• Өнөөдөр 2024-05-09

Хөдөлмөрийн баатар хоньчин Р.ЦЭРЭНДОРЖ: Цаст Сутай хайрхныхаа өвөрт буман цагаан хонио хариулаад явах ховорхон хувь тохиожээ

       Онгон байгальдаа, зэлүүд хээр нутагтаа, салхинаас өөр чимээгүй, шувуунаас өөр ханьгүй давхиж явдаг малчин надад олон хүний өмнө зогсоно гэдэг амаргүй даваа байсан даа

Хүйсийн говиос эхэлсэн тал хагдарч, уулсын орой зэрэглээтэн дүнхийж, усны шувууд буцахаар зэхэж, уйтай намрын бороо шаагьж, урт намар Ховд аймгийн Дарви суманд үргэлжилж байна. Тэртээ харагдах талд автозам зурайж, гүвээ уруудаад л буйдхан сум орших ажээ. Дарви сумын нэгдүгээр багийн малчид Сутай хайрхны арын аманд намаржаалсан байна. Чандманилан буусан гурван гэрийн яндангаар аргалын хөх утаа суунаглаж байх. Намаржааны баруун энгэрт дарвичуудын бахархал болсон Сутай үйлдвэрийн хонин сүрэг налайн бэлчиж байв. Харин голын эрэгт хүүхдүүд тоглож, томчууд намрын их ажилдаа шамдаад их л завгүй байлаа. Бид тус сумын отгон Хөдөлмөрийн баатар хоньчин Р.Цэрэндорж гуайнхыг зорьж ирээд байгаа нь энэ.

            Эл суурингаас Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, академич, төрийн шагналтан, ардын, гавьяат цолтон хэдэн арваараа “төрж” өнгөрсөн зун зургаа дахь хоньчин баатраа “өлгийдөж” авсан юм. Энэ жижигхэн суурин яах аргагүй суу билигтний өлгий нутаг юм аа. 

     

         Улсын хошой аварга малчин, Хөдөлмөрийн баатар Р.Цэрэндорж гуай амьдралынхаа ихэнх цаг хугацааг мал маллахад зориулсан нэгэн. Гадаа гандаж, хөдөө хөхөрсөн он жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар болсон тэднийд гийчин тасрахгүй байгаа аж. Тэр шагналаа авсан даруйдаа мал маллах ухаанд сургасан багшдаа хүндэтгэл үзүүлсэн тухайгаа бидэнд хуучилсаар бид Сутай хайрхны энгэр чигтээ алхав. Тэр хэлэхдээ “Багш минь Хөдөлмөрийн баатар болох ёстой байсан юм аа. Гэтэл би багшаасаа түрүүлээд энэ шагналыг хүртчихлээ. Буруу юм хийчихсэн ч аятай гэмшил төрөөд, багштайгаа уулзахад эвгүй байлаа шүү. Гэхдээ түмэн олон, нутгийн хөх харчууд баяртай байгаа болохоор бага ч сэтгэл тайвширч сууна” хэмээсээр сүрлэг өндөр уулсын оройг ширтэн хэсэг зогсов. Цааш тэр “Манай энэ хавь чинь замын хүн саатмаар зол жаргалын нутаг байгаа биз дээ” хэмээсээр алхлаа. Түүний хэлснээр төрийн тахилгат Сутай хайрхан үзэсгэлэн төгөлдөр оршиж, энэ нутгийг чимж, амь оруулж байна уу гэлтэй бидний өмнө дүнхийж байв.  

Буруу юм хийчихсэн ч аятай гэмшил төрөөд, багштайгаа уулзахад эвгүй байлаа шүү. Гэхдээ түмэн олон, нутгийн хөх харчууд баяртай байгаа болохоор бага ч сэтгэл тайвширч сууна

           Р.Цэрэндорж гуай адуундаа явж байгаад Хөдөлмөрийн баатар болсноо мэдсэн гэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэгэн эрхэм түүн рүү утас цохиж, Дарви сумын зургаа дахь хоньчин баатар болсон тухай нь хэлжээ. Тухайн үед тэрбээр “Та нар битгий хүнээр тоглоод байгаарай” гээд итгээгүй гэнэ. Харин хэд хэдэн хүн залгаж, хэл дуулгаснаар тэр сумын төв рүүгээ явж, сая нэг жаахан үнэмшсэн байна. Тэр  өдөр  нойр нь хулжиж, өнгөрсөн он жилүүдийн тухай эргэцүүлж, хийсэн бүтээсэн ажлаа дүгнэж, өөртөө дүн тавьсаар шөнийг давжээ. Гайхах, баярлах зэрэгцэн оршсон түүнд багтрал байсан нь дамжиггүй. Хүүгийнхээ машинд суугаад явж байхад нь хоёр нүдэнд нулимс цийлгэнэж, яагаад, яах гээд байгаа учраа ололгүй баярын нулимс унагажээ. Өөрийн эрхгүй өмөлзөж, өөрийгөө нэг чимхэж үзээд, хүүгээсээ ичиж байсан гэнэ.

Гайхах, баярлах зэрэгцэн оршсон түүнд багтрал байсан нь дамжиггүй

           Ингээд маргааш нь гэргийгээ дагуулаад Улаанбаатар хотыг зорьжээ. Улаанбаатарт ирсэн даруйдаа шинэ дээл авч өмсөөд, шинжилгээ өгөөд Төрийн ордон руу гараад давхичхаж. Төрийн ордон орох, ороод нэрээ сонсох, Ерөнхийлөгчийн өмнө зогсох хүртлээ тэр итгэж ядаад л байж. Байн байн буруу биш байгаадаа, хүн андуурсан юм биш биз дээ гэж өөртөөгөө ярьсаар шагнал авах өрөөний сандал дээр очоод суужээ. Сууж ядаж, тулгамдаж, сандарч, итгэж ядсан хөдөөгийн малчин "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхантай таарснаа аз хэмээн ярив. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Р.Цэрэндорж гуайд “Та сайхан хөдөлмөрлөж, Хөдөлмөрийн баатар гэх төрийн дээд цол хүртгэж байгаа юм байна. Та Сутай хайрхнаа бодоод гурван удаа гүнзгий аваарай” гээд нуруун дээр нь зөөлхөн илж өгчээ. Ингээд тэр нэг л мэдэхэд Ерөнхийлөгчийн өмнө очоод зогсжээ. Тэр энэ талаар хэлэхдээ “Нэг мэдэхэд Ерөнхийлөгчийн өмнө зогсож байсан. Сандарсандаа юу хэлснийг нь одоо санахгүй байна. Тэгээд удалгүй шагналын өргөөнөөс гараад сэтгэгдлээ хуваалцаж, дараа нь гэр бүлийнхэнтэйгээ хамт алхаж явсан. Онгон байгальдаа, зэлүүд хээр нутагтаа, салхинаас өөр чимээгүй, шувуунаас өөр ханьгүй давхиж явдаг малчин надад олон хүний өмнө зогсоно гэдэг амаргүй даваа байсан даа. Харин Цаст Сутай хайрхныхаа өвөрт буман цагаан хонио  хариулаад явах  ховорхон  хувь тохиож дээ” гэлээ.  

Сайн малчны ач хүү малчин болж, улсын хошой аварга, Хөдөлмөрийн баатар болсон нь

            1941-1945 оны дайны үеэр Р.Цэрэндорж гуайн хоёр өвөө улсад 70 тооны халиун зүсмийн адуу хандивлаж байжээ. Харин 1946 онд түүний ээжийн аавыг Улсын сайн малчин хэмээн өргөмжилж, “Тэргүүн” цол тэмдгээр мялааж байсан түүх тэдний удамд тодоос тод бичигдэн үлдсэн байна. Р.Цэрэндорж гуайн аав, ээж удам дамжсан малчин хүмүүс учраас мал маллахын сайхныг үр хүүхдэдээ зааж сургажээ.  Өвөө, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, хөдөө аж ахуйн салбарт тэр мэдээ орсон цагаасаа л зүтгэж байгаа гэнэ. Аав, ээжийгээ дагаад малчин болсон өсвөр насны хүү хонины наагуур, цаагуур шогшуулж, аргал хомоолхон хормойлж, ижийдээ тусалсаар  малчны амьдралд эргэж буцахгүйгээр хөл тавьжээ. Энэ хүртэлх хугацаанд цэргийн гурван жил, сууринд амьдарсан зургаан жилийг эс тооцвол тэр малчны ажлаасаа “чөлөө” авч үзээгүй. Тэрбээр амьдралаа малтай холбож байсан түүхээ ярихдаа “Суурин газар таван жил хүнд механизмын жолооч хийж байлаа. Багаасаа мал дагасан хүн чинь төв газар давахгүй юм билээ. Болж л өгвөл хөдөө гарч малчин болох бодол дийлээд, нутаглаж байсан нутаг, уулс, ус, талынхаа агаарыг хүртэл санаад байлаа. Ээж минь нэг мэргэн хүнээс “Хүү минь малчин болно “ гээд болдоггүй. Аав нь жаахан дургүйцээд байна” асуусан юм билээ. Тэр хүн нь “Мундаг хүү байна. Хөдөө гарга” гэж хэлэхээр нь би дур мэдээд маргааш нь хөдөө рүүгээ нүүсэн. Эхнэр маань аймгийн төвд үлдэж, би нутаглаж байсан нутагтаа ирлээ. Хоёр буурлынхаа хаяанд ирсэн надад алдах юм байгаагүй. Мэдээж тав,зургаан жил малаасаа хөндийрчихсөн надад өөрийн гэсэн халуун хошуут ховор байлаа. Буурлууд минь 100 толгой хонь, таван үхэр, таван адуу өгч тусдаа гаргасан. Хань минь хоёр жилийн дараа аймгийн төвөөс ирснээр малчин хүний зах хязгааргүй амьдралд бид сэтгэл шулуудан зүтгэх болсон. Бидний малчин болсон түүх тэндээс эхэлнэ. Хөдөлмөрлөж л чадах юм бол малын цагаан буян дэлгэрч л явдаг юм билээ. Хань, ах, дүү, үр хүүхдийнхээ буянаар энэ бүхнийг мэдэрч сууна даа” хэмээв.

            Түүний энэ их хөдөлмөрийг төр засгаас үнэлж, 2015 онд Монгол Улсын аварга малчин болгож байжээ. Ингээд тэр өвөөгийнхөө хүртэж байсан шагналыг 69 жилийн дараа гэрийнхээ хойморт залсан байна. Гэхдээ түүний энэ хүртэлх зам тийм ч дардан байгаагүй. Тэрбээр “Залуу байхад шөнө, үдэш босохоос эхлээд шантрах зүйл бишгүй байлгүй яах вэ. Уналгын морьгүй үе ч бидэнд байсан. Гэрээ хоёр тэмээн дээр аччихаад алхаж явсан үе ч бий. Энэ он цаг хугацаанд юу эсийг туулах вэ. Гэхдээ ээж минь “Миний хүү нэгэнт л шийдвэр гаргасан бол шантрах хэрэггүй. Хүн дээшээ явна л гэж бодож байгаа бол өөрөө зүтгэх ёстой байдаг юм. Хамгийн гол нь эртэч, нутаг усныхантайгаа нийтэч яваарай. Малаа өөрийн хүүхэд шигээ л хайрлаж яваарай, миний хүү” гэж захиж байсан. Ижий, аавынхаа холч ухаанаар энэ хол замыг тууллаа. Шүтээн болсон хайрхныхаа энгэрт сэтгэл уужуухан, санаа амар, дүүрэн баяртай суусан он жилүүд олон бий. Гэхдээ энэ өдөр бүүр ч сайхан байна шүү” гээд тэр инээмсэглэв. Жилийн дөрвөн улирал, цас, зуд, ган, байгалийн гамшигт үзэгдэл, амьдралын дундуур тэр туучсаар малчин, Улсын хошой аварга малчин, Хөдөлмөрийн баатар болжээ. 

Ингээд тэр өвөөгийнхөө хүртэж байсан шагналыг 69 жилийн дараа гэрийнхээ хойморт залсан байна

Р.Цэрэндоржийн мал маллах арга барил

           Өндөр уулс дунд нутагладаг Р.Цэрэндорж гуайнх сумын төвөөсөө холгүйхэн намарждаг юм байна. Хонин сүргээ тарга тэвээр авахуулахаар оторт явуулж, өвөлдөө бэлдэж байгаа гэнэ. Тэр мал маллах ухаан, өөрийнхөө арга барилын талаар “Манай хонин сүрэг өндөр уулсын оройд л очиж идээшнэ шүү дээ. Энэ нутгийн 108 төрлийн эмийн ургамал, шимт сайхан өвснөөс л мал маань тарга авч байна шүү дээ. Сэтгэл нь ханачихсан мал тав хоногийн дотор л тарга авна даа. Уулс, усныхаа буянаар малаа ингэж сайхан өсгөсөн юм аа. Намайг малчин болж байхад мянгат малчин ид гарч, хүн болгон малынхаа тоо толгойг 1000 хүргэхээр зорьж байлаа. Гэхдээ би чанартай, өндөр ашиг шимтэй, цөөхөн тооны малтай байхыг хүсдэг. Манай нутгийн иргэд ч үүнийг сүүлчийн жилүүдэд мэддэг болсон байна лээ. Чанартай, өндөр ашиг шимтэй малтай байхаар зуд зурхныг ч тоохоо больдог юм билээ. Манайх Дорнод, Увс, Ховд аймгийн Алтай сумаас хуц, ухна авчирч, малынхаа үйлдвэрт анхаардаг. Мөн манай Сутай омгийн хонь салхи, шуурга, зудыг давчихдаг сайн үйлдвэрийнх. Ямар ч цасанд малтана шүү дээ” гэв.

Бага хүү нь малчин болсон нь

          Түүний олон жилийн хөдөлмөр, уйгүй зүтгэл, итгэлийн ард түшиж, тулах гол хүч нь байсан хүн яах аргагүй түүний гэргий. Амьдралынхаа 30 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлж, хэдэн малынхаа хойноос Р.Цэрэндорж гуайтай яг адилхан санаа зовж, зүтгэсэн гэргий рүүгээ тэр хараад “Хэдийгээр Хөдөлмөрийн баатар гэх цол тэмдгийг би зүүчихсэн байгаа ч миний хань, бид хоёрын хамтын шагнал юм шүү дээ” гээд инээв. Түүний гэргий С.Нямжав 2007 онд Улсын шилдэг эмэгтэй малчин болж байжээ. Тэд хоёр охин, хоёр хүүтэй. Хамгийн бага хүү нь аав, ээжийгээ дагаж малчин болж, бусад нь нийслэлд өөр өөрийнхөө өнгөөр аж төрж байна. Тэрбээр “Миний хэнз хүү аавыгаа дагаад малчин боллоо. Голомтоо сахиж үлдэхээр хүү минь өөрийнхөө хүслээр малчин болсон. Яг л над шиг залуу байхдаа шийдэмгий зан гаргаж, миний амьдарсан амьдралын араас хүүгээ явахаар болсонд нь баярлаж сууна. Бидний өнгөрүүлсэн, туулсан амьдралыг хүү минь яг өнгөтөөр харж, арга ухаан сурч, хэрсүүжсэн учраас удмын сайн малчин болох байх аа. Хүүгээ хүнд тустай явахыг л хүсэж, захиж байна. Хүүгээ ч гэлтгүй хүүхдүүдээ явсан, очсон газартаа бусдадаа тустай, хүн чанартай яваасай л гэж хүсдэг. Тэгж чадвал бидний энэ амьдралын нэг том зорилго биелсэн гэж ойлгож, сэтгэл амарна даа ” гэлээ.

Түүний гэргий С.Нямжав 2007 онд Улсын шилдэг эмэгтэй малчин болж байжээ.

Малжуулсан айл нь аймгийн сайн малчин болжээ

        Р.Цэрэндорж гуай өөрийнхөө амьдралаас сурсан эрдэм, мал маллах арга барилаа нутгийн залуучууддаа харамгүй зааж өгчээ. Мөн олон ч гарын шавьтай болсон гэнэ. Тэрбээр 2010 онд нутгийнхаа залуу малчдыг малжуулж, 30 хургатай хонь, 20 ямаа бэлэглэж байжээ. Үүний хоёр нь аймгийн сайн малчин болсон байна. Энэ талаараа ярихдаа “Хүнд сурсан мэдсэн зүйлээ зааж өгнө гэдэг ярих юм сайхан байдаг. Дэмжсэн, тусалсан залуус маань амжилттай явж, өөрийн гэсэн онцлогтой, амьдралтай, зорилготой байгаад талархдаг шүү. Бусдын сайн сайхан явахыг харах бахархам байдаг юм. Зорилготой, амьдралын төлөө чин сэтгэлтэй залуучууд андашгүй. Ийм хүмүүсийг дэмжих урамтай, урамтай. Хөдөлмөрч залуучууд минь эхнээсээ хөдөлмөрөө үнэлүүлээд эхэллээ дээ” хэмээн бахархал дүүрэн ярьсан юм.

Тэрбээр 2010 онд нутгийнхаа залуу малчдыг малжуулж, 30 хургатай хонь, 20 ямаа бэлэглэж байжээ.

      Р.Цэрэндорж, С.Нямжав хаврын налайсан өдөрт дуртай. Төл малаа хүлээж аваад, булаг, шанд дэлгэрээд, яргуй цэцэглээд ирдэг өдрүүд тэдний хавьд аз жаргалын оргил үе нь. Нэг жил Цээеэ ах сумын төв рүү малчдын хуралд суухаар явжээ.Энэ хооронд тэнгэр муухайрч, цас шуурч эхэлсэн байна. Гэртээ ганцаараа үлдсэн эхнэртээ санаа зовж, хэдэн малаа дагаад явчихаагүй байгаадаа хэмээсээр тэр сумын төвөөс гэр рүүгээ хар хурдаа давхиж ирсэн тухайгаа бидэнд ярилаа. Гэртээ ирэхэд нь эхнэр нь хонио хашиж, дээгүүр нь нэмнээ хаяж, гэртээ дулаахан сууж байхыг хараад аз жаргалыг хамгийн ихээр мэдэрсэн гэнэ. Тэр "Аз жаргал гэдэг чинь эд хөрөнгө биш, эрүүл мэнд, амьд байх л байдаг юм билээ. Ханийгаа эсэн мэнд байгааг харах л хамгийн сайхан байсан даа. Амьдрал мөн ч сайхан, амттай санагдаж байсан шүү" хэмээв. 

 


 


Хөдөлмөрийн баатар хоньчин Р.ЦЭРЭНДОРЖ: Цаст Сутай хайрхныхаа өвөрт буман цагаан хонио хариулаад явах ховорхон хувь тохиожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 16:45:42
    taniar bid baharhaj baina.: Mongol hyn ta neg l erdem syr!!!tyyniigee chineend ni tyltal hii?tegbel ene erhem sig gabyatan bolj chadnaa!tyynees bys?Bye byenee muulsan ataarhasan gyrban myy zayanii yner byy hanhalyyl!!!!bid nyydelchin ardyyd ene bol Delhiin hyn ardyydiin olj medeh gesen setgelgeenii sildegt bagtdag hoborhon az jargaliin amt ni nyydelchid bid yum aa!!!yygeeree l delhiid baharhahaas eer agyy zyil gej haana baih be?....ene hedelmeriin baatartaa ch bayar hyrgye!tanii byteel bol Mongol ornii mini baharhal yrt ydaan naslaj ydaan jargaltai saihan malaan mallaj ylger jisee bolj yabaarai!!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188