• Өнөөдөр 2024-05-02

УЛСЫН ХОЁР УДААГИЙН АВАРГА АДУУЧИН А.АЛТАНШАГАЙ: Хөхүүрийн цэнхэр талдаа дуу аялаад давхих ч сайхан шүү дээ

2021-12-17,   1870

    Түүнийг уургач хурднаа унаад гарахад нь морь, эр хоёрын хийморь сэргэж, хүүхнүүдийн царайнд бахдал, инээмсэглэл тодорч, “Аргагүй адуучин юм аа” хэмээн шагширдаг болоод удаж байна.  Бороо морины ганган толгойд уурганыхаа хуйвыг алдаж үзээгүй, хулсан ташуур, сунайсан уурга, суран хуйвыг ардаа үлдээдэггүй, булгиа хүрний зооноос газардаж биш, газардуулж үзсэн түүнийг Амбаадагдангийн Алтаншагай гэдэг. Түүнийг адуунд эртэй, бяртай, эвтэй, эетэй адуучин гэдгийг  сүрэг адууны талыг бөмбөрдсөн давхиа, үзэгчдийн догдлол, хүлээлтээс мэдэрч болно. Тэрбээр улсын хоёр удаагийн аварга адуучин билээ. Тэр том биетэй, хүчтэй чадалтайдаа морь уургалж, гуд татаж унагаагаад байдаггүй л болов уу. Харин энэ тухайгаа ярихдаа”Морь уургална гэдэг санааны зоргоор хийдэг ажил биш. Морины дөрвөн хөл агаарт байхад нь татвал морь ойчдог. Гэхдээ тэр эгзэгийг тааруулна гэдэг амаргүй. Гярхай чанар, нүдний хараа чухал байдаг юм даа” хэмээн омогшиж, бахархал дүүрэн ярих нь тэр ээ. Ийнхүү олноо алдартай аварга адуучин А.Алтаншагай хөхүүрийн цэнхэр талдаа уурга суналзуулж, морин дэл дээр салхи татуулан сэнгэнэтэл исгэрч давхихдаа адуу, адуучин аав хоёроороо бахархаж, унаж яваа мориныхоо алхаа, шогшоо, хатираа, цогоо, давхианых нь аясаар уярч л явдаг биз ээ. Адуучин заяаг ааваасаа өвлөж, адуун сүргийнхээ захад хийморьлог давхиж яваа түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

     -Сайн байна уу. Намайг Амбаадагдангийн Алтаншагай гэдэг. Хоёрдугаар ангиасаа сургуулиас гарч, адуучин болохоор шийдсэн. Тэгээд цэргээс халагдаж ирээд 2009 онд гэрийн эзэн болж, Хэнтий аймгийн Батноров сумандаа адуу, малаа хариулаад сайхан амьдарч байна. 

-“Талын түмэн адуу” арга хэмжээнд алгасалгүй оролцдог уу. Энэ жилийн арга хэмжээ юугаараа онцлог болсон бэ?
     -Зохион байгуулах бүрд оролцдог. Мөн өөрийн адуугаа ч арга хэмжээнд оролцуулдаг. Мал сүргээ алдаршуулах, уламжлалт соёл, нүүдэлчин ахуйгаа олон улсын жуулчдад таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээнийг санаачлан, зохион байгуулдаг хүн бүрд баярладаг. Залуу адуучдын ур чадвар өсч, монгол орны өнцөг булан бүрт болдог тэмцээнүүдэд Батноров сумын адуучин залуус тогтмол амжилт гаргаж оролцдог. Энэ жил адуучны хоёр тэмцээнд оролцсон. Нэгэнд нь түрүүлж, нөгөөд нь тусгай байрт шалгарсан.

-Адуу уургалах, эмнэг булгиулахад эв дүй их шаарддаг байх. Энэ тухай яриач?

    -Гарынхаа шуунд хүчтэй байлаа гээд морь уургалж, гуд татаад унагаад байхгүй л дээ. Хурд, нүдний хараа их хэрэгтэй байдаг. Давхил дундаа дөрвөн хөл нь агаарт байхад нь татвал морь ойчдог. Гэхдээ тэрхүү эгзэгийг тааруулна гэдэг хэцүү. Мөн эмнэг сургахад морь аль тийшээ зайлж булгиж байна зэргийг тооцоолохоос эхлээд эр хүнээс нарийн ухаан шаарддаг. Адуутай их зөөлөн, эвтэй харьцах чухал гэж боддог. Гэхдээ хүн бүрийн онцлог, арга барил өөр байдаг байх. 

-Анх “Адуучин” тэмцээнд оролцоход ямар санагдсан бэ?

   -Надад түрүүлнэ гэсэн итгэл байгаагүй. Ямартай ч Батноров сумынхаа нэрийг гаргачих юм сан гэсэн бодол байсан. Гэхдээ алдахаас огт айгаагүй, сандралгүй тайван байх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. "Адуучин" тэмцээн сүүлчийн үед түгээмэл болж байна. Намайг хүүхэд байхад адуучны тэмцээн болдоггүй байсан.

-Аав нь адуунд гарамгай хүн байв уу. Танд адуу уургалах, булгианд тогтохыг зааж байсан уу?

    -Аав минь адуучин байгаагүй бол малд зүстэй, моринд эрэмгий хүн болж төлөвшихгүй байсан даа. Аав минь Хэнтий аймгийн Биндэр сумын алдарт уяач С.Амбаадагдан гэж хүн байсан. Нэгдлийн үед 1000 гаруй адуу хариулж байсан юм билээ. Би гурван настайгаасаа аавыгаа дагаж адуунд явдаг, хурдны морины унаач хүүхэд байлаа. Хүн багаасаа аливаа  зүйлд зүрх сэтгэлээ зориулж явахаар түүндээ дуртай болдог. Би ч жаахан байхаасаа л адуутай ойр өссөн учраас адуунд нүдтэй, эртэй болсон гэж боддог. Аав надад адуутай харьцах, зөв таних, шинжих талаар ярьдаг байсан. Тиймээс адуутай харьцах соёлын талаар ойлгож, морь уургалж, булгианд гайгүй тогтож, ташуур шүүрч сурсан даа. 

-Багадаа хурдны морь унаж байсан юм байна. Гаргасан амжилтаасаа дурдвал?

    -Сумандаа 20 гаруй айраг, түрүү авч байсан. Мөн бүсийн уралдаан, аймагт уралдаж айрагдаж байлаа. Тухайн үед мориноосоо унаж, бэртэхээрээ ааваасаа айдаг байсан. Мөн мориндоо санаа зовдог байлаа.

-Та сумын алдарт уяач цолтой шүү дээ. Хурдан морийг хэрхэн шинжиж уралдуулдаг вэ?

   -Эхлээд адууг айж, цочиж байна уу гэдгийг мэдрэх хэрэгтэй. Адуунд хайртай, адуутайгаа ойр байдаг эр хүн бүр морь уядаг. 2013 онд сумын алдарт уяач болсон. Наадамч олныхоо дунд суугаад уясан морио хүлээн сэтгэл догдлох мөч сайхан байдаг. Адуунд хайртай болж өссөн минь эр хүн болж төрсний утга учир гэж  боддог. Адуу шинжих нь уяач, адуучин бүрийн нууц байдаг учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна.

-Та уралдааны морьдоо адуунаасаа шилж, уядаг уу?

    -Тийм ээ, унаган өөрийн адуунаасаа шилж, шинжиж уядаг. 

-Та адуучин болсноороо бахархдаг байх. Адуугаа хураахаар давхих мэдрэмжээсээ хуваалцаач?
     -Тийм ээ. Хөхүүрийн цэнхэр талдаа дуу аялаад адуундаа мордох сайхан шүү дээ. Би дуртай зүйлээ хийгээд, морио унаж яваа болохоор сэтгэлд их таатай сайхан байдаг даа. Олон сайхан хурдан хүлэг, наадамд унадаг ганган хийцтэй морьдгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Өглөөний сэрүүнд морин дэлэн дээр давхихад эх орныхоо уудмыг биширч, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.

-Та суран эдлэлээр гоёлын хазаар, ногт, чөдөр хийдэг үү?

    -Нарийн сүлжсэн тансаг эд хийхгүй. Харин өөрийнхөө ойр зуур эдэлж хэрэглэх чөдөр, ногтыг бэлддэг. 

-Тэмцээний үеэр адуучдаас сурах, мэдэх зүйл гардаг байх?

    -Тийм ээ. Хэн ямар юм үед алдаа гаргаж байна. Яаж уургалж байна гэдгийг сайн хардаг. Гэхдээ залуус бид төлөв. даруухан байх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. Жаахан онгирчихоороо буруудах гээд байдаг.

-Та нутгийнхаа талаар ярьж өгөөч. Адууны өлгий гэж сонссон?

    -Тийм ээ. Эртнээс алдартай сайхан нутаг шүү дээ. Аргагүй л адууны өлгий, голомт нь шүү дээ. Тийм учраас манай нутгийн адуу, адуучин хоёр нь сайн байдаг гэж боддог. Би нутгаараа их бахархдаг. 

 


УЛСЫН ХОЁР УДААГИЙН АВАРГА АДУУЧИН А.АЛТАНШАГАЙ: Хөхүүрийн цэнхэр талдаа дуу аялаад давхих ч сайхан шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-28 22:41:03
    Chimeddorj Batbayar: angiin anddaa ulam ih amjilt hvseyaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188