• Өнөөдөр 2024-04-20

ТОД МАНЛАЙ УЯАЧ Ч.ЦЭРЭНБАТ: Морь гэдэг амьтан руу нэг "орвол" гарч болдоггүй

2021-07-12,   760

           Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй энэ үеийг тохиолдуулан тод манлай уяач Ч.Цэрэнбатыг ярилцлагын зочин хойморт урилаа. Тэрбээр 2019 онд “Хотгойдын хурд-IV” наадмын гоц амжилтаараа морьтны цолоо нэмж, Монгол Улсын Тод манлай уяач цолны болзлыг хангасан билээ. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар өнгөрсөн зургадугаар сарын 4-нд тэрхүү хүндтэй цолоор энгэрээ мялаасан билээ.


-Үндэсний их баяр наадмын мэндийг танд дэвшүүлье. Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй энэ сайхан жилд Тод манлай уяач цолоор энгэрээ мялаалаа. Хөвсгөл аймгаас төрсөн хоёр дахь дээд цолтон байх аа?

         -Ард түмэндээ Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Би морь уяж эхэлснээс хойш 10 жилийн дараа Тод манлай уяач цол хүртлээ. Их баяртай байна. 2019 онд уг цолны болзлыг хангасан. Амжилт үзүүлсэн гол хүн нь миний хүү юм шүү дээ. Би чинь хүүгийнхээ шагналыг авчихаж байгаа хүн.

-Та их хожуу морь уяж эхэлсэн гэдэг юм билээ. Анх адуу гэх сайхан амьтантай хэрхэн нөхөрлөх болов?

         -Би 1964 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. Бага ахуй насандаа сургууль соёл гээд морь малтай тийм ч ойр байгаагүй. Ер нь моринд их хожуу орсон хүн. Аав минь уяач хүн байсан. Тэр үеийн хүүхдүүд бүгд л морь унадаг байлаа. Айлууд ч бараг бүгд морь уядаг байсан. Аав минь сумын наадамд айраг түрүү алдаж үзээгүй, Аварга малчин, намын төв хорооны гишүүн гэх мэт хөдөлмөрт их зүтгэсэн хүн.

Хүүхэд байхаасаа л моринд их хайртай, малд сонирхолтой байсан ч сургууль соёл, ажил төрөл гэсээр зав чөлөө таарахгүй явсаар 2009 оноос морь уяж эхэлсэн. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Рашаант суманд түрүүлсэн хязаалан үрээнүүдийг авч анх уяач болж байлаа.

-Таны хүү Ц.Чимэдбавуу моринд их хайртай. Таныг морь уяж эхлэх үеэс хүү тань мөн морь уясан уу?

         -Миний хүү морьдоо гардан уядаг. Моринд их хайртай. Хүүгийнхээ өв соёлоо гэх тэр сайхан сэтгэл, сонирхлыг нь үгүй хийхгүй юм сан гэсэндээ төгсөж ирэхээс нь урьтаж гурван үрээ авч байгаа нь тэр. Хүү маань 2007 онд Англи руу сурахаар явсан юм. 2010 онд сургуулиа төгсөж ирээд морь уяж эхэлсэн. Тэр жил Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Алдарт уяач Ж.Нямлхагваар өнөөх гурван үрээгээ уяулж эхэлсэн юм. Хүү минь туслах уяач хийж, их зүйл сурсан. Ингээд 2010 онд аймгийн баяр наадмаас гурван айраг аваад бөөн баяр болж байлаа.

-Төрийн наадмын анхны айргаа хэдэн онд хүртсэн бэ?

        -2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанаас анхны айргаа хүртэж байлаа. Цоохор соёолон маань айргийн дөрөвт хурдалсан.

-Наадам бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Тэдгээрээс хамгийн сэтгэл догдлуулсан уралдаан хэзээнийх вэ?

       -2019 онд Хотгойдын хурд-IV наадамд манай зургаан морь айрагдсан. Нэг хүний зургаан морь нэг наадамд бүгд айрагдсан тохиолдол манай улсад байдаггүй юм билээ. Энэ бол ховор тохиолдол.

-Та уяа, сойлгоо хэрхэн тааруулдаг вэ?

       -Уяа сойлго бол хоёрдугаар зэргийн асуудал. Адуу л нэгдүгээрт байдаг. Морьдоо зөв сонгож, үржүүлгийг нь зөв хийх зэрэг хурдан угшил төрүүлэх нь хамгийн чухал.

Морь гэдэг их төвөгтэй. Мөрийтэй тоглоом шиг гэх үү дээ. Би хэлдэг юм, өөрийн тань эдийн засгийн боломж хэр болсон юм, өрх гэрээ аваад явах боломжтой үедээ, дор хаяж 40 насанд хүрээд морь руу орох хэрэгтэй гэж. Хурдан моринд хорхойсоод ирвэл гарч болдоггүй их төвөгтэй. Морь гэдэг амьтан монгол хүний цусанд байдаг юм. Үүнээс болж ажил амьдралаа үрж, хөрөнгө мөнгөө барах явдал ч бишгүй.

-Алдарт уяачийн болзлоо аль эрт хангасан ч хожуу авсан юм билээ. Яагаад тэр вэ?

       -Би цолны төлөө морь уяагүй. Өөрийнхөө дур сонирхлоор л морьж уяж яваа. 2015 оны үед байх аймгийн уяачдын холбооноос “Алдарт уяачийн материалаа бүрдүүлж өгөөч. Танайх болзлоо хангасан байна” гэж хэлж байсан. Говь-Алтайн бүсээс хоёр түрүү, нэг айраг авсан байх. Тэгэхэд алдарт уяач цолны болзлоо хангасан.

-Таны морьд хаанахын угшалтай вэ?

        -Улс бүсийн наадмаас хамгийн олон айраг түрүү авсан хүрэн халзан азарга бий. Сүхбаатар аймгийн угшилтай, даага байхад нь миний хүү авч байсан юм. Хул азарга улсын наадмаас хоёр айраг авсан. Бүсийн наадамд дандаа түрүүлсэн. Сэлэнгийн хойд бүсэд дунд насандаа түрүүлж, соёолон насандаа Дүнжингаравын хурдад хавар түрүүлсэн. Манай хул азарга бүсийн наадмуудад дандаа түрүүлсэн.  


ТОД МАНЛАЙ УЯАЧ Ч.ЦЭРЭНБАТ: Морь гэдэг амьтан руу нэг "орвол" гарч болдоггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188