• Өнөөдөр 2024-11-09

Хурандаа Д.ЦОГ: Эдийн засгийн алба 1994 онд 190 орчим хэрэг илрүүлэхэд бүгд хэрэгсэхгүй болж байсан

Цагдаагийн эдийн засгийн албаны бэлтгэл хурандаа Д.Цогтой ярилцлаа.
-“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг” гэдэг. Хурандаа цол хүртэтлээ ажилласан ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Аав маань идэр залуу насандаа цэрэгт явж, жолооч мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш 33 жил тасралтгүй жолоо мушгиж, хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны авто баазад ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Цэрэг жолооч, ахлах жолооч, хэсгийн дарга, механикч зэрэг алба хашиж байгаад, сүүлд баазынхаа дарга болсон. Аавын дүрэмт хувцас, ажил, мэргэжил нь маш их сонирхол татдаг байсан болохоор цэргийн хүн болъё гэж шийдэж байлаа. Х ангиа төгсөөд тухайн үеийн Цэргийн ерөнхий сургуулийн хуулийн ангид орох санаатай элсэлтийн шалгалт өгсөн. 1972 он шүү дээ, цөөхөн хүн авсан, би тэнцээгүй. Тэгээд аав намайг Нийгмийг аюулаас хамгаалах яамд ажилд оруулахаар өргөдөл өгсөн. Хариу ирэхгүй жил гаруй боллоо. Одоо бодоход сургууль төгсөөгүй хүнийг яалаа гэж авах вэ дээ. Тэгээд гурван жилийн цэргийн алба хаахаар 1973 онд татагдсан. Барилгын цэрэгт хуваарилагдаад дөрвөн сар болж байхад “Засан хүмүүжүүлэх байгууллагад хянагчаар цэргийн хүн авна” гэдэг юм байна. X анги төгсчихсөн, үеийнхнээсээ арай боловсролтой цэрэг байсан болохоор давхиад очлоо.
       Ингээд тэр үеийн улсын төв шорон, одоогийн Ганц худаг дахь хорих ангид жил гаруй ажилласан. 1974 онд Нийгмийг аюулаас хамгаалах яам Цэргийн тусгай дунд сургууль байгуулж, би анхны 76 сонсогчийн нэг болж байлаа.
-Тухайн үед хэдэн жил сурдаг байсан бэ. Магадгүй таны анхны томилолт өнөөгийн амжилтад хүрэх эхлэл болсон байх?
-Тэгэлгүй яах вэ. Сургуульд дөнгөж ороход л Батсүх багш маань бидэнд “Та нар цагдаагийн хэсгийн төлөөлөгч. Гурван жил сураад, аль нэг суманд хэсгийн төлөөлөгчөөр явна” гэж хэлж байсан. Тухайн үеийн боловсон хүчний бодлого айхтар байж. Сум бүрийг хэсгийн төлөөлөгчтэй болгох зорилгоор биднийг бэлтгэсэн нь тэр юм. Манай төгсөгчдөөс Сэлэнгэ аймагт 13, Төв аймагт 12, Хэнтий аймагт 14, бусад аймагт 4-5 хүн хуваарилсан. Намайг Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст томилсон. Тэгээд Өндөрширээт сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгч боллоо. Би том модон чемодан чирээд л Төв аймгийн Эрдэнэцогт сумыг хариуцсан хэсгийн төлөөлөгч Амарзэд ахмадыг дагаад явсан сан. Сумын төвд очиход амьдрах бүү хэл, ажлын байр ч байгаагүй. Сумын бичээчтэй хамт нэг жижигхэн өрөөнд суухаар боллоо. “Энэ чиний сейф” гээд өгсөн төмөр гадартай, жижиг модон шүүгээнээс өөр өмчгүй ажлаа эхэлсэн дээ. “Нааш ир” гэх танилгүй хүн чинь арга ядахдаа шинээр барьсан, гуравхан өрөөтэй зочид буудалд амьдарсан. Тэр буудал хүн ирсэн үед л галлагаа хийнэ. Хаа нэг л хотоос хүн ирнэ. Сүүлдээ тэсэхээ байгаад сумын клубын эрхлэгч Очиртөмөртэй танилцаж, тэднийд өвөлжсөн дөө. Өндөрширээт сум хэр барагтай хэрэг гардаггүй, харьцангуй тайван сум. Иргэд нь дөлгөөхөн, архи уугаад байдаггүй болохоор тэр биз. Ямар сайндаа, жилдээ 3-4 хэрэг гарна. Тэр сайхан нутагт хоёр жил ажилласан.
 1988 онд намайг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын өмчийн хэлтсийн даргаар томилсон. Би дарга болох тухай бодож ч байгаагүй. Яалт ч үгүй л мэргэжлийн хүн гэдэг утгаар нь томилсон байх. 
-Таны намтрыг уншиж байхад Москвад сургууль төгссөн байсан. Тэр үед хойд хөршид сурах боломж хэн хүнд олддоггүй байсан болов уу?
-Хэсгийн төлөөлөгчөөс дэвшиж, Төв аймгийн Цагдан сэргийлэх ангийн Хөдөө аж ахуй хариуцсан өмчийн төлөөлөгч боллоо. Жил орчим ажиллаад, ахлах төлөөлөгч болж дэвшсэн. 1980 онд Төв аймгийн Статистикийн газарт ажилладаг бүсгүйтэй танилцаж, гэр бүл болсон юм. Цэргийн тусгай дунд сургуулийг найман хүн онц дүнтэй төгссөний нэг нь би. Аймагт гурван жил, суманд хоёр жил гээд нийт таван жил ажилласан болохоор 1982 онд Москва руу сургуульд явсан. Хуучнаар ЗХУ-ын Дотоод явдлын яамны академи, нэг ёсондоо Болгар, Чех, Унгар, Куб, Афганистан зэрэг тухайн үеийн социалист орны оюутнууд сурдаг тусгай факультет. Хэлний бэлтгэлтэй нийлээд таван жил сурахаар эрүүгийн, өмчийн гээд нийт 30 хүн манайхаас явсан.
     Ахлах дэслэгч цолтой офицер болоод явж байгаа нь тэр. Дөнгөж очиход орос багш нар хэлний шалгалт авч, ярилцлага хийдэг юм байна. Д.Сүхбаатар гэж унаган орос хэлтэй залуу бид хоёр хэлний бэлтгэлгүй шууд үндсэн ангидаа орсон. Намайг сургуульд явахад эхнэр маань жирэмсэн байсан. Суралцах хугацаанаас нэг жил хасагдахад тоймгүй их баярлаж билээ. МҮОНТ, Орбит гэдэг хоёрхон сувгаар орос кино үзэж, сэтгүүл уншдаг байсны ачинд халтар, бултар орос хэлтэй болж, дөрвөн жил сурсан даа. Одоо ингээд бодоход, Цэргийн тусгай дунд сургуульд сургаж, гурван жил хөдөө ажиллуулаад хойшоо сургуульд явуулна гэдэг тухайн үеийн НАХЯ, Цагдаагийн байгууллага боловсон хүчний маш том бодлоготой байсны илрэл.
-Та “Цагдаагийн эдийн засгийн албаны түүхэн товчоо” ном бичсэн. Оросоос ирээд Эдийн засгийн алба байгуулахад гар бие оролцжээ дээ?
-ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг 1986 онд Ж.Бумнанжид, Д.Сүхбаатар бид гурав улаан дипломтой төгссөн. Төгсөхдөө социалист орнуудын оюутнууд дундаас бид гурав сургуулийнхаа хүндэт медалиар энгэрээ чимж байлаа. Цагдаагийн ерөнхий газрын өмчийн хэлтэст дадлага хийж байхад тус газрын дарга Мягмарсүрэн хурандаа “Төгсөхөөр чинь ажилд авна” гэж байсан болохоор төгсөөд шууд ажилд орсон. Тэгээд 1988 онд намайг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын өмчийн хэлтсийн даргаар томилсон. Би дарга болох тухай бодож ч байгаагүй. Яалт ч үгүй л мэргэжлийн хүн гэдэг утгаар нь томилсон байх. Төр, түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж 1990-1999 он хүртэл тус хэлтсийн даргаар ажилласан. Тэр дороо эдийн засгийн алба болчихоогүй ээ.
      Албаныхаа түүхээс товчхон дурдахад, 1938 онд Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх албаны хэлтсийн бүрэлдэхүүнд Эдийн тасаг нэртэй байгуулагдаж байсан. НАХЯ 1990 онд татан буугдсанаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар бие даасан байгууллага болсон. Өнөө өмчийн хэлтсийг “Өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нэртэйгээр дахин байгуулсан. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн хоёр үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг нугалдаг хоёрхон алба байсан нь Эрүүгийн, Өмчийн алба байсан юм. Ерөнхийдөө өмчийн алба улсын болон хоршоолол, олон нийтийн өмчийг ашиглан, шамшигдуулсантай тэмцэх үүрэгтэй ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр үед мөнгө идэх явдал нэлээн байсан гэсэн үг. Тэр үе чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, төр ганцхан өмчтэй, социализмын үе шүү дээ. Манай алба 1965 онд хамгийн олон том хэргүүдийг илрүүлж байсан.
-Жишээ дурдах боломжтой юу?
-Аймгуудын Хөдөө аж ахуйн нэгдлээс ирсэн түүхий эдийг хурааж авдаг контор Улаанбаатар хотод байсан юм. Одооны хүүхдүүд мэдэхгүй байх. Морин тэрэгтэй айлуудаар явж яс, арьс, төмөр, хөнгөн цагаан хураадаг байсан даа. Тэр түүхий эдийн баазын няравууд, бэлтгэл конторын даргатай хуйвалдаад, хуурамч баримт бичүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, баазуудаар тушаасан гэж бичүүлээд, мөнгийг нь зувчуулдаг байж. Өмчийн алба шуурхай ажиллаж, нийт 17 хүн холбогдсон, 260 мянган төгрөгийн хохиролтой тус хэргийг илрүүлж байсан. Одоо сонсоход 260 мянган төгрөг инээдтэй сонсогдож магадгүй. Гэвч тэр үед маш их мөнгө байлаа. Мөн махан зоорины хэрэг байна.
       Улаанбаатарт “Уушийн”, “Арцатын амны”, “Залаатын” гэсэн гурван махан зоорь байсан юм. Хөдөөнөөс ирсэн махыг мөсөөр доторлосон зооринд нөөцөлж, зун хотын иргэдийг махаар хангах үүрэгтэй. Тэр бүү хэл дэлгүүрт мах тараадаг 24 дүгээр авто баазын хөргөгчтэй, тусгай зориулалтын автомашин байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад махан зоорийн нярав, жолооч, дэлгүүрийн нярав, худалдагч нар хуйвалдаж, бичиггүй мах гаргасан нь илчлэгдсэн юм. Нэг ёсондоо хулгайгаар аваад, дэлгүүрт зарж бэлэн мөнгөтэй болдог байсан этгээдүүдийг илрүүлсэн. Тус хэрэгт 40 гаруй хүн холбогдсон бөгөөд улсад 546 мянган төгрөгийн хохирол учирч байсан.
Цагдаа шалгаад байдаг мөрдөн дээр очоод гацдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгоно, хуурамч бичиг баримт бүрдүүлж хийнэ, хэргийн хажуугаас өмгөөлөгч, прокурор орно. Одооны хэргүүд илрэхгүй байгаа гол шалтгаан нь энэ шүү дээ. Үнэндээ илрэхгүй биш илэрдэг. Гэвч хэрэгсэхгүй болгож хаадаг. Эдийн засгийн алба 1994 онд 190 орчим хэрэг илрүүлэхэд бүгд хэрэгсэхгүй болж байсан.
-Нийтийн өмчийг зувчуулах тохиолдол цөөнгүй байж ээ?
-Өө цөөнөөр барахгүй байсан. 1963 онд Автобус баазын төлөвлөгөө биелэхээ байчихлаа. Ажиллаад л, мөнгө аваад л байдаг, орлого нь хүрдэггүй. Тэгэхээр нь манай албаныхан судалж л дээ. Тэгсэн хэвлэх үйлдвэрийн нэг ажилтан, нягтлан, кондуктор, жолоочтойгоо хуйвалдаад хуурамч тасалбар хийж, тасалдаг байсан байгаа юм. Жинхэнэ тасалбарынхаа орлогыг тушаагаад, өөрийнхөө тасалсан хуурамч тасалбарын мөнгийг өөрсдөө аваад байхаар байгууллагын төлөвлөгөө яаж биелэх вэ дээ. Энэ хэрэгт гурван бүлэг 60 хүн холбогдсон байдаг. Тэдний нийт завшсан мөнгө нь 800 мянган төгрөг болсон. Тухайн үед хэргийг баримтжуулах, мэдээлэл олж авах, гүйцэтгэх ажиллагаа явуулах гээд маш их цаг зарцуулдаг байсан.
-Социализмын үед томоохон хэргүүдийг илрүүлж байжээ. Ардчиллын эхэн үед танай алба хэрхэн ажиллаж байв?
-Тухайн үед том, том хэргүүд гарч байсан. Ялангуяа худалдааны чиглэлээр дэлгүүрийн лангуун дээр ховордсон барааг бөөний үнээр, их хэмжээгээр худалдан авч, зохиомол хомсдол үүсгэдэг, дараа нь түүнийгээ үнэ хүргэж зардаг гэх мэт хэргүүд олон гарсан. Нийгэм солигдож, ганцхан банктай байсан манай улс хоёр банктай боллоо, өмч хувьчлагдлаа. Нуулгүй хэлэхэд зах зээл эхлэхтэй зэрэгцэж хээл хахууль цэцэглэсэн гэж би боддог. Хил нээгдсэнээр хүн бүхэн гадаад паспорттой болсон. Гадаад паспорт авахын тулд танил талдаа хэлдэг, хурдан гаргах үүднээс мөнгө өгдөг тохиолдол элбэгшсэн. Бид хэлтсээрээ очиж шалгахад, ажилчдынх нь халааснаас виски, гутал, мөнгө гэх мэт зүйлс гарна. Тэрийг бид цэгцэлсэн. Нэгэнт паспортоо авчихсан хүн олон улсын галт тэрэгний тасалбар авах болно.
     Ингэхдээ мөн л адил хахууль өгдөг. 1993 онд дуулиан тарьсан том хэрэг бол манай алба Ц хэмээх эмэгтэйд эрүү үүсгэж, шалгасан. Тодруулбал, Ц гэх энэ эмэгтэй хоёр жилийн хугацаанд зургаан арилжааны банкнаас хоёр сая ам.доллар буюу 360 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлээ авахын тулд банкны хүмүүст 34 сая төгрөгийн эд зүйл, машин, орон сууц авлига болгож өгсөн. Энэ хэрэгт дөрвөн арилжааны банкны захирал, дэд захирал, салбарын захирал, нягтлан, эдийн засагчид нь гээд нийт 26 хүн холбогдсон. Улмаар шүүхэд шилжүүлэхэд шүүх таван хүнд хорих ял, таван хүнд нь торгох ял өгч, нэг хүнийг тэнсэн харгалзсан. Тус хэрэгт прокурор улсын яллагчаар ороод зургаан хүний ялыг яллахаас татгалзсан.
     Ер нь гадаадад зорчдог болсонтой холбоотойгоор бугын эвэр, тарваганы арьс, цагаан, улаан мөнгөн ус, үлэг гүрвэлийн өндөг хил гаргах гэх мэт хууль бус наймаа газар авсан. Ноос гээд ноолуур гаргана. Тэр үед хил 45 хоног нээдэг байсан. Иргэд энэ бүх хууль бус зүйлсийг ил, далд хийж, оронд нь спирт оруулж ирдэг байсан. Тэр үед спиртийн хэрэг ямар их гардаг байсан гэж санана. Хоёр хэрэг шалгаад л 181 тонн спирт хурааж байлаа.
Манай албаны түүхэнд энэ бүхэн байгаа боловч ард түмэнд ил гаргаж тавиад байх хэцүү. Өмч хувьчлал нэрийдлээр улсын үйлдвэрийг үнэгүй шахуу авч, ганзагын наймааны хажуугаар спирт оруулж ирж байсан гэх мэт бүх үйлдэл нь бий. Энийг одоо ярихад хэцүү байна. Учир нь тэднээс төрийн өндөрлөгт гарсан хүн ч байна. Ордон дотор одоо ч сууж л байна.
-Яагаад заавал спирт авчирдаг байсан юм бол. “17 чингэлэг спирт”-ийн хэрэг энэ үед гарсан уу?
-Тэр үед архи ховор, голдуу шагийн архи байсан. Өөрөөр хэлбэл, спирт найруулж зардаг хүн олон. Мөн дөнгөж байгуулагдаж байгаа архины үйлдвэрт зарна. Ерөөсөө л спиртээ мөнгө болгох зорилготой. Манай алба Гаалийн ерөнхий газартай хамтарч Дарханы вокзалд шалгалт хийгээд нэг удаагийн тохиолдлоор найман вагон спирт хурааж байсан. Тухайн үед эзнийг нь олсон, хэрэг үүсгээд барааг гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэс л зарим Засгийн газрын референтүүд хууль бусаар ажиллаж эхэлсэн. Зөвхөн спиртийн гэлтгүй том, том хэргийн эздийг бид олсон, баримтжуулсан. Өөрөөр хэлбэл, тэр үед бизнес эрхэлж байсан хүмүүс ямар замаар, яаж хөлжсөн бэ гэдгийг бид мэдэж байгаа.
      Манай албаны түүхэнд энэ бүхэн байгаа боловч ард түмэнд ил гаргаж тавиад байх хэцүү. Өмч хувьчлал нэрийдлээр улсын үйлдвэрийг үнэгүй шахуу авч, ганзагын наймааны хажуугаар спирт оруулж ирж байсан гэх мэт бүх үйлдэл нь бий. Энийг одоо ярихад хэцүү байна. Учир нь тэднээс төрийн өндөрлөгт гарсан хүн ч байна. Ордон дотор одоо ч сууж л байна.
-Ард түмэн үнэнийг мэдэх хэрэгтэй. Ер нь ил тод болох цаг ирэх үү. Нууцалсаар л байх уу?
-Ил болох цаг үе ирэх байлгүй. Магадгүй арван жилийн дараа би хэлж болох байх.
-Дээр үед хэрэг илрүүлж чаддаг байжээ. Гэтэл сүүлийн үед томоохон луйвар, авлигын хэргүүд илрэхээ больсон. Та мэргэжлийн хүний хувьд үүнийг юу гэж боддог вэ?
-Цагдаа шалгаад байдаг мөрдөн дээр очоод гацдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгоно, хуурамч бичиг баримт бүрдүүлж хийнэ, хэргийн хажуугаас өмгөөлөгч, прокурор орно. Одооны хэргүүд илрэхгүй байгаа гол шалтгаан нь энэ шүү дээ. Үнэндээ илрэхгүй биш илэрдэг. Гэвч хэрэгсэхгүй болгож хаадаг. Эдийн засгийн алба 1994 онд 190 орчим хэрэг илрүүлэхэд бүгд хэрэгсэхгүй болж байсан.
-Бүх хэргийг илрүүлж чаддаг болоход юу хэрэгтэй вэ?
-Ерөөсөө төрийн тогтолцоо болохгүй байна. Шуудхан хэлэхэд, манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг гэмт хэрэгтнүүд худалдаад авчихсан. Эдийн засгийн Өршөөлийн хууль хоёр удаа гаргаж, хэдэн зуун тэрбумаар нь идсэн хүмүүсээ уучилчихдаг улс шүү дээ. Санаж байвал 33 их наядтай тэнцэх хэмжээний татвараас зайлсхийсэн тохиолдлыг өршөөсөн. Нэг нь гарч ирээд л их мөнгө өгөөд хэргээ хаалгадаг, хаацайлуулдаг. Тиймээс нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчноо шинэчлэх шаардлагатай.
 

Хурандаа Д.ЦОГ: Эдийн засгийн алба 1994 онд 190 орчим хэрэг илрүүлэхэд бүгд хэрэгсэхгүй болж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-03 09:51:52
    Зочин: Маш зөв сэдэв хөнджээ.Энэ сэдвийг зөв мухарлахгүй бол улс монгол сүйрнэ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188