• Өнөөдөр 2024-04-24

Н.ЧУЛУУНХҮҮ: БИ ХЭДЭН БОР ДУУТАЙ Л ХҮН

2021-06-26,   1288

Ээжийн бор аяга, Халагдах цэргийн вальс, Хүмүүс минь амьдрах сайхан, Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ гэх мэт олон сайхан дуугаараа хүмүүсийн хүндлэл хүлээсэн цэргийн гэх тодотголтой гавьяат жүжигчин, бэлтгэл дэд хурандаа Н.Чулуунхүү гуай бурхны оронд заларчээ.  

Түүнтэй 2011 онд ярилцаж байсан ярилцлагаа сэргээн нийтлэв.

-Сайхан хаваржиж байна уу. Таныг Хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч болс ноос хойш гэртээ ч үзэгдэх завгүй байгаа гэж сонслоо. Хөгжмийн зохиолчдын төлөө юу амжуулж, бүтээж явна даа?

-Сайхан хаваржиж байна аа. Хавар болохоор үндэснээсээ өндийх ургамалтай зэрэгцэн амьтан, хүнгүй завгүй болж, өөрт хийгээд бусдад тустай ажил амжуулахаар гүйлддэг юм биш үү. Ах нь ч тэгтэл гүйгээд, гүйснийхээ хэрээр бүтээгээд байгаа юм алга л байна. Харин сүүлийн арваад жил бодсон, сэтгэл зовнисон хэлэх хэд гурван үг бий шүү.

-Таны сэтгэлийг юу тэгтэл зовоогоод байна вэ. Уран бүтээлчдийн амьдрал уу, урлагийн хөгжил үү, эсвэл залуу уран бүтээлчдийн чадвар уу?

-Аль аль нь. Гэхдээ Хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн гэх сэтэр зүүж явдгийнхаа хувьд тэднийхээ ар гэр болоод алдар гавьяаны тө лөө сэтгэл зовохгүй, өвдөхгүй өдөр хоног гэж алга. Цаг хугацаа улирч, нас яваад ч тэр үү өө рийнх өө үеийнхэн, надаас дээших үеэс үлдсэн цөө хөн гайхамшигтай уран бүтээлчийн Монголын хөгжмийн урлагт оруул сан хувь нэмрийг хэн ч анзааралг үй, анзаарсан нь чимээгүй өнгөрчих вий гэх эмзэглэл ч гэх юм уу, дэмий санаашрал ч юм уу ийм л зүйлд сэтгэл зовоод байдаг болж.

-Таны бодлоор хэн хэнд, ямар шагнал өгөлгүй үлдээчих вий гэх бодол байгаа вэ. Ер нь урлаг, соёлын хийгээд утга зохиолын томоохон төлөөлөгчдийн ихэнхийнх нь амьдрал тааруу, насныхаа сүүлд ядарсан байдаг. Та тийм зүйл болох вий л гэж санаашраад байгаа бололтой?

      -Яг тийм. Хийх зүйлээ хийсэн хүн хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа оюуны хөдөлмөр эрхэлдэг, бүх амьдрал, богинохон насаа урлагт зориулсан хүмүүс. Заримаас нь дурдвал, П.Хаянхярваа, Б.Шарав, Г.Алтанхуяг, Г.Цэнддорж, С.Тараа, С.Энхбаяр, Г.Эрдэнэчулуун, сахал Пүүжээ, Ц.Буян-Орших, эмэгтэй зохиолч Б.Алтантуул гээд олон хүн байна. Б.Шаравт “Сэрсэн тал”- ыг бичсэнийх нь төлөө л Төрийн шагнал өгчих ёстой юм. Түүнд ямар олон гайхамшигтай бүтээл байдаг билээ.

     Гэтэл одоо хэн дуртай нь хүссэн цол, хэргэмээ авч байна. Арай ч дээ гэж бодож, гомдохоос аргагүй зүйл цаана чинь олон болж байна шүү дээ. Ш.Гүрбазар нэг удаа “Хийж байгаа уран бүтээл нь хэдэн жил амьдрах нь вэ гэдэг сүүлдээ харагдана даа” гэж байсан юм. Их үнэн үг шүү. Хэний бүтээл үлдэж байна вэ. Тэр л өнөөдөр алдартай, мөнхийн бүтээл туурвисан байна шүү дээ. Түүнээс биш хэдэн дуу дуулаад л гавьяат болчихдог зүйл нь урлаг биш.

-Эдгээр зохиолч, уран бүтээлчийн эрх ашиг хийгээд бусад зүйлийн талаар дуугарах хүний нэг нь та. Та энэ талаараа хэн нэгэнд хүсэлт гаргаж байв уу. Яг хариуцах ёстой байгууллагын хувьд зохиогчийн эрхийн асуудлаар ч юм уу, хөгжмийн зохиолчид хамааралтай ямар ажил хийж байна вэ?

         -Хэдэн зохиолчийнхоо нэрийг алдаршуулах, нэрэмжит шагнал, уралдаан, тэмцээн бий болгох гэх мэт байгууллагаас нэг их хөрөнгө мөнгө шаардаад байхааргүй ажлуудыг эмхтгэж байна. Энэ нь нэг талаараа нэртэй, алдартай хүмүүсээ мөнхжүүлж байгаа хэрэг юм даа.

Харин зохиогчийн эрхийг зөрчиж буй явдал маш их, ихдээ ч гол нь байгаа юм биш. Хүмүүс ёс зүйн хувьд их доройтож, сэтгэлгээ нь баригдмал болж байна. Ойр хавьдаа байгаа зүйлээ л энэ ертөнцөд хосгүй бүтээл гэж ойлгох болж.

Өөрөө шинэ, гайхамшигтай зүйл бүтээж, сэтгэж мэдэхгүй, чадахгүй байна. Ингэлээ гээд хэн нэгний бүтээсэн хөг аялгууг дуртай нэг нь хуулж, өмчлөхийг зөвшөөрч болохгүй. Тиймээс бид Оюуны бүтээлийг хамгаалах нийгэмлэг байгуулсан. Ажил нь овоо жигдэрч байгаа.

     Чамд л гэж хэлэхэд “Зохиолч зохиолчийнхоо тууж, өгүүллэгийг, хөгжмийн зохиолч нөгөөхийнхөө аялгууг мэдэрч, өмгөөлөх цаг нь ирсэн шүү”. Дээхнэ үед тоглолт хийж яваад Ц.Нацагдоржтой уулзахад “Төр, засаг надад юу ч өгдөггүй шүү дээ” гээд их гомдонгуй ярьж байсан нь нүдэнд харагдаад байдаг юм. Удалгүй тэнгэрт хальсан даа. Түүнийг гомдоогоод л явуулчихсан. Бусдыг нь битгий тэгээсэй гэж бодож байна. Яг үнэнийг хэлэхэд хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн шагнал үнэхээр багадсан. Энэ хүн Төрийн шагналаа аваад сэтгэл тайван буцах ёстой байсан. Үүнийг анхаарах цаг нь ирсэн байх шүү.

-Таны албаны ажил тоймгүй их байгаа юм байна. Харин хувийн уран бүтээл, амьдрал хэр байна даа. Бусад зохиолч, уран бүтээлчийнхээ адил жаахан гундуу байгаа юм биш биз?

-Том болсон хүүхдүүд, сайн хань, дуучин хэмээх нэр төрийнх өө хүчинд Чулуунхүүгийн амьдрал хэнээс ч дутахаар гүй шүү. Уран бүтээлчдийг бүг дийг нь ядуу гэж байгаа юм биш. Тэдний дунд гол гайхамшгийг нь бүтээгчид юм юмны ард хоцроод байдагт л хамаг учир байгаа юм. Үнэн үгтэй шүлгэнд сайхан ая хийгээд өгөхөөр дуучид нь хоолоо олоод цаашаа явчихдаг юм. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын нэр нь хааяа нэг зарлагдаад үлдэх жишээтэй. Ийм л юмыг яриад байгаа юм.

          Уран бүтээлийн хувьд М.Бямбажавтайгаа хамтарч дуулснаас хойш 20-иод жилийн дараа “Хүлээсэн, хүлээлгэсэн 15 жил минь” анхны хамтарсан тоглолтоо өнгөрсөн онд хийсэн. Одоо ч орон нутгуудад тоглосоор байна. Саяхан Дархан-Уул, Сэлэнгэ, Мандал, Баруунхараа, Хөтөлд тоглолт хийгээд ирлээ. Цаг нэлээд наашлахаар биднийг хүлээж байгаа бусад аймгийн иргэддээ дуулна. Үүнээс гадна саяхан “Хэдэн бор цэргүүд” гэсэн сайхан дуу гаргасан. Удахгүй “Хэдэн бор найзууд минь” гэсэн найзууддаа зориулсан дуу гарна. Тэгээд Чулуунхүүг олонд таниулсан “Ээжийн бор аяга” дууны үргэлжлэл “бор”-уудаар “Хэдэн бор дуу минь” нэртэй цомог гаргахаар төлөвлөөд байна. Мөн цэргийн дуунаас бүрдсэн клиптэй цомог гаргахаар төлөвлөсөн.

-“Ээжийн бор аяга дуу таны анхны уран бүтээл. Дуучин болж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач. Таныг уртын дуу дуулж, бүжиглэдэг байсан гэдэг юм билээ. Таны охин бас Монголын цөөхөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг. Та хоёроос өмнөх удамд тань урлагийн хүн бий юү?

           -Яг дуучин, бүжигчин гээд явсан хүн байдаггүй л юм. Гэхдээ ээж минь их сайхан дуулдаг, аав гайхамшигтай исгэрдэг хүн байсан. “Ээжийн бор аяга” дууг зохиочихоод би юу хийчихээд, юу дуулах гээд байна аа гэж бодож байлаа. Олны сэтгэлд хүрч, хэдэн арван жил хуучрахааргүй бүтээл болно гэх төсөөлөл ч байгаагүй. Шуудхан хэлэхэд тоогоогүй. Гэтэл өнөөдөр би “бор”-оороо бахархаад сууж байна. Би өөрийгөө ийм олон дуутай болох нь битгий хэл дуучин ч болно гэж бодож, төсөөлж яваагүй хүн шүү дээ.

-Таныг өглөө эртлэн босоод, гитарын намуухан аяар бусдыгаа сэрээдэг гэж дуулсан. Та өөрийгөө хэр халамжтай гэж бодож байна. Ханьтайгаа хамгийн сүүлд хэзээ, ямар тоглолт үзэв?

          -Энийг ёстой марчихсан яваа юм байна шүү. Би ер нь хоол унд, гэр орны ажилд оролцолгүй удсан байна. Нөгөө хэдэн ноот, цомгуудаа л халамжлахаас эхнэртээ сэтгэл гаргаагүй удсаныг маань чи санууллаа. Хүн хэлэхээс нааш гэж, бас хажуудахаа хайхардаггүй гэж үнэн л юм даа.

Амьдралынхаа 40 гаруй жилийг цэргийн дэг журамд зориулсан хүн болоод ч тэр үү цөөхөн цаг унтдаг. Тэгээд үүрээр хийх дуртай ажил маань гитараа бариад, Улс орныг агаарын дов толгооноос хамгаалах ангийн шинэхэн цэрэг гүйж явснаа, ээжийнхээ баярлаж байгааг мэдэрснээ гээд юу эсэхийг дурсах вэ. Уран бүтээлч хүн сэтгэл зүрхээ ямагт зөөллөж байх хэрэгтэй.

-Таныг амьдралдаа нэг алдсаныг хүмүүс мэднэ. Юунаас болоод хүүхдүүдээ өнчрүүлэхэд хүрсэн юм бэ?

          -Байдаг л зүйл шүү дээ. Гэхдээ бас байж болохгүй. Тухайн үед хүүхдүүд маань том болчихсон байсан учраас юу болж байгааг өөрсдийнхөө ухааны хэрээр дүгнэсэн байх. Одоо хүүхдүүд маань сайхан л амьдарч байна. Түүнийгээ би алдсан гэхээсээ илүүтэй “Болох байсан зүйл болсон” гэж боддог юм. Харамсаж, халаглаж байсангүй. Одоо 10 гаруй ач, зээтэй, 400 гаруй дуутай сайхан амьдарч байна. Үүнээс илүү яах ёстой юм.

-Таныг дуулж байгаа шигээ уян зөөлөн бус зарчимч, хатуу хүн гэх юм билээ?

           -Аргагүй шүү дээ. Би армид хүмүүжсэн, байлдагчаас хурандаа хүртлээ явсан цэргийн хүн. Цэрэг, цагдаагийн хүн хэзээ номхон, дөлгөөн, нам дуутай байлаа. Гэхдээ л би хүн гомдоохгүй, урмыг нь хугалахгүй амьдрах юмсан гэж хичээдэг. Бас хэлэх үгээ хэнээс ч айхгүй, шулуун хэлчихнэ. Чулуунхүү хүн бүхэнд таалагдана гэж байхгүй. Бас бүгд таалаасай ч гэж бодохгүй байна. Биднийг ийн ярилцах зуур Н.Чулуунхүү гуай дөрвөлжин шугамтай дэвтрийн хуудсыг дөрөв нугалж хийсэн хэд хэдэн бяцхан дэвтэр гаргаад ирэв.

-Таны ноотоо бичдэг дэвтэр үү. Зохиолч, уран бүтээлч дийн зарим нь ямар нэгэн санаа төрүүт мартахг үйн тулд шалавхан би чиж, тэмдэглэх зориулалттай, таных шиг дэвтэртэй явдаг юм билээ.

          -Энэ дэвтрүүд дээр хийх ажлынхаа төлөвлөгөөг бич - дэг юм. Өдөр, сар, жилийн төлөвлөгөө. Чамтай уулзахаар цаг товлосноо улаанаар бичсэн байгаа биз дээ. Хаа нэг тохиолдолд ноот тэмдэглэдэг. -Төлөвлөгөөний дэвтэр танд хэр олон байгаа вэ. Хэдэн настайгаасаа ийм дэвтэр хөтлөв. Төлөвлөгөөний дагуу ажил бүтэхгүй байх тохиолдол байна биз? -20-иод жил хөтөлж байна даа. Юм тэмдэглэж, бичсэн хуудас бүхнээ хадгалдаг. Төлөвлөгөөний дагуу ажил бүтэхгүй өдөр байх ч маргааш нь, дараагийн өдөр гээд заавал ард нь гарахыг хичээдэг дээ. Хийж чадахгүй юм бол төлөвлөөд яах вэ дээ.

-Таны ирээдүйн хамгийн том төлөвлөгөө юу вэ?

       -Энэ сарын 28-нд хөгжмийн эмэгтэй зохиолчдын анхны “Хатан аялгуу” тоглолт болно. Аймгуудад хөгжмийн зохиолчдын чуулга уулзалт зохион байгуулж, Хөгжмийн зохиолчдын ахуй амьдрал хийгээд уран бүтээлийн байдалтай танилцана. Одоо ер нь энэ хүмүүст төр, холбогдох байгууллагууд анхаарал, зөөлөн гараа дэлгэх цаг нь болсон байх. Миний хувьд өөрийн сэтгэл зүрхээ шингээсэн дуунуудаа эмхтгэж, нэг цомог болгоод, дуунуудаас минь бүрдсэн дуун суварга бүтээх л юм даа.

-Танд тэрийг л хийх байсан юм гэж шүүрс алддаг зүйл бий юү?

        -Хөгжмийн сургуульд сурах минь яав даа гэх бодол төрдөг юм. Хөгжмийн боловсрол эзэмшсэн бол би өдийд огт өөр явах байсан даа гэж бодохоор сонин болдог л юм. Би хөгжмийн зохиол бичих талаар номын дуу нэг ч сонсоогүй хүн шүү дээ.

Тэгсэн хэрнээ л цөөнгүй юм биччихсэн болохоор тийм бодол төрөөд байдаг юм. Гэхдээ би өөрийгөө Монголын хөгжмийн урлагт нэртэй том зохиолч гэж боддоггүй. Хэмжээндээ таарсан хэдэн бор дуутай л хүн.

-Заримдаа танд хотын чимээ, олон зуун төлөвлөгөө энэ бүхнээс түр холдож, хаа нэгтээ чив чимээгүй газарт очих хүсэл төрдөг үү?

       -Тэгэлгүй яах вэ. Цэргийн алба хаасан ангидаа эсвэл Завхандаа очих бодол төрнө. Гэвч цаг хугацаа намайг хүлээхгүй. Амжуулах зүйл их байна. Төлөвлөгөө маань гарт багтаж ядаж байна. Хүмүүсийн шүлэг янзлахаас эхлээд л. Би нутгийнхаа тухай хэд хэдэн дуу бүтээсэн. Үүнийгээ сонсох, дуулахаар нутагтаа очсон юм шиг санагдах үе бий. Хөг бүрийг нь нутгийнхаа уулс, багадаа гүйж, тоглож байсан гол ус, чулууг нүдэндээ зураглаж, сэтгэлдээ шингээж бичсэн болохоор тийм мэдрэмж төрж байгаа юм.

-Та их шүтлэгтэй бололтой?

          -Би амьдралынхаа турш ээжийгээ шүтэж ирлээ. Цаг тутамд, зав л гарвал ээжийдээ сүслэж, залбирдаг. Тийм ч учраас ээжийн минь цагаан буян намайг тэтгэж, өдий зэрэгтэй амьдарч байгаа юм. Ер нь би ээжийгээ баярлуулах л гэж энэ бүхэнд зүтгэж яваа шиг санагддаг. Ээж минь ч баярлаж л байгаа байх.

Талийгаачийн төрөл төрөгсөд, үр хүүхэд, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

 


Н.ЧУЛУУНХҮҮ: БИ ХЭДЭН БОР ДУУТАЙ Л ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-26 23:50:31
    Om: Um ma ni ******** me hum
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188