• Өнөөдөр 2024-03-29

М.УРАНЦЭЦЭГИЙН ААВ А.МӨНХБАТ: Охиныхоо унаа, даваа бүрд л хамт байдаг даа

-Би  өөртэйгөө адилхан бөх болгох гээд дэмжээд л байлаа. Ээж нь охиноо мисс болгох гээд зөрүүдэлж байхгүй юу (инээв). Би чинь “бүдүүн хар” хүн шүү дээ. Өөртэйгөө л адилхан болгох гээд зүтгээд байсан хэрэг-

      Тэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын тод өнгө. Олон ч амжилтын эзэн.  Мөнхбатын Уранцэцэг гэх жүдо бөхийн тамирчинд монголчууд итгэж, омогшиж, бахархаж, хайрлаад 10 гаруй жил өнгөрчээ. Дэлхийн дэвжээнд торойгоод л ганцаараа үлдэх үе ч түүнд бий. ДАШТ-ий алт, мөнгө, хошой медальт М.Уранцэцэгийн аав А.Мөнхбаттай ярилцлаа. Түүний охин хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болоод байгаа билээ.

       Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннест бичигдээд удаагүй байгаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүдээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад бүртгээд байгаа юм.

-Сайхан зусаж байна уу, та. Улаанбаатар хотод байна уу?

       -Сайхан зусаж байна аа. Манай ийшээ зуншлага сайтай жил болж байна. Одоохондоо аймгийнхаа төвд байгаа. Заримдаа хэдэн малаа эргэхээр хөдөө рүүгээ явчихаад л байж байна. Охиноо ирэхээр хот явна даа. Миний том хүү намайг авахаар ирээд байгаа. Охиныгоо ирэхийг дөхүүлж байгаад л очдог юм уу санаатай сууна.

-Гавьяат энэ жил сайхан өнгөтэй байна даа. Дэлхийн аваргын дөрвөн медальтай анхны жүдоч боллоо шүү. Таны сэтгэл их өндөр байна уу?

      -Ээ дээ, охиноос минь хэл ам л хол явбал сайхан өнгөтэй байна даа. Миний охинд чинь авч үзээгүй медаль ганцхан л байгаа шүү дээ. Олимпоос л медаль авчихвал охины минь мөрөөдөл биеллээ гэсэн үг. Олон жил ганцхан үүний төлөө л цаг наргүй зүтгэж яваа жаахан охин минь. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд миний охин хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж Гиннесийн номонд хүртэл бичигдлээ. Миний сэтгэгдэл энэ бүхэнд өндөр байлгүй яах вэ. Урнаа чинь миний амь байхгүй юу.

-Охиныхоо барилдахыг харж чаддаг уу, та?

     -Харна аа, харалгүй яах вэ. Унаа, даваа бүрт нь л охинтойгоо хамт давж, унадаг даа. Хазайхад нь хамт хазайж, давахад нь өөрөө давсан юм шиг хүч бяр гарсан байдаг юм. Охин минь яг юу мэдэрч байна, би гэртээ тэр бүх зүйлийг нь л хамт мэдэрч суудаг. Энэ жилийн Дэлхийн аваргыг үзээд үнэхээр их огшлоо. “Хаашаа унагаах бол, хаашаа унах бол” гээд л сандал дээрээ сууж чадахгүй байлаа. Миний охин чинь хэн бүхний аваад байдаггүй Дэлхийн аваргын дөрвөн медальтай боллоо. Хүрэл медалийн төлөө барилдаад давахад нь зурагтаа аваад шидэх нь холгүй байлаа. Гэхдээ охиныг минь яг надтай хамт байгаа юм шиг мэдрэмж төрүүлж, дэвжээнээс нь буугаад ирэхэд нь аав руугаа зүглээд алхаж байгаа юм шиг санагдуулсан зурагтаа яалаа гэж шидэх вэ. Үнсээд л байлаа. Дээлийнх нь захыг бараг урагдтал мушгисан даа. Магнайгаа хагартал баярлалаа, ер нь охиндоо дандаа баярлаж явдаг. Өөр юу хэлэх вэ.

-Та охиныхоо бага насыг яриад өгөөч?

      -Би Үндэсний бөхөөр барилддаг байсан юм. Жаахан байхаасаа л надтай хамт заалаар том цүнх үүрчихээд алхаад байдаг хүүхэд байлаа. Би охиныхоо тэр дүр төрхөд нь дэндүү их хайртай. Тэр үеүдээ бодохоор өөрийн эрхгүй хайр төрөөд байдаг юм аа. Миний охин чинь их эршүүд. Багаасаа л эрэгтэй хүүхдүүдтэй ноцолдож, барилддаг байлаа. Бараг эмэгтэй хүнтэй харьцахгүй шүү дээ (инээв). Дээрээс нь өөрийнхөөрөө, тэвчээртэй, дайчин хүүхэд. Багадаа ямар байсан яг л тэрийгээ байгаа, миний охин.

-Та охиныгоо бөх болохыг нь дэмжээд, ээж нь дэмжихгүй байсан гэдэг юм билээ. Энэ талаар ярьвал?

      -Тийм ээ, би өөртэйгөө адилхан бөх болгох гээд дэмжээд л байлаа. Ээж нь охиноо мисс болгох гээд зөрүүдэлж байхгүй юу (инээв). Би чинь “бүдүүн хар” хүн шүү дээ. Өөртэйгөө л адилхан болгох гээд зүтгээд байсан хэрэг. Охиноо зааланд хамт явааг нь харахаар өөрийн эрхгүй бөх болгомоор санагддаг байлаа. Бөх болгосныхоо баяр жаргалыг одоо эдлээд л сууж байна даа.

-Та охиноо тэмцээнд мордоход нь юу гэж захидаг вэ. Байнга л тосож яваа харагддаг.

-Олон улсын тэмцээнээс ирэх болгонд л тосохыг хичээдэг. Заримдаа амжихгүй үе таарах юм аа. “Бэртэл гэмтэлгүй, сайн яваад ирээрэй” л гэж хэлдэг. Миний охин чинь ухаантай, юуг л бол юуг хийж чадах хэмжээний хүн болохоор олон юм хэлдэггүй юм. Өөрийнхөө чадах бүхнийг л дэлхийн дэвжээнд хийж таараа шүү дээ.

-Та аймгийн начин цолтой юм билээ. М.Уранцэцэг аваргын ээжийн тал бөхийн удамтай юу?

      -Тиймээ, манай хоёр тал хоёулаа бөхийн удамтай. Гэхдээ манай тал арай олон бөх төрөн гарсан нь байх. Аймгийн цолтой олон бөх бий. Манай аав Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан юм. Манайхны талаас ер нь ноцолдож, барилдаггүй хүн ховор. Бүгд л өөрсдийнхөө хэмжээнд барилдаж, амжилт гаргаж явна.

-Уранцэцэг гавьяатыг сайхан Хөдөлмөрийн баатар болсон гэж сонссон. Шагналаа хэзээ авах вэ?

      -Сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн тийм сураг дуулсан. Гэхдээ одоогоор миний охинд хэлсэн юм алга. Миний охин чинь Хөдөлмөрийн баатар болох хэмжээний хөдөлмөрлөсөн гэж би аав хүний хувьд боддог. Охиныхоо амжилтыг ярьж, гайхуулах дуртай хүн бий.

-Токиогийн олимпод охиныгоо амжилт гаргана гэж итгэж, сэтгэл догдлон хүлээж байна уу?

     -Хэлэх ч юм биш ээ. Сэтгэл тогтож чадахгүй хүлээж сууна. Миний охин тэмцээнээс ирсэн даруйдаа нутгийнхаа уул усанд ирж мөргөх байх. Томоохон тэмцээнд яваад ирэх болгондоо ирж нутагтаа өөрийгөө даатгадаг. Энэ ч зөв шүү. Тэгээд л бэлтгэлдээ гарч олимпод явах байх даа. Охиныгоо чадна гэж би эцсээ хүртэл итгэсээр байх болно. Би охиндоо хязгааргүй их итгэж, хайрладаг. Урнаа чадах бүхнээ л хийнэ. Тэр чадна л гэсэн бол чадаж, хийнэ л гэсэн бол хийдэг шартай охин.  

 


М.УРАНЦЭЦЭГИЙН ААВ А.МӨНХБАТ: Охиныхоо унаа, даваа бүрд л хамт байдаг даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-03 05:41:54
    Жаахан хүүхэд байхад нь аав нь хаана яваад: Байсан бэ Аав нь бус ээжид нь баяр хүргэе Уранцэцэг гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 20:43:20
    Гантулга: Аав охин 2 т баяр хүргэж амжилт аз хийморь ерөөе.Олимпын аварга болоорой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:05:09
    Р: Олон жил баярлуулж бна шүү.. мундаг охин юм аа... муу бүхэн холуур байг..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 14:16:24
    Oyunbayr: Tokiogiin tenger mongol ulsa manduulaasai gej hvsen erooe. Ta chadnaaa mongol tvmen chini itgej bga shvvv amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:29:19
    zochin: MUiin hamgiin 2 shan busgui Uranchimegtee.hairtai aav.eejid n bayr hurgej urt naslaj udaan jargaarai.Olompiin mydali oirhon shuu.Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 10:29:13
    zochin: MUiin hamgiin 2 shan busgui Uranchimegtee.hairtai aav.eejid n bayr hurgej urt naslaj udaan jargaarai.Olompiin mydali oirhon shuu.Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-14 08:59:01
    Темка: Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-11 16:31:20
    demjigch: aav eej n aztaa humuusee iim saihan urtee ta2t urt nas sain saihan eruul enhiig husiy gavyat daa sportiin undur amjilt husiy olimpiin alt avaarai gej yuruuy .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188