• Өнөөдөр 2024-05-17

С.БАТТУЛГА: Би голын эрэг дээрх салхинд найгах бургас шиг намуухан хүн

-ӨӨРИЙГӨӨ МАГТААД ХЭЛЭХЭД ХӨНГӨН, ИНЭЭДМИЙН ТӨРЛИЙН КИНОГ АЯТАЙХАН НАЙРУУЛЧИХДАГ БОЛОВ УУ-

“Сайн аав” киноны эгэл жирийн таксины жолооч, сайн аавын дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, найруулагч С.Баттулгатай ярилцлаа. Түүний хувьд “Дэлхийд дурласан сар”, “Зөрлөг”, “Онцгой даалгавар”, “Сайн аав” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. “Би голын эрэг дээр салхинд намуухан найгах бургас шиг дөлгөөн хүн шүү дээ” хэмээн бидний ярилцлага өрнөсөн юм.

-Сайн байна уу. Таны сүүлд найруулсан “Гэнэтийн зочид” олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Энэ уран бүтээлээр ярилцлагаа эхэлье?

    -Сайн байна уу. Хамгийн сүүлд “Гэнэтийн зочид” хэмээх 24 ангитай кинон дээр ажиллалаа. Хүмүүсийн амьдралд тохиолддог олон асуудал, амьдралд хандах хандлага, үзэл санааг киногоороо дамжуулж хөнгөн, хөгжилтэйгөөр харуулахыг зорилоо. Үзэгчдийн зүгээс ам сайтай байна.

-Уран бүтээл туурвихад хамгийн чухал нь зохиол байдаг. Энэ кино зохиолын хувьд юугаараа онцлог вэ?

     -Би өмнө нь хэд хэдэн олон ангит кинонд найруулагчаар ажилласан. Үүнээс гадаад киног албан ёсны эрхтэйгээр худалдан авч, өөрсдийн хөрсөн дээр буулган, найруулж байлаа. Харин энэ удаагийн кино зохиолыг дөрвөн зохиолч хамтарч бичсэн. Дөрвөн өөр хүний бодол, үйл явдлын төсөөллийг шингээсэн зохиол юм л даа.

-Сүүлийн жилүүдэд гадны томоохон контент, кино бүтээлийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж байна. Үүнд мэдээж давуу болон сул тал бий байх?

     -Тийм шүү. Мөнгөтэй, чадалтай телевизүүд олон сайхан контент оруулж ирж байна л даа. Түүнийгээ ч үзэгчдэд хүргэж чадаж байна. Ингэснээр үзэгчдийн оюуны чадамж дээшилж байгаа юм. Энэ нь мэдээж давуу тал шүү дээ. Харин сул тал нь хэчнээн сайхан, үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн контентийг өөрсдийн хөрсөн дээр буулгана гэдэг хэцүү. Учир нь үзэл санаа, үнэт зүйл өөр өөр байдаг.

-Жүжигчин мэргэжлээр төгссөн хэрнээ найруулагчаар түлхүү ажиллаж ирсэн. Найруулах урлаг илүү таалагдсан юм уу?

     -Би 2001 онд сургуулиа төгссөн. Тэгээд нэг студидэд жижигхэн реклам, клип хийж гурван жил болсон. Түүний дараагаар 2005 онд “Толбо” нэртэй анхны киногоо найруулж байлаа. Хэдий тэр кино маань бүтэлгүйтсэн ч гэсэн тэр цагаас хойш кино урлагт шунан дурлаж, өнөөдрийг хүртэл амьдралаа зориулж явна даа.

-Өнөөдрийг хүртэл найруулсан киноноос тань үзэгчдэд аль нь илүү хүрсэн бэ?

     -Найруулсан киноныхоо нээлтийг хийх цаг үед хамгийн сайн бүтээл болсон юм шиг л санагддаг. Тэнгэрт ниснэ шүү дээ. Цаг хугацаа их харгис юм. Жил өнгөрөх тусам хийсэн киногоо чамлаад байдаг юм билээ. Тэгээд зохиол, түүнийг илэрхийлж буй аргачлалын хувьд дөнгүүр болсон нь  “Дэлхийд дурласан сар” кино юм болов уу. Тэр зохиол намайг их зовоосон. Олон зөрчил, шаналалтай. Тэр болгоныг хэрхэн үзэгчдэд ойлгомжтой байдлаар найруулах вэ гээд их шаналсан.

-Өөрийгөө хэр сайн найруулагч гэж боддог вэ. Жүжигчдээ хэрхэн шинээр нээдэг бол?

    -Ер нь миний найруулсан кинонуудыг үзвэл дандаа л мелодрам, инээдмийн өнгө аястай кино бий. Энэ нь магадгүй миний дотоод хүнтэй холбоотой болов уу. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд өөр жанр, өөр сэдвээр кино найруулахыг мөрөөддөг. Даан ч тас хийтэл бүтээчих боломж, сэдэв, санаа нь алга байна. Өөрийгөө магтаад хэлэхэд, би хөнгөн, инээдмийн төрлийн киног аятайхан найруулчихдаг.

Найруулагчийн хувьд кино зохиолоос эхлээд тухайн киногоо бүхлээр нь харж чаддаг. Мөн жүжигчдээс гарч болох нөөц, боломжийг сайн мэдэрдэг.

Би уран бүтээлч болгонтой өөрөөр харьцдаг. Гол нь сайн ойлголцож, чанартай бүтээл гаргах нь чухал. Зандруулмаар байгаа жүжигчинд сайхан зандраад өгдөг. Тэгж байж тэр хүний сэтгэл хөдлөл нь илэрдэг. Эсрэгээрээ зандрахаар дотоод сэтгэлээ гаргаж чадахаа больдог жүжигчин байна. Тиймээс миний баримталдаг зарчим уран бүтээлчидтэйгээ ойлголцох юм. Түүнээс биш найруулагч гэхээр л хөмсгөө зангидсан, орилсон тийм хүнийг хэлэхгүй шүү дээ

-Кино найруулагчид дүр сонголт дээр бэлэнчилж байгаа нь анзаарагддаг. Инээдмийн дүр гэхээр л хүмүүст хошин урлагаар хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин тоглуулах жишээтэй. Тухайн жүжигчнээ эвдэж, нийтлэг бүтээдэг дүрээс нь өөрчилж өгөхгүйгээр хайрцаглаад байх шиг санагддаг. Та үүнтэй санал нүүлэх үү?

    -Энэ их гүн утгатай асуулт байна. Сергей Безруков гэж Оросын алдарт жүжигчин байдаг даа. Тэр “Театрын урлаг  бол жүжигчин хүнийг олон талаас нь нээж, задалж, эвдэж өгдөг  маш том сургалт байдаг. Харин кино урлаг бол жүжигчинд байгаа нөөцийг сорж авдаг” гэж хэлсэн байдаг.

Энэ үнэний ортой. Яагаад гэхээр театр бол их удаан хугацааны бэлтгэл хийсний дараа тайзан дээр цаг гаруй тоглодог. Тухайн уран бүтээлч дүрээ судлах, бэлдэх хугацаа хангалттай байдаг. Кино урлаг болохоор тухайн жүжигчнээ "эвдэх", задалж өгөх хугацаа байдаггүй. Тийм болохоор уран бүтээлчийнхээ өөрт байгаа чадвар, авьяас дээр нь ажилладаг. Энэ бол ганц манайд тохиолддог зүйл биш. Магадгүй кино урлагийн өөрийнх нь онцлог байх.

-Таны сүүлийн уран бүтээл болох “Гэнэтийн зочид” кинонд олон шинэ уран бүтээлчид гол болон туслах дүр бүтээсэн байна лээ. Ер нь залуу уран бүтээлчдийг хэр сайн дэмждэг вэ?

     -Тиймээ. Сүүлийн хэдэн уран бүтээлдээ шинэ гарч ирж байгаа жүжигчидтэй ажилласан. Мэдээж олонд танигдсан жүжигчдэд тохирох дүр оноодог. 18-25 насны дүрд олонд танигдаагүй, залуу жүжигчин тоглуулахыг хичээдэг. Залуу жүжигчдийн хувьд "битүү морь" шиг л байдаг. Өмнө нь өөрийгөө харуулсан уран бүтээлд тоглож байгаагүй, юу чаддаг вэ гэдгийг нь мэдэхгүй яг л "бинго" шиг. Гэхдээ кино урлагт бинго тавьж болохгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр авьяастнаа хайж  олох л хэрэгтэй. Миний хувьд шинэ, чадвартай уран бүтээлчдийг үргэлж хайж ирсэн.

-Та мэргэжлээрээ төгсөөд уран бүтээлд их хожуу тоглож эхэлсэн шүү дээ. Анх тоглож байсан уран бүтээлээр тань ярилцлагаа үргэлжлүүлье?

    -Би 2009 онд найруулагч Ч.Ганзориг ахын санал болгосноор “Зөрлөг” кинонд Тайвнаагийн дүрийг бүтээсэн.  Би тэр киноны зохиолыг бичихэд гар бие оролцсон юм. Тэгтэл нэг өдөр Ч.Ганзориг ах "Тайвнаагийн дүрд чи өөрөө тогломоор юм биш үү” гэж санал тависнаар энэ сайхан дүрийг бүтээх боломж олдсон. Кинонд тоглох бодолгүй байсан надад гэнэт тийм санал тавихаар их айсан мөн баярласан. Тухайн үед хүний итгэлийг алдахгүйн тулд их хичээсэн дээ.Түүнээс хойш хэд хэдэн уран бүтээлд дүр бүтээсэн байна.

-Таны бүтээсэн дүрүүдээс үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь магадгүй "Сайн аав" киноны дүр болов уу. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

    -Нэг үе өөрийгөө чамлаж, "Жүжигчин болж чадахгүй дээ" гэж бодож байсан надад итгэл хүлээлгэсэн Тайвнаагийн дүрдээ их хайртай. Тэр дүр надад өөртөө итгэх итгэл өгсөн юм. Мөн “Сайн аав” кинонд таксины жолооч, энгийн сайхан аавын дүр бүтээсэн. Түүний дараагаар хүмүүс намайг эерэг, сайхнаар хардаг болсон. Яг л энэ киноны сайн аавын дүртэй адил энгийнээр хардаг юм шиг байна лээ. “Өнөөх сайн аав явж байна” гээд л их олон хүн эерэг сэтгэгдэл хэлсэн шүү. Миний хувьд ч мөн зөв, сайхан гишгэж явсан тэр хүний мөрөөр гишгэж, "сайн аав"-ын дүр бүтээсэндээ талархаж явдаг.

-Та уран бүтээлээрээ үзэгчдэд бүтэлгүй Тайвнаагийн дүрээс эхлээд, олон өнгө аясаар танигдсан. Харин бидний мэдэхгүй С.Баттулгын тухай яривал?

     -Би их чимээгүй хүн шүү дээ. Кино, уран бүтээлүүдийн дүрээр хүмүүст хүрсэн шиг их хөгжилтэй хүн биш. Өөрийгөө зүйрлэвэл голын эрэг дээр, салхинд чимээгүй найгаад л байдаг бургас шиг намуухан хүн. Бусадтай маргалдаж, хатуу, ширүүн үг хэлээд байдаггүй. Тийм л хүн дээ.

-Хоёулаа өмнө нь ярьсан. Манай улс гаднаас кино, контент албан ёсны эрхтэй оруулж ирж байна гэж. Үүнд мэдээж таны хэлсэн шиг сайн, муу талууд бий. Тэгэхээр заавал өндөр үнэтэй гадны киног худалдан авч байхаар өөрсдийн кино зохиолыг сайн  дэмжиж, хамтарч ажиллаад явах боломж байдаггүй юм уу?

    -Гаднаас албан ёсны эрхтэй кино хамгийн их оруулж ирж, найруулсан хүн чинь би шүү дээ. Тийм хүнээс ийм асуулт асуудаг их зоригтой байна шүү. Би ингэж боддог. Зохиол гэдэг бол сэдэв бөгөөд санаа. Тиймээс гаднын кино, уран бүтээлийн сэдэв санааг нутагшуулах боломжтой гэсэн үг. Бид зөвхөн өөрсдийн сэтгэмжээр дотоодын зохиолчдод тулгуурлан кино хийнэ гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэх юм бол бид байгаа байрандаа зогсоно. Үзэгчдийн оюуны чадамж дэлхийн хэмжээнд хүрсэн. “Netflix”-ээс олон сайн кино захиалаад үзэж байна. Тийм байхад бид дэлхийн хэмжээнд сэтгэж, тэр дайны урлаж чаддаггүй юм аа гэхэд дөхүүлж очих хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид зөвхөн Монголдоо гээд өөрсдийн түүх, соёлын хэмжээнд сэтгээд байвал тэр урлаг биш. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш л дээ. "Дэвшлийг хүсэж байгаа бол сайн хуулбарла" гэсэн зарчим байдаг шүү дээ.

-Өөрийн орны түүх, соёлоор бүтээл хийх бодол бий юү?

    -Би 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар кино хийхийг хүсдэг. Яагаад гэвэл, би тэр үйл явдалтай санаандгүй огтлолцчихсон юм. Надад Дуурь бүжгийн эрдмийн театраас дуурь бичиж, монтажлах захиалга орж ирсэн. Тэгээд би камер хамаг юмаа аваад ирэхэд хүмүүс бослого гаргаж эхэлсэн. ДБЭТ-т дууриа бичиж байх үед бослого улам ширүүсч, энд тэнд барилга шатаж эхэлсэн л дээ.

Театр дотор бид урлаг, уран сайхан гэж бужигнаад, гадна талд бослого, тэмцэл гэж бужигнаад, энэ их сонин тохиол юм л даа.

Тэр дуурь 1945 оны чөлөөлөх дайнаар Өвөрмонголыг чөлөөлөөд Цагаан хэрэм рүү явж байсан монгол цэргийн тухай өгүүлдэг. Уг дуурийг Маршал Х.Чойбалсан захиалж хийлгэсэн гэдэг. Тийм дуурь бүтээж байхад бослого гарч байсан сонин үе. Яг энэ тохиолоор кино хийвэл хийц нь их өөр болох болов уу.

-Ярилцсанд баярлалаа.


С.БАТТУЛГА: Би голын эрэг дээрх салхинд найгах бургас шиг намуухан хүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188