• Өнөөдөр 2024-03-28

Э.ӨНӨБОЛД: Өмнөд Азийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан

Саяхныг хүртэл манай улсад е-спортыг ердийн нэг цахим тоглоом, түүнд хүүхдүүд олноор донтож байна гэсэн хэвшмэл ойлголттой байсан. Тэгвэл шинэ үеийн залуус е-спортод амжилт гаргаж, дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан баярт мэдээг дуулгасаар байна. Үүний нэг жишээ нь, энэ сарын 14-нд болсон “PUBG-Mobile”-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас гурван баг оролцсоноос нэг баг нь түрүүлж, хоёр баг шилдгээр шалгарсан. Эргэлт.мн мэдээллийн сайт “PUBG-Mobile”-ийн Өмнөд Азийн аварга болсон “Astra” академийн ахлагч Э.Өнөболдтой ярилцлаа. Түүний хувьд 20 гаруйхан настай хэдий ч багаа сайн удирдаж, өнөөдрийн амжилтыг бүтээгээд байна.

-“PМPL” Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.

    -Баярлалаа.

-Аварга болж байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

   -Сэтгэгдэл их өндөр байсан. Манай багийнхан бүгд баярласан. Бид энэ тэмцээнд сүүлийн зургаан сар бэлдсэн.

-Хэсгийн тоглолтоос шилдгээр шалгарч “PMPL” Өмнөд Азийн аваргад өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байсан уу?

    -Бид 100 хувь итгэлтэй байсан. Тийм ч учраас санасан хэмжээндээ тоглож, хүссэн амжилтдаа хүрсэн.

-Тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт дээр танай багийг “Зевс” баг дагаж бууж байлдсан нь е-спорт сонирхогч хүүхэд залуусын дунд багахан хэмжээний маргаан үүсгээд амжсан. Таны хувьд энэ үйлдлийг юу гэж харсан бэ?

-Тэмцээнд оролцож буй хэн бүхэн ялахын тулд тоглодог. Тийм учраас “Зевс”-ийн тэр шийдвэрийг буруутгах хэрэг байхгүй. PUBG-Mobileбол цэвэр багийн спорт. Тэр дундаа маш нарийн анализ, төлөвлөгөөний дагуу явагддаг. Манай баг ч гэсэн тэдний оронд байсан бол яг л тийм үйлдэл хийх байсан. Хэдий бүгдээрээ Монголчууд байсан ч гэсэн тэмцээн дээр бид өрсөлдөгч гэдгийг энэ спортыг шимтэн сонирхогчид маань ойлгох хэрэгтэй.

-Тоглолтын явцад таарахаас эмээж байсан баг бий юу?

   -Бүх баг л жигдхэн сайн байсан. Гэхдээ манай баг аль нэг багаас айгаагүй. Өөрсдийгөө чадна л гэж бодож орсон. Түүндээ ч хүрсэн.

-Э.Өнөболдыг е-спорт сонирхдог залуус “Pika” гэдэг нэрээр нь түлхүү мэдэх болов уу. Тиймээс бидэнд Э.Өнөболдыг танилцуулаач?

   -Би 21 настай. Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн хэдий ч хүүхэд байхаасаа л хотод амьдарсан. Одоогоор Хятад Улсад суралцаж байна.

-Дэлхийн хэмжээний шилдэг багуудаас аль багийг хүндэлж, туршлага хуваалцаж байна?

   -Тэгэлгүй яах вэ. Сайн тоглолт үзэж өөрсдөдөө шинэчлэлт хийдэг. Тэр дундаа Хятадын багуудын тоглолтыг сайн үздэг. Хятад Улсын баг дэлхийд дээгүүр бичигддэг шүү.

-Е-спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүний хувьд Монголд е-спортын хөгжил ямар байгаа гэж боддог вэ?

   -Е-спорт Монголд хөгжөөд удаж байна. Манай баг байгуулагдахаас ч өмнө хөгжиж эхэлсэн байсан. “CS go”-ийн тамирчдаас эхлээд л хүлээн зөвшөөрч эхэлсэн. Е-спортыг зүгээр нэг “ПС тоглоом” гэж харахаа больсон гэх юм уу.

-Сая танай багийн тоглогч “Аction” шилдэг тоглогчоор шалгарсан. Тэгвэл танд дэлхийн аваргын тоглолтод шилдэг тоглогч болох боломж бий юу?

-Боломж бий. Гэхдээ тоглогч бүр өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй тоглодог болохоор түүнээсээ хамаарч харилцан адилгүй байдаг. Миний хувьд багийн үндсэн зохион байгуулагч болохоор бусдаасаа илүү оноо авах боломж хомс.

-Хамгийн мартагдашгүй тоглолтоосоо дурдвал?

   -Сонирхолтой асуулт байна. Энэ удаагийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн  эхний тоглолт үнэхээр дурсамжтай байсан. Цаашид ч мартагдахгүй байх. Мэдээж хэрэг ийм том түвшний тэмцээний анхны хожил гэдэг утгаараа сэтгэлд буусан байх л даа.

-Сүүлд “Зевс” баг шагналын мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд Э.Ананд хүүгийн эмчилгээний зардалд хандивласан. Харин танай багийн хувьд хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу. Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулж байна вэ?

    -Бид ярилцаад сайн үйлсийн аянд нэгдэж, хандив өргөсөн байгаа. Гэхдээ бид ингэлээ тэглээ гээд гайхуулаад байхаар зүйл биш болохоор энэ удаад нууцалчихъя.

-Дараагийн зорьж буй томоохон тэмцээн юу байна вэ?

   -Одоогоор том тэмцээн алга аа. Дэлхийн аварга л байна. Түүнд л бэлдэж байна даа.

-Зургаан сарын турш бэлтгэл хийсэн гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд дэлгэц их удаан ширтсэн болов уу. Эрүүл мэндээ хэрхэн хамгаалж байна вэ?

   -Бэлтгэлийн үеэр ядрал байдаггүй. Бид нар тодорхой цагийн хуваарь гаргасан байдаг. Өдрийн тэр хугацаанд бэлтгэлээ хийнэ гэдэг ч  юм уу. Долоо хоногт хоёр удаа тоглолтын арга барилаа ярилцаж багаараа алхдаг.

-Е-спортоор хичээллээд чиний амьдралд юу өөрчлөгдсөн бэ?

   -Яг тэр энэ гээд хэлэх зүйл алга аа. Багаа хэрхэн удирдах арга ухаанд суралцсан юм болов уу.

 -Хүмүүст хандаж цахим тоглоомыг хэрхэн тааруулж, зөв тоглох талаас нь зөвлөгөө өгөөд ярилцлагаа өндөрлөе.

   -Тэгэлгүй яах вэ. Аливаа зүйл хэмжээндээ байх нь л сайхан шүү дээ. Тиймээс цахим тоглоомыг цаг заваа тааруулж тоглоод, хэрвээ е-спортоор хичээллэхийг хүсвэл тууштай байгаарай гэж хэлмээр байна.

 


Э.ӨНӨБОЛД: Өмнөд Азийн аварга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-28 15:26:30
    Ts.Gantsooj: Tanid Bol Amjilt l gj helida
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-18 00:47:00
    e purevbat: sain shuu daraa temsheen bolbol turuuleeree
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-18 00:46:59
    e purevbat: sain shuu daraa temsheen bolbol turuuleeree
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188