Тэртээ 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед Цэрэнбаатарын дөрвөн хүү Монголын чөлөөт бөхийн спортын өнгийг тодорхойлж, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсны нэг нь Ц.Цогтбаяр. Их спортод хөтлөн оруулж, “А” үсгийг нь заасан шавь нарынх тухай бичвэл цаг, цаас хоёр нэлээн орох нь дамжиггүй. Түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн шанд Монголын эрэгтэй чөлөөт бөхийн хөгжил сэргэж, дэлхийн хэмжээнд хүрсэн гэхэд буруудахгүй. Үүний илрэл нь Риогийн олимпод бүтэн багаараа оролцсон нь юм. 36 жил тасарсан амжилтын буухиаг үргэлжүүлэхийн төлөө тэр Риогийн олимпын дэвжээнээ Г.Мандахнаран шавийнхаа төлөө тэмцсэн бөмбөрцгийн дасгалжуулагч билээ. “Токио-2020” зуны олимп энэ өдөр эхэлж буйг тохиолдуулан түүнтэй хөөрөлдлөө.
-“Токио-2020” зуны олимпын нээлт өнөөдөр эхэлнэ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ наадмыг та мөн ч их хүлээдэг байх?
-Олимп бол хамгийн сайхан наадам. Би хоёр удаа мөн хоёр ахтайгаа хамт олимпод оролцож байлаа. Ах дүү гурвуулаа нийт таван олимпод оролцсон байдаг. Би өөрийнхөө шавь нараас олимпын медальтан төрүүлье гэж их хүсдэг байлаа. Одоо бол Монголынхоо бүх тамирчдыг медаль аваасай гэж хүсч байгаа. Эргээд бодоход маш харамсалтай зүйлүүд гардаг шүү дээ. Тухайн үедээ өөрийгөө бага дайчилсан, ялихгүй алдаа гаргасан гэх мэт алдаанаас болж луйвардуулах, булхайдуулах зэргээр медаль авч чадаагүй олон тамирчин байдаг.
Энэ олимпоос манай тамирчид аль ч төрлөөр байсан хамаагүй дахин олимпын алтан медаль аваасай гэж хүсч байгаа. Ний нуугүй хэлэхэд, би Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт талархаж явдаг. Монгол хүн олимпын аварга болж болдог юм байна гэдгийг харуулсан хүмүүс шүү дээ. Бээжингийн олимпын дараагаас хүүхдүүд бөх, боксын секцэнд явах нь ихэссэн байдаг. Иймд энэ зуны олимпод оролцож буй баг тамирчид маань бүх хүч, ухаанаа зориулаад, эргээд ирэхдээ харамсах зүйлгүйгээр сайхан барилдаад ирээрэй гэж хэлмээр байна. Тэр тулаанд өөрийнхөө төлөө барилдаж буй мэт боловч эх орон, ард түмэн хүлээж байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой.
-Тамирчин хүнийхээ хувьд ид хаваа гайхуулж, сайн барилдаж явсан үеэ дурсахгүй юу?
-Хүүхэд байхаасаа л чөлөөт бөхөөр хичээллэж амьдралынхаа хамгийн дурсамжтай үеийг өнгөрөөсөн. Анх тавдугаар ангид байхдаа Монголын Пионерын байгууллагын тэмцээнээс мөнгө медаль авч байлаа. Энэ бол анхны медаль гэдэг утгаараа хамгийн дурсамжтай, мартагдашгүй үе. Дараа нь анхны олон улсын тэмцээнд 17 настай байхдаа Болгарын Хасково хотод очоод мөнгөн медаль авсан. Тэр үе минь ч мартагддаггүй. Ер нь бол тэмцээн уралдаанд оролцоод авсан медалиуд дундаас анхных гэсэн тодотголтой нь их чухал байдаг. Хамгийн дурсамжтай, мартагдашгүй.
-Энэ удаагийн олимпын наадмын хувьд та ямар хүлээлттэй байна вэ?
-Би барилдаж эхэлснээсээ хойш чөлөөт бөхөөс хэн нь ч хамаагүй олимпын медаль авчихаасай гэж хүсч ирсэн. Энэ хүсэл одоог хүртэл бодогддог. Ялагдахад нь харамсаад, ялахад нь баярлаад л явж байна. Үүнтэй адил эрэгтэйчүүдийн хувьд 1980 оноос хойш тасарсан медалиа залгуулаад, эмэгтэйчүүд нь 2012 оны Батцэцэгийн медалиас хойших амжилтын буухиаг үргэлжлүүлээд медаль аваад сайхан барилдаад ирээсэй гэж л хүсч байна.
-Тамирчдад цаг хугацаа, тэсвэр тэвчээр гэдэг зүйл их чухал. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Олон хүчин зүйлээс хамаарна. Тамирчин хүний хувьд хожим харамсахгүйн тулд тухайн үедээ алдаа гаргахгүй байх нь чухал. Үүнийг би шавь нартаа хэлдэг юм. Тэсвэр тэвчээрийн хувьд хэн бүхэн л тэвчээр гаргах чадвартай шүү дээ. Тамирчдын амьдрал амар хялбар аргаар хоол олж идэх төрөл биш. Залуу насны л ид хав юм даа. Тэр үедээ л өөрийгөө сайн дайчлаад зүтгэх юм бол ямар нэгэн амжилтад хүрнэ.
Тамирчин хүн өөрийн хийсэн зүйлдээ итгэх хэрэгтэй. Багш, дасгалжуулагчийнхаа зааж сургасан зүйлээс гадна бэлтгэлдээ итгэх хэрэгтэй гэсэн үг. Огт бэлтгэл хийгээгүй байж дэвжээн дээр гарахгүй нь тодорхой. Чи өрсөлдөгчөө ялахын тулд бэлтгэл хийсэн. Иймд хийсэн бэлтгэлдээ итгэх хэрэгтэй. Үнэхээр сайн бэлтгэл хийсэн бол хүнээс айж эмээх зүйл байхгүй шүү дээ.
-Таны дасгалжуулах эрхийг 2019 онд сэргээсэн. Одоо хаана багшилж, хэчнээн тамирчинг бэлтгэж байна вэ?
-Би 13 настай байхдаа л, 1982 онд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Ж.Батбилэг багшийн секцэнд анх орсноос хойш өнөөг хүртэл чөлөөт бөхтэй салшгүй холбоотой явж байна. Бараг 40-өөд жил чөлөөт бөхийн тогоонд чанагдлаа. 1988 онд цэргийн албанд татагдаад хуучнаар Цэргийн их сургуулийн хангалт үйлчилгээний батлеоны нэг тасагт байлдагчаар очиж, спортын тасагт явдаг байсан. Улмаар 1990 оноос 2018 он хүртэл Алдар спорт хороонд тамирчин дасгалжуулагч гээд 30 жил ажилласан. Тэтгэвэрт гарсны дараахан "Рио-2016" олимпын наадмын маргаантай асуудлаас улбаалж дасгалжуулах эрхээ гурван жил хасуулж байлаа. Энэ хооронд ӨМӨЗО-нд найз нөхдийнхөө хүсэлтээр хоёр жил ажилласан. Тэгээд монголдоо буцаж ирээд "Мон-Алтиус" сургуульд чөлөөт бөхийн багшаар ажиллаж байна.
Ерөнхий дасгалжуулагчийг ажлаас халж, баг үймүүлснээс л бүх амжилтууд нурж эхэлсэн. Хэрвээ тухайн үед шигшээ баг тэр эрчээрээ явсан бол цөөнгүй медалийг бүх төрлөөрөө авах байсан юм.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байсан байх. 2015 оны ДАШТ-д монголын баг, тамирчид сайн оролцсон. Харин "Рио-2016" олимпод хүлээлтэд хүрч чадаагүй. Тэр олимпын тухайд та одоо ямар бодолтой явдаг вэ?
-2013 онд Спорт бэлтгэлийн төв буюу одоогоор Биеийн тамир спортын хороог байгуулсан. Олимп болгоны дараа удирдлагууд буюу шигшээ багийн багш нар солигддог байсан. Тэр үед БТСХ-ны даргаар гавьяат тамирчин Ч.Наранбаатар ажиллаж байлаа. Сонгон шалгаруулалтаар үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Б.Баяраа бид дөрөв сонгогдож байлаа. 2013-2016 он буюу олимпын циклд ажилласан. Тухайн үед А.Басхүү багш шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж маш их зүйл хийсэн. 2013-2014 онд хоёр жил ажиллахдаа шигшээ багийн 16 төрлийн бүх дасгалжуулагч нарыг ёстой л сайн сургасан. Сургалт дасгалжуулалтын төлөвлөгөө, бэлтгэлийн хуваариа хэрхэн гаргах вэ гээд бүх зүйлд сургасан. А.Басхүү багш бидний үйлийг лав зургаан сар үзсэн. 2013 оны гуравдугаар сард ажлаа аваад зургадугаар сар гэхэд 2013-2016 оны хооронд буюу олимпын циклд бэлдэх бүх төлөвлөгөөг гаргасан байсан. Яг тэр төлөвлөгөөний дагуу явсан. Гэтэл тодорхой нэр бүхий хүний оролцоотойгоор А.Басхүү багш халагдсан. Үүний өмнө МУГТ Б.Наранбаатар халагдсан. Хэрвээ тухайн үед шигшээ баг тэр эрчээрээ явсан бол цөөнгүй медалийг бүх төрлөөрөө авах байсан юм. Ерөнхий дасгалжуулагч А.Басхүү багшийг халснаар шигшээ багийн бэлтгэл, төлөвлөлт алдагдсан. Ном журмаараа явж байсан багийг санаатайгаар үймүүлсэн хүмүүс бий. Хэрэв тэгээгүй бол Рио-2016 олимпод жүдо, бокс, чөлөөт бөх зэрэг бусад төрлүүдээр ч бүгд өндөр амжилт гаргах байсан. Ерөнхий дасгалжуулагчийг ажлаас халж, баг үймүүлснээс л бүх амжилтууд нурж эхэлсэн.
Энэ олимпоос манай тамирчид аль ч төрлөөр байсан хамаагүй дахин олимпын алтан медаль аваасай гэж хүсч байгаа. Ний нуугүй хэлэхэд, би Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт талархаж явдаг. Монгол хүн олимпын аварга болж болдог юм байна гэдгийг харуулсан хүмүүс шүү дээ.
А.Басхүү багш шигшээ багийн 16 багтай тулж ажилласан. Энэ хугацаанд 2013 онд ДАШТ, 2014 онд хоёр, 2015 онд гурван медаль авна. 2016 оны олимпоос 36 жилийн дараах амжилтын буухиаг үргэлжлүүлэх медаль ямартай ч нэгийг авна гээд төлөвлөчихсөн байсан. Энэ төлөвлөгөөг 2013 онд гаргаад тэр журмаараа ажиллаж байсан. Олимпоос хамгийн багадаа нэг, түүнээс илүүг авахыг л зорино шүү дээ. Тэр төлөвлөгөө "бай"-гаа оносон сайн төлөвлөгөө болсон байсан.
-Г.Мандахнарангийн барилдааны тухайд “Хажуунаас нь хэдхэн секунд хүлээ гээд хэлээд өгчихгүй дээ” гэх яриа их гарсан. Олимпод бэлтгэгдэж буй тамирчдад том сургамж болсон байх. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ асуудлыг хүмүүс янз бүрээр ярьдаг. Бид 1980 оноос хойш аваагүй медалиа авчихлаа гээд 100 хувь итгэчихсэн байсан. Чөлөөт бөх бол “Довтолно, хамгаална. Довтолно хамгаална” ерөөсөө л урлаг. Зогсчихож ч болно. Чөлөөт бөхөд ухарч хамгаалж болно, болохгүй гэсэн дүрэм байхгүй. Тэр үйл явдлын дараа барилдсан АНУ-ын бөх 10-20 секунд зугтааж байгаад л олимпын аварга болсон шүү дээ. Хожим нь юун дээр алдав гэдгээ эргээд харж байхад хүмүүсийн хэлдгээр тухайн үед хэт яарсан болов уу. Гэхдээ цаг дууссаны дараа бид маш их баярласан.
Олон улсын олимпын хороо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрэмд маргаантай барилдаан гарахад зөвхөн багийн ахлагч өөрийн биеэр буюу бичгээр гомдол мэдүүлнэ гэсэн ганцхан дүрэм байдаг. Тэр үед биднийг ахлаж явсан багийн ахлагч тэмцээн дуусаагүй байхад хаяад явчихсан байхгүй юу. Эцсийн арга ерөөсөө л тэмцэж үзээд, медалиа авах байсан. Өөр арга байгаагүй.
“Үнэхээр мэдэхгүй байна аа багшаа. Би тийм юм хийгээгүй, хэрэглэдэггүй” гэдгээ өөрөө хэлсэн шүү дээ.
-П.Орхон тамирчнаас допинг илрээгүй бол “Токио-2020” олимпод хүчээ сорих байсан. Үүнд бөх сонирхогчид их харамсдаг байх?
-П.Орхон гэдэг тамирчинг Ц.Хосбаяр ах бид хоёр тив, дэлхийн тэмцээнд дагуулж явдаг байхдаа жилд хамгийн багадаа зургаан удаа допингийн шинжилгээ өгүүлдэг байсан. Нэг ч удаа допинг илэрч байгаагүй. Хоёр багштайгаа хамт явж байгаа үед шүү дээ. Гэтэл Ц.Хосбаяр ах Жакарта руу яваагүй, миний дасгалжуулах эрхийг хассан байсан үе. Тэгэхэд П.Орхон ганцхан удаа тэмцээнд хоёр багштайгаа хамт яваагүй юм. Үндэсний шигшээ баг "Тамирчнаа аваад явлаа" гээд авч явсан. Дараа нь арван хэдхэн хоногийн дараа буюу П.Орхонг Азийн аварга болсны дараа танай хүнээс допинг илэрлээ гэж хэлсэн. Дасгалжуулагч хүний хувьд хардах сэтгэл төрнө шүү дээ. Ялангуяа тэр жилийнхээ гуравдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсад болоход алтан медаль аваад допингийн шинжилгээ өгчихсөн, дараа нь 4-5 дугаар сард мөн л шинжилгээ өгөөд байсан. Хоёр гурван удаа шинжилгээ өгөөд зүгээр байсан хүнээс зөвхөн Жакартагийн наадамд очингуутаа допинг илэрдэг нь ямар учиртай юм. Би энэ асуудалд одоог хүртэл эргэлзэж явдаг. П.Орхон Жакарта руу яваагүй, допинг илрээгүй байсан бол энэ олимпын аварга болох байсан.
-Тухайн үед П.Орхон танд юу гэж ярьж байсан бол. Тамирчин хүний хувьд хөдөлмөр зүтгэлээ бодсон ч харамсмаар байх?
-Тамирчин гэдэг утгаараа ч , хувь хүн, багш дасгалжуулагч гээд ерөнхийдөө монголын бөх сонирхдог хүмүүсийн хувьд бүгдэд нь харамсалтай зүйл болсон. “Үнэхээр мэдэхгүй байна аа багшаа. Би тийм юм хийгээгүй, хэрэглэдэггүй” гэдгээ өөрөө хэлсэн шүү дээ.
-Бөх сонирхогчдын хувьд Г.Мандахнаран, П.Орхон хоёрт тохиолдсон явдал нэг талаасаа харамсмаар боловч нөгөө талаасаа тамирчдад сургамж болсон болов уу. Харин одоо ид барилдаж байгаа тамирчдад та юу гэж зөвлөх вэ?
-Хүнтэй ажиллаж байгаа, шигшээ багийг удирдаж байгаа багш дасгалжуулагч хүн хүнлэг байх хэрэгтэй. Хэний шавь байх нь хамаа байхгүй хэн чадаж байна түүнийг тэмцээн уралдаанд авч явах ёстой. Би 20-иод жил дасгалжуулагч хийхдээ шигшээ багт гуравхан жил л багшилсан. Энэ хугацаанд өөрийнхөө түвшинд чадлынхаа хэрээр ажиллаад ДАШТ-ээс зургаан медальтан, 4-5 гавьяат төрүүлсэн байна. Гурван жилийн хугацаа сэтгэлээ гаргаад ажиллаж байгаа хүн багадахгүй. Хамгийн гол нь улсын нэр төрийн өмнө ажил хариуцаж хийж байгаа бол шударга байх ёстой гэдэг зарчмыг л дагах хэрэгтэй. Хамгийн гол нь тамирчдыг ялгаварлан гадуурхахгүй, хэн чадалтайг нь авч явах. Чадаж байгааг нь тэмцээн уралдаанд авч явбал хэн юу хэлэх билээ дээ. Шударга л байвал хэрүүл маргаан гарахгүй.
Ц.ЦОГТБАЯР: П.Орхон Жакарта руу яваагүй, допинг илрээгүй байсан бол “Токио-2020” олимпын АВАРГА болох байлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |