• Өнөөдөр 2024-05-09

Математикийн олимпиадын аварга О.Мишээл: Бодлогоо хэт хурдан, эсвэл хэт удаан бодохоороо айдаг

Олон улсын математикийн олимпиад IMO-аас Монгол Улсын дөрөв дэх алтан медалийг хүртсэн “Шинэ Монгол” сургуулийн XII ангийн сурагч Отгонбаярын Мишээлийг “Гэрэлт ирээдүй” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр хоёрхон хоногийн өмнө нь тэмцээндээ оролцож, алтан медалийн эзэн болсон билээ.  

-Халуун баяр хүргэе. Хүүхэд бүр олон улсын математикийн тэмцээнээс алтан медаль хүртэж чадахгүй учир монголчууд чамаар бахархаж байна. Математикаар хэдэн жил хичээллэж байгаа вэ? 
-Нэгдүгээр ангиасаа эхлээд л математикийн хичээлээ сонирхож, түлхүү хичээллэх болсон. Намайг бага байхад аав минь “Аливаа зүйлийн суурийг ойлгох гэж оролдож бай. Яагаад ийм байгаа гэдгийг бодож, өөрөөсөө асууж бай” гэж захидаг байлаа. Магадгүй энэ нь намайг математикт дуртай болоход нөлөөлсөн гэж бодож байна. Би "Соёмбо" сургуульд суралцаж байгаад, дунд ангиасаа "Шинэ монгол" сургуульд шилжиж ирсэн.


-IMO олон улсын тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа юм билээ. Өнгөрсөн хоёр жилд ямар амжилт үзүүлж байв?  
-Гурав дахь жилдээ оролцож байна. Өмнө нь хоёр жил дараалан хүрэл медаль авч байсан. Өнгөрсөн жилийн IMO дуусаад л энэ жилийн тэмцээндээ бэлдэж эхэлсэн. Эхэндээ бага багаар бэлдэж байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд зөвхөн энэ уралдаанд эрчтэй бэлдсэн. Зарим үед багшаасаа тусламж хүсэж, заримдаа ганцаараа бодлогоо давтсан. Харин өнгөрсөн жил хүрэл медаль авчихаад сэтгэлээр их унасан.

Бараг л мөнгөн медалиас хүрэл рүү шилжсэн болохоор бүүр ч харамсалтай байсан. Дараа жил заавал түрүүлнэ гэсэн бодлоороо л тэмцээндээ тууштай бэлдсэн. Математикийн олимпиадад бодолтоо бодож дуусах, дүн гарах хоёрын хооронд нэлээн хугацаа шаарддаг. Тэр хугацаанд дүн яаж гарч байгаа бол гэж их бодсон. Харин энэ жил алтан медаль авсан болохоор үнэхээр сайхан санагдаж байна. Дүнгээ сонсоод хамгийн түрүүнд аав, ээждээ хэлсэн.    

-Д.Алтангэрэл багштайгаа хамтарч бэлтгэл хийгээд удаж байна уу. Математикийн ертөнц рүү хөтөлсөн анхны багш нь хэн бэ? 
-Анх дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа зуны бэлтгэлд оролцож, Д.Алтангэрэл багштай танилцаж байсан. Албан ёсоор гэвэл зургадугаар ангидаа “Шинэ Монгол” сургуульд шилжиж ирснээс хойш багштайгаа хамт тэмцээн, уралдаанд бэлдэж байна. Миний анхны багшийг н.Батбаяр гэдэг. Хичээлээ сонирхолтой заадаг байсан. Харин дараа нь н.Батдулам багш математикийн хичээл орсон. н.Батдулам багш гэрийн даалгавар маш их өгдөг байсныг л санаж байна.

Харин дараагийн багш болох н.Батцэнгэл багш үнэхээр сайн хүн байсан. Төрөлхийн мэдрэмжтэй гэх юм уу. Би бага ангид байсан болохоор сайн ойлгодоггүй байсан байх. Намайг дандаа загнадаг юм шиг санагддаг байсан ч маш их зүйл зааж, сургаж, тогтоолгож чадсан. Тавдугаар ангид ордог жил н.Гэрэлт гэдэг багштай болсон. Харин Д.Алтангэрэл багш миний хувьд хамгийн сайн чиглүүлэгч. Түүнээс би их зүйл сурсан. Сүүлд ахлах ангид ороод IMO-д түрүүлж, алтан медаль авах зорилгоо биелүүлэхийн тулд бид хамт хичээж эхэлсэн. 

-Энэ удаагийн IMO онлайнаар болсон гэдгээрээ онцлогтой. Онлайнаар олимпиадад орох ямар байсан бэ? 
-Албан ёсны байдлаа хадгалахын тулд чанга хяналтан дор зохион байгуулсан. Олимпиадад орохоосоо гучин минутын өмнө аав, ээжтэйгээ хамт байж байгаад орсон болохоор сэтгэлзүйн хувьд сайн байсан. Бодлогын хувьд энгийнээс хүнд рүү шилжсэн бодлого ирсэн. Гэхдээ бүтэн жилийн турш уйгагүй бэлтгэл хийсэн болохоор тийм ч хэцүү санагдаагүй. Зургаан бодлогыг гурав хоногт хувааж, өдөрт дөрвөн цаг гаруйн хугацаанд бодсон. Хэдийгээр хоёр бодлогыг ийм их цаг хугацаанд бодох байсан ч нэг бодоод эхэлчихээр хугацаа маш хурдан өнгөрсөн. Дахиад жаахан хугацаа байсан бол гэж бодогдоод л байлаа. 

-Олимпиадаа дууссаны дараа “Энийг буруу хийчихлээ дээ, тэрийг зөв бодсон болов уу” гэх мэт түгшүүр төрж байв уу? 
-Байлгүй яах вэ. Хэрвээ бодлогоо хурдан бодчихвол “Хүүе, би арай хурдан бодчихлоо. Буруу хариу гаргасан юм биш байгаа” гэх түгшүүр төрнө. Өгүүлбэрээ дахин дахин уншина. Нөгөөтэйгүүр хэтэрхий удаан бодоод ирэхээрээ “Ингэж удаан бодож байгаа юм чинь хариугаа буруу гаргачихсан болов уу” гэж бодно. Ер нь үргэлж санаа зовдог гэж болно. Яагаад гэвэл би бага ангиасаа хойш олимпиадад орохдоо дандаа дээрх зүйлсээс болж оноо алдаж байсан юм. Монгол хүүхдүүд геометр болон тооны онолд илүү бэлтгэлтэй байдаг гэх юм уу даа. Ер нь улс орон бүрийн хүүхдүүд өөр өөрийн гэсэн онцлог, арга барилтай байдаг. Гэхдээ хичээл зүтгэл байхад улс орны ялгаа байхгүй. 

-Өнгөрсөн жил IMO-с алтан медаль авах мөрөөдөлтэй байж. Харин энэ жил мөрөөдлөө биелүүлчихлээ. Одоо харин юу мөрөөдөж байна вэ? 
-Би энэ жил төгсөх учраас сайн их сургуульд орох хүсэлтэй байна. Гэхдээ одоогийн байдлаар яг ямар мэргэжилтэй болохоо шийдээгүй байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд математик чиглэлээр бакалавраа хамгаалах бодолтой байгаа. Тэгээд дараа нь сонирхсон мэргэжлээрээ суралцаад явна гэж бодож байна. Миний сонирхож байгаа мэргэжлүүд ихэнх нь математик суурьтай. Манай аав, ээж ямар ч мэргэжил сонгосон зөвшөөрнө, дэмжинэ.  

-Нэг бодлогоо олон цаг “нухаад” байхаар хэцүү байдаг уу. Шантарч байсан үе бий юү?
-Би ямарваа нэгэн зүйлийг олон талаас нь судлах сонирхолтой. Зарим үед хэний ч сонирхдоггүй зүйлийг гаргаж, “Энэ яасан юм бол” гэж төсөөлөн бодох дуртай. Математикийн бодлогын хариуг хурдан гаргах нь чухал биш. Харин аргачлалыг нь ойлгох хэрэгтэй. Хэцүү бодлогыг олон цаг бодчихоод тодорхой хэмжээгээр ахиц гаргахгүй бол шантардаг. Хэрэв түүнийг тийм олон цаг бодоод үр дүнд хүрэхгүй байсан юм бол бусдаас тусламж аваад, аргачлалыг нь дараа мартахааргүй болтлоо сурдаг байж гэж боддог. Гэхдээ үр дүнд хүрэх юм бол тэр аргачлыг хэзээ ч мартдаггүй. Бага хугацаанд аль болох их зүйл сурах ёстой. Бодлогоос өөрөөс нь суралцвал илүү үр дүнтэй. 

-Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ? 
-IMO-аас алтан медаль хүртсэн Монголын дөрөв дэх сурагч нь би болж байгаа. Өнгөрсөн жил миний найз, I сургуулийн сурагч М.Өнөболд алтан медаль хүртэж байсан юм. Харин тэр энэ жил мөнгө, би алт хүртлээ. Миний найзуудын олонх нь математикаар хичээллэдэг. Математикийн хувьд миний хамгийн хүчтэй өрсөлдөгч М.Өнөболд, Д.Нямдаваа нар. Гэхдээ тэд амьдрал дээр бол миний хамгийн сайн найз нар. Тэднээс сурах зүйл маш их байгаа. Бүх зүйл дээр гэж тооцвол миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол би өөрөө юм даа. 

 

Математикийн олимпиадын аварга О.Мишээл: Бодлогоо хэт хурдан, эсвэл хэт удаан бодохоороо айдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 14:52:18
    Niki: Мундаг хүүгээр бахархаж байна. Цаашдийнх нь сурлагад нь амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 13:18:40
    Enkh: Сайн хүү юмаа. Баяр хүргэе. Бахархаж бна, чамаар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:45:36
    Mongol hun: Sportlog baigaarai, oyunii humuus sul bietei baij bolohgui shu, toond sain hun busad buh zuild sain baih bolnoo, ulam olon amjilt ireeduid huleej baina, uragshaa Baharhaj bna duugeer
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:45:20
    Mongol hun: Sportlog baigaarai, oyunii humuus sul bietei baij bolohgui shu, toond sain hun busad buh zuild sain baih bolnoo, ulam olon amjilt ireeduid huleej baina, uragshaa Baharhaj bna duugeer
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:34:31
    Naraa: Баяр хүргэе.Монгол хүний оюуны чадварыг үнэлэх цаг болсоон.Багш нар ч мундаг бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:26:04
    hubse: Баяр хүргэе. Улам их амжилт хүсье. Миний дүү биеийн тамиртаа анхаарч спорт фитнесээр хичээллэж балансаа барьсан нь др шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:21:22
    Uyanga: Мундаг хүү юмаа :)
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:16:17
    Barsbold: 1. 2. 3. р ангийн дуу нараа мат ойлгодог дуртай болоход н нэмэр болох сургамж зоволгоо огоорэй.маш ур дун ихтэй ажил болно бх. Улам их амжилт гаргаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:15:24
    Barsbold: 1. 2. 3. р ангийн дуу нараа мат ойлгодог дуртай болоход н нэмэр болох сургамж зоволгоо огоорэй.маш ур дун ихтэй ажил болно бх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 12:00:35
    Иргэн: Ёстой мундаг юмаа. Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:55:05
    Зочин: Дэлхийд нэрээ дуусгасан Нобелын шагналтан эрдэмтэн болоорой. Улам их амжилт хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:52:59
    Зочин: Мундаг хүү байна, үнэхээр бахархаж байна. Амжилт хүсье !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:27:24
    Tse: Хар PR, хэнд ч хэрэггүй мэдээлэл дор гахай нохой шиг шавдаг Монголчууд хаана байна вэ? Оюуны өлсөглөн болоод тархи нь агшиж хэрэгтэй,хэрэггүй зүйлсээ ялгах чадвараа алдаж дээ. Сайн ярилцлага болжээ.Баярлалаа. О.Мишээл болон Д.Алтангэрэл багш та бүхнээр бахархаж байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-09-29 11:20:29
    Зочин : Сайн хүү байна даа зорьсондоо хүрч улам их амжилт гаргаж улс эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188