• Өнөөдөр 2024-04-27

ГАВЬЯАТ БАГШ Г.ЦЭДЭНДАМБА: Эх хэлээ аав, ээж шигээ хайрлах хэрэгтэй

    Хэдхэн хоногийн өмнө Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд улсынхаа боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багш, ажилчдад төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр шар торгон дээлтэй, шавилхан биетэй буурай гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсаар гарч ирэх нь олны дундаас содон.

     Тэр бол Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Г.Цэдэндамба. Хоймор нутаг төдийгүй улсдаа эх хэл, бичгийн “элч” болсон түүнийг эх хэлнийхэн андахгүй. Мөнгөн аяга, алд цэнхэр хадаг барьсан өөрөөс нь өндөр шавь нар нь түүнийг угтаж, Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнагдсан багшдаа үнсүүлэн, зургаа татуулж зогсоно. Өдгөөгөөс гучин жилийн өмнө багш хэмээх хүндэт мэргэжлийг сонгохдоо тэр энэ л өдөрт хүрэх гэж л эхэлсэн мэт.

    Г.Цэдэндамба багш амьдралынхаа тэн хагасыг түмний хүүхдийг сургах үйлсэд зориулжээ. Тэр дундаа Хөвсгөл аймагт эх хэл бичгийн шандсыг суулгаж, эх хэлээ түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан нэгэн. Тэрбээр “1978 оноос боловсролын салбарт өөрийн амьдралын түүхийг бичиж эхэлснээс хойш өдгөө олон шавьтай болтлоо зүтгэснийг минь төр үнэлж, энэ сайхан цол тэмдгээр шагналаа. Энэ хугацаанд хамт ажиллаж байсан багш болон шавь нар цөм нүдээ олсон шагнал хэмээн баяр хүргэж, олон сайхан шавиараа хүрээлүүлсэн сайхан өдөр байна” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Т.ДАШЦЭДЭН БАГШИЙНХАА ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА-

 -Анх залуухан багш болж байсан үеэс тань яриагаа эхэлье?

  -Монгол Улсын Их сургуулийг 1978 онд Монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар төгсөөд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинэ залуу багшаар очиж байсан минь саяхан мэт санагдаж байна.

   Анхны ажлын гараагаа сум орноосоо эхлээд, 1990 онд хотод ирж, Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэдэх монгол бичиг сургалтын төвд бүх шатны монгол бичгийн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ингэж л эх хэлний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зам нээгдсэн. Мэдээж залуу, шинэ төгссөн багшийн хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл их бий. Гэсэн ч алтан үеийн ахмад багш нарынхаа үгийг сонсож, тэднээсээ суралцдаг байсан. Тэд бол бидний амьд нэвтэрхий толь, ухааны чиглүүлэгч байлаа шүү дээ.

-Монгол бичгийн сургалтын төвд ажиллаж байхад хэн гэдэг багш та бүхэнд зааж байсан бэ. Багш таныг төрүүлсэн багшийн гавьяа их байх?

   -Манай сургалтын төвийн зөвлөх багшаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, Т.Дашцэдэн багш маань ажиллаж байсан. Багш бидэнд зааж сургахаас гадна “Төрөлх нутагтаа эх хэл бичгээ сайхан хөгжүүлээрэй” гэсэн даалгавар өгсөн. Энэ ч утгаар би багшийнхаа захисныг биелүүлэхийн төлөө хичээхийн хажуугаар нутагтаа эх хэл бичгээ үргэлжлүүлэн заах гарын гурван шавь бэлтгэсэн. Тэд маань Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын монгол хэлний аргазүйчээр сүүлийн 20 жилд дараалан ажилласан. Одоо хамгийн сүүлд н.Оюунтунгалаг шавь маань эх хэлнийхээ сургалтыг үргэлжлүүлэн нутаг орондоо ажиллаж байна. Багшийн хувьд шавийгаа дэргэдээс нь харж, бахархдаг. Багш хүнд  шавиараа бахархах шиг сайхан зүйл байхгүй. Тэгээд би шавь нараараа дамжуулж Хөдөлмөрийн баатар, гавьяат багшийнхаа захисныг биелүүлэхийн төлөө зүтгэж ажилласан гэж бодон, сэтгэл дүүрэн сууна. Эрдэм ном заасан багшийнхаа даалгаврыг биелүүлж, хэлсэндээ хүрнэ гэдэг өдий өндөр нас гарсан надад том гавьяа шүү дээ.

Би шавь нараараа дамжуулж Хөдөлмөрийн баатар, гавьяат багшийнхаа захисныг биелүүлэхийн төлөө зүтгэж ажилласан гэж бодон, сэтгэл дүүрэн сууна. Эрдэм ном заасан багшийнхаа даалгаврыг биелүүлж, хэлсэндээ хүрнэ гэдэг өдий өндөр нас гарсан надад том гавьяа шүү дээ.

-Сайн багшаас сайн шавь төрдөг гэдэг. Өдгөө таны шавь нараас багш болсон хүн их байх?

  -Тэгэлгүй яах вэ. Миний бэлтгэсэн шавь нар Монгол Улсын Боловсролын Их Сургуульд, Монгол Улсын Их сургуульд жил бүр  шавь нараа 100 хувийн тэтгэлэгтэйгээр ордог. Шавь нар маань цөм өөрсдийн эзэмшсэн мэргэжлээр салбар салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Үүнээс өөрийн мэргэжлээр гарын 100 гаруй шавь бий. Тэд маань төрөлх нутагтаа төдийгүй улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, эх хэлний соёл боловсролын үрийг тарьж байна.

-МАНАЙ АЙМГИЙН ХЭЛ БИЧГИЙН СУРГАЛТ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АЙРГИЙН ТАВД ЯВАА-

-Хөвсгөл бол монгол хэл, бичгийн улсын олимпиад, тэмцээнд их амжилттай оролцдог, тэргүүлэгч аймгийн нэг шүү дээ?

   -Тийм ээ. Манай аймгийн монгол хэл, бичгийн сургалт сүүлийн жилүүдэд айргийн тавд яваа. Ажиллаж байх цаг хугацаандаа эх хэл бичгээрээ тэргүүний аймаг болгохын төлөө өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн минь талаар бололгүй одоо ч үргэлжилж байгаад баяртай байдаг. Хүн эх хэлээ ээж, аав шигээ хайрлах ёстой. Монгол хэл, бичгээ төгс сайхан эзэмшсэн хүн хаана ч нүүр бардам сайхан. Үүнийг төгс сайхан эзэмшүүлэхийн тулд сайн багш байх хэрэгтэй.

-Шүлэг цээжлэх, юм уншихдаа хүүхдүүд жаахан хойрго байгаа ажиглагддаг. Энэ ч утгаар монгол хэл, бичгийн хичээлд хүүхдүүдийг дуртай болгоход юуг анхаарах хэрэгтэй бол?

   -Эхлээд авьяасыг нь олж харан, түүнд нь тулгуурлан сайн өдөөж өгөх хэрэгтэй. Ерөөсөө сайн сэдэлжүүлж татан оролцуулж, эх хэлний хичээлийг хүүхдийн зүрх, тархинд буулгах хэрэгтэй. Ингэхийн тулд багш өөрийгөө сайн хөгжүүлж, ном сайн уншиж, заах гэж байгаа хичээлээ сайн бэлдэх  хэрэгтэй. Бүр төсөөлж, өөртэйгээ ярьж, бодож, боловсруулж бэлдэх хэрэгтэй. Монгол хэл бол ганц зөв бичих дүрмийн тухай хичээл биш. Түүх, соёл гээд бүх л салбарын шинжлэх ухаантай уялдаа холбоотой. Тэгэхээр бүх талын мэдлэг мэдээлэлтэй байж, заах гэж байгаа хичээлээ өөрийн болгон эзэмших хэрэгтэй.

-Өдгөө та тэтгэвэртэй гарсан ч залуу багш болон шавь нартаа зааж, зөвлөж суугаа болов уу?

   -Тийм ээ. Гэрээр цөөн тооны хүүхдүүдийг олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байна. Энэ жил гэхэд дөрвөн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн, дөрвүүлээ тэтгэлэгтэйгээр сургуульд орлоо.

Хүн эх хэлээ ээж, аав шигээ хайрлах ёстой. Монгол хэл, бичгээ төгс сайхан эзэмшсэн хүн хаана ч нүүр бардам сайхан. Үүнийг төгс сайхан эзэмшүүлэхийн тулд сайн багш байх хэрэгтэй.


ГАВЬЯАТ БАГШ Г.ЦЭДЭНДАМБА: Эх хэлээ аав, ээж шигээ хайрлах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188