байснаар ээжийгээ, ах дүү нараа бараадаж, Багануурт суурьшихаар шийдэж очсон. Тухайн үед уран бүтээл хийх гэхээсээ илүү тогтмол цалинтай ажил хийж ээжийнхээ эмчилгээнд дэм болъё л гэсэн бодолтой байсан. 

Тэгээд 2008 онд Багануур ХК-д ажилд орсон. Анх үүдний жижүүрээр ажилд орсон. Удалгүй жолооч болсон, тэгээд л эксковаторын туслах машинч болсон. Ингэж явсаар би гэдэг хүн Багануур ХК-д арван жил ажилласан.  Өнгөрсөн жил л ажлаасаа гарсан. Ер нь бол уул уурхай чинь эрчүүд зонхилон ажиллаж байдаг салбар шүү дээ. Хамт олон уурхайчдынхаа хамтаар  нийслэл хотынхоо халуун, дулааныг алдуулахгүйг хичээж, өндөр хариуцлагатай ажилладаг байлаа. Улаанбаатар хотыг дулаан байлгах гэж арван жил хөдөлмөрлөсөн дөө/инээв/. Уурхайчин байснаараа үнэхээр их бахархдаг.

-Багадаа хурдан морины унаач хүү байсан гэдэг?
-Анх зургаан настайдаа хурдны морь унаж сурсан юм. Тэр үеэсээ л наймдугаар анги хүртлээ, арван жил хурдны морь унасан. Ерөөсөө өсөөгүй /инээв/. Түрүү магнай авахдаа авч, баян ходоод болохдоо болж, зарлуулж “Айдасын даваа”, “Алдар толгой”-г олон жил тойрсон доо. Мэдээ орсон цагаасаа хойш өвөө, эмээ дээрээ өссөн. Миний өвөө Монгол Улсын алдарт уяач Гомбын Батжаргал гэж хүн байсан. Эмээ, өвөө хоёроосоо л мал маллах арга ухааныг сурч байлаа. Би чинь өвөө, эмээгийн хүүхэд шүү дээ.

-Өнгөрсөн жил орчин үеийн урлагийг үндэсний хөгжимтэй хослуулсан тоглолтод хамтарч оролцсон. Тухайн тоглолтын талаар?
-Найруулагч Н.Наранбаатар ахын бичиж, найруулсан тэр зохиолыг баяр наадмын үеэр тоглосон. Тэрхүү тоглолтод би дүр гүйцэтгэгчийн үүрэгтэй байсан юм. Балет дээр суурилж, гол дүрээ болгоод, дуучдаа туслах дүр хэлбэрээр үзүүлж, бүжгийн хэлбэрийг дуугаар илэрхийлсэн. Үйл явдал дунд ардын дууны зохиолоос шингээж, тодорхой цаг хугацааг нь гаргаж өгсөн. Дэлхий тэр том сонгодог бүжиг дээр ардын урлагийг нэмснээр бусдаасаа илүү шинэлэг, өмнө нь байгаагүй зүйл болсон нь их сайхан санагдсан. Миний хувьд үүнийг цааш нь үргэлжлүүлээсэй л гэж бодож байгаа.

-Та өөрийгөө хуучинсаг нэгэн гэж боддог уу, шинэ үеийн нэг хэсэг гэж боддог уу?
-Аль аль нь гэж боддог. Хуучнаа баримталж, шинэ рүүгээ ч тэмүүлдэг. Өнөө үед дан хуучнаараа байгаад байж болохгүй. Гэхдээ би “Z generation” гэдэг энэ залуу үеийг ойлгохыг хичээдэг. Тэр залуусын чөлөөт сэтгэлгээ, стайлтай зарим талаараа хөл нийлүүлмээр л байна шүү дээ /инээв/. Гэсэн ч хуучнаа гээлгүй, шинийг ч зориод, болдог бол тэр хоёрыг хослуулж авч явмаар байна. Тийм ч учраас ардын урлагаа түүчээлж явсан. Харин одоо мэргэжлийн гэдэг нэр авахаар дагаад өндөр үүрэг хариуцлагатай болсон.

-Ардын дуу, уртын дуунд агуулагддаг гэх гүн ухааны тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Заримдаа бид өөрсдөө ч ойлгодоггүй. Сандуйтай мод дуунаас жишээлбэл:
“Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэг ээ хө 
Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг ээ хө хө 
Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ 
Санаж явсан миний биений зүрхний минь чимэг ээ хө хө”
гэх дууны бадаг байдаг. Ерөөсөө үүний хэлж байгаа санаа нь эх дэлхийгээ хайрлаарай, байгальтайгаа зүй зохистой харьцаарай, залуу явахдаа эрдэм, ном сур, тэр нь өөрт болоод үр хүүхдэд нь насны чимэг, маш хэрэгтэй үнэтэй зүйл болно, саруул ухаанаар биеэ чим гэж хүргэж байгааг нь сургаал гэж ойлгож болно. Үнэн хэрэгтээ энэ чинь л философи, гүн ухаан шүү дээ. Харин үүнийгээ л үеийн үед захиж, хэлж байгаа хэрэг л дээ. Зарим уртын дуу гэвэл бидний ч сайн ойлгохгүй шүлэгтэй байдаг. Тэр болгоныг ахмад үеийнхнээсээ суралцаж, зааж чиглүүлүүлж явна даа. 

-Сүүлийн үед таныг өөрийн ардын дуу, уртын дуунаасаа хазайж, өөр урсгалаар бүтээл хийх боллоо гэж шүүмжлэх сонсогчид ихсэж байх шиг. Энэ талаар?
-Уран бүтээлч олон төрлөөр бүтээл туурвивал зүгээр юм болов уу гэж боддог. Дуучин хүн өөрийн сурсан, мэргэжил чиглэлээ сонгож уран бүтээл, дуу хийх ёстой гэдэг. Гэхдээ дуучин л юм хойно аль аль тал руугаа шинийг эрэлхийлж, өөрийгөө сорьж л байхгүй бол болохгүй ажил. Үүн дээр нэг их эмзэглээд л, буруу юм хийчихлээ гэж бодсон юм байхгүй.

Хүн юмыг хийж байж л туршлага сууж, олж мэднэ. Country стилийн нэг цомогт хамтарч ажилласан. Миний бодлоор уг цомог нь Ази тивдээ шинэлэг болно гэж бодож байгаа. Одоо үүнийгээ олон нийтэд цацаж, толилуулна гэдэг цаг хугацааны асуудал болоод байна. Нөгөө талаасаа коронавирусын улмаас дэлхий даяараа хөл хоригдсон. Үүнээс болж сонсогчид тайзны тоглолт үзэхээс илүүтэй дэлгэцээр үзэж сурч байна. Гэхдээ энэ нь нэг талаасаа зөв боловч, орчинд нь орж гоо сайхныг мэдрэх, хүлээж авах талаас дутагдалтай байна шүү дээ. Бид сошиалаар ихэнхдээ харанхуй, сөрөг зүйлсийг таньж, мэдэж байна.

Илүү гэгээлэг, гэрэл гэгээтэй зүйл хийе гэж бодсон таван уран бүтээлч нийлээд энэ чиглэлийнхээ дагуу 20/20 цуврал контентэд хамтарч нийгмийг зөв зүйлд уриалах, зөв хандлага бий болгохын төлөө “Өөрөө өөртөө эзэн байх” уриатайгаар ажиллаж байгаа. Ахас дээдэстээ мэндийн зөрүүтэй явъя, ёс зүйг эрхэмлэдэг, баяртай, баярлалаа гэх үгсийг хэлж хэвшье. Бидэнд “Юу байна” гэдэг мэндчилгээ байхгүй шүү дээ. Энэ үгийг халъя гэх мэт уриатай л яваад байгаа. Гэр бүл цаашлаад хайр сэтгэл зэргээс эхлээд нийгэм дэх хүнд гэгдэх асуудлуудыг онцлох юм.

Хэрхэн бусдадаа дуу хоолойгоо хүргэж, үүнийг зөөллөж, зөв талаас нь харуулах талаас л ажиллаж байна. Гэхдээ энэ ямар нэгэн бизнес биш шүү. Зөвхөн бидний хариуцлагын талаас хийх ёстой ажил. Бид үүнийг хийгээд явахад, хэн нь ч туслаагүй хэр нь “Уран бүтээлээсээ гажаад явчихлаа”, “Болсон болоогүй юм хийгээд гүйгээд байна” гэж байна л даа. Гэхдээ “Биднийг сонсдог л юм бол ойлгох ёстой”. Ийм учиртай юм байна гэж ойлгохоос гадна, ядаж дууны үгийг хараад харах өнцгөө зөв болгомоор байна.

-Та дууг дуу гэж бодож дуулдаг дуучин уу, амьдралынхаа нэг хэсэг болгосон уран бүтээлч үү. Дуучин уу, уран бүтээлч үү?
-Би бол уран бүтээлч. Ямар ч дууг сэтгэл дотроо үлдээж, өөрийн дотоод ертөнцдөө кино болгож чаддаг. Тухайн дууны шүлэг дээрх цаг хугацааг өөрийн амьдралд буулгаж, дүрсэлж чаддаг. Түүнээс биш ноот хараад “Энэ ноотыг дуулчих юм сан” гэдэг нь өөрөө хүнд хүрэх үү, үгүй юү гэх сэтгэлгээний талаас сул дорой шүү дээ.

-“Монгол хүн байх” тал дээрх таны бодол?
-Бид гэрээсээ гараад явахдаа энэ байгалиа, төрсөн нутгаа эрхэмлэдэг, хайрладаг. Тэр мэдрэхүйгээ үр хойчдоо өвлүүлэх хэрэгтэй. Хүн байх талаас ярих бол голцуу эр хүн талыг л харж ярих гээд байдаг юм. Хүн байх талаас 20/20 контентоор “Монголоороо байгаасай” дууг дуулж хүргэсэн. Үүнийг монгол хүн бүрд сонсгохыг хүссэн. Босоо бичгийн асуудал гэнэ, аав нь охиноо зодоод хөнөөжээ гэх мэт аймшигтай зүйлс болоод байна. Энэ бүх зүйл дээр “Гэр бүлийн хоёр ханилаад суусан бол тэр хүүхдийг битгий нөгөө ертөнцөд байлгаач ээ” гэдэг санааг өгөх гээд явж байгаа.

-ӨМӨЗО-нд болж буй тэмцлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол хэл бичиг бол дэлхийн соёлын өвд монголчуудын оруулсан үнэлж баршгүй том хувь нэмэр. 
Хятад Улс чинь том гүрэн шүү дээ. Тэр том гүрэнд маш олон үндэстэн, ястан байгаа. Их гүрэнд цөөн тоогоор оршдог үндэстнээ хүндэлдэг, бичиг, өв соёлыг нь дээдэлдэг байгаасай гэж боддог. Бид хөрөнгө мөнгөний цаг үед очвол “Өв соёлоо алдах юм байна” гэдгийг ойлгож авсан. Гэхдээ Хятад Улс тэрхүү үндэсний бичиг соёлыг маань халж, салгахгүй байх л гэж бодож байгаа.

-Уурхай дээр ажиллаж эхлэхдээ тэгээс эхэлсэн гэж дурдсан. Харин тэгээс эхэлсэн уран бүтээлийн тань одоо цаг?
-Амжилттай явж байгаа ч өөрийгөө нэг их мундаг болсон гэж боддоггүй. Багаас аав, ээж, эмээ, өвөө нараас маань надад өгсөн хүмүүжил бий. Ямар нэгэн байдлаар үргэлж санаа зовж байдаг. Нэг жилд цомог гаргая, клип хийе гэж бодсон бол түүнийхээ л төлөө явдаг. Тэгж явсаар хэдэн уран бүтээл хийж гүйцээсэн ч нэг өндөрлөөд байх юм үгүй. Гэхдээ манай үеийнхэн ардын дуу, уртын дууг ойлгож, сонсож байгаа нь сайхан санагддаг. Цаашлаад бид европ соёлыг тахин шүтэх, гаднын стиль имижээр биш үндэсний хувцсаа өмсөж, үндэсний өв соёлоор гоёосой, гангараасай гэж хүсдэг. Тийм учраас өөрөөсөө эхлээд өөрчлөлт хийхийг хичээж байгаа.

-Таны цаашдын уран бүтээл болоод төлөвлөгөөг сонирхвол?
-Энэ ондоо багтаах зорилтот ажил олон бий. Монгол ардын богино дуу “Жингийн цуваа”,“Гоолингоо” мөн “Аригун” гэх гүнжийн тухай олдвор дуу дуулсандаа клип хийх зэрэг төлөвлөлт ажлуудаа хийнэ. Энэ жил клип тал руугаа чиглэж байх шиг. Өнгөрсөн найман сар бүтээлүүдээ хийсэн. Одоо клипнүүдээ хийнэ. Тоглолтын саналууд бол бий. Аль тоглолтонд оролцох вэ, эсвэл бие даасан байх уу зэргийг продюсертэйгээ ярилцаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын өндөр амжилт хүсье.

Ардын дуучин Б.Алтанжаргал: Би чинь өвөө, эмээгийн хүүхэд шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-09 11:19:00
    г: ухаалаг залуу байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188