• Өнөөдөр 2024-05-13

Б.АЛТАНХӨЛӨГ: Жүжигчин Жерри аливааг амархан сурдаг, авьяаслаг учир хамтарч ажиллахад сайхан байлаа

2021-06-10,   2297

-“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд оролцох сонирхолтой байгаа-

“Мүүн дэнс” хамтлагийн тамирчин Б.Алтанхөлөгтэй ярилцлаа. Тэрбээр “Одотой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн финалын шатанд үлдэж, хамтрагч болох “Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжавын хамт олон сайн үзүүлбэрийг үзэгчдэд хүргэсэн билээ.


-“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг 13 долоо хоног үргэлжилж өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Таны хувьд уг шоу нэвтрүүлгийн хүчтэй оролцогчдын нэг байлаа. 13 долоо хоногийн урт аялал хэрхэн өнгөрөв?

          -“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг 30 жилийн түүхтэй, томоохон нэвтрүүлэг. Бага байхдаа Америк, Англи зэрэг улс уг шоуг зохион байгуулахад нь үздэг байсан. Тухайн үедээ “Ямар гоё юм бэ. Монголд ийм нэвтрүүлэг болоосой” гэж бодоод өнгөрдөг байлаа. Тэр үед бүжгийн спортын шоу нэвтрүүлэг манай улсад тийм ч их зохион байгуулагддаггүй байсан.

"Монгол" телевиз уг шоу нэвтрүүлгийг зохион байгуулна гэхэд манай хамтлагийнхан маш их баярласан. Уг шоуны сонгон шалгаруултад монгол дахь бүх л бүжгийн хамтлаг оролцсон. Ойролцоогоор 300 гаруй хүн сонгон шалгаруулалтад орсон байх. Манай хамтлагаас зургаан хүн тэнцсэн. Уг нэвтрүүлгийн анхны улирлын финалын шат хүртэл явсандаа баяртай байна. Мөн энэ шоу нэвтрүүлэг бүжгийн спортыг монголчуудад таниулж чадлаа. Уг спортоор хичээллэснээр ямар их эерэг үр дагавар гардаг вэ гэдгийг үзэгчид шоуны туршид харсан байх.

“Voice of Mongolia” нэвтрүүлэг анх зохион байгуулагдахад оролцохоор бүртгүүлж байлаа

-Та анх хэзээ бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

       -Дөрвөн настай, цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг байхдаа цэнгээнт бүжгийн аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан. Тэр үед л би хамгийн анх цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн юм. Хаврын баярын тэмцээнээс багагүй шагнал авч, байр эзэлдэг байсан. Аав ээж, гэр бүлийнхэн маань зөвхөн бүжиг гэлтгүй юу ч хийсэн сайн дэмждэг. Ээж маань оюутан байхдаа баллетаар хичээллэдэг байсан юм байна лээ. Гэр бүлийнхнээс минь өөр бүжгийн спортоор хичээллэж байсан болон энэ чиглэлээр дагнан ажилладаг хүн байхгүй. 

-Та 2017 оноос “Мүүн дэнс” хамтлагийн ахлагчаар ажиллаж эхэлсэн юм байна лээ. Анх хэзээнээс энэ хамтлагт орсон бэ?

        -“Мүүн дэнс” хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан. Миний хувьд анхны гишүүнээр нь орж байлаа. 2017-2018 онд хамтлагийн ахлагчаар ажилласан. Манай хамтлаг сүүлийн зургаан жил улс, ДАШТ-нд тасралтгүй оролцож байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрөв, таван удаа түрүүлсэн. Харин ДАШТ-нд зургаан жил дарааллаж оролцохдоо гурван удаа финал, гурван удаа хагас финалд шалгарч үлдсэн. Манай хамтлаг Монгол Улсдаа дээд амжилтыг тогтоогоод байна. ДАШТ-ний дээд амжилт тавдугаар байр байсан юм билээ. Уг тэмцээнд Азийн орнуудаас зөвхөн манай улс төлөөлж, оролцдог. 2018 оны ДАШТ-нд Хятад Улсын баг тамирчид анх удаа оролцсон. Европийн орнуудын өрсөлдөгчидтэй харьцуулахад Азийн орны тамирчид жижиг биетэй харагддаг. Харин шүүгчид бидний бүжиг дэглэлт буюу зохиомжид сайн үнэлгээ өгч байгаа нь анзаарагддаг.

-“Ододтой бүжиглэе” шоуны О.Саранхүү шүүгч “Мүүн дэнс” хамтлагийн дасгалжуулагч. Багшийнхаа заасан зүйлийг нэвтрүүлгийн үеэр алдаагүй, сайн үзүүлэхийн тулд багагүй хичээсэн байх?

-О.Саранхүү шүүгч Мүүн дэнс клубийг нөхрийнхөө хамт үүсгэн байгуулсан. Уг клубийн дэргэд 2013 онд “Мүүн дэнс” хамтлаг гэж байгуулагдсан нь манай хамтлаг юм. Тухайн үед буюу хамтлаг байгуулагдсан эхний жил н.Оюунбат багш биднийг дасгалжуулсан. Дараагийн жилээс О.Саранхүү, н.Оюунбат багш хамтдаа дасгалжуулж, уралдаан тэмцээнд авч явдаг болсон.

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн дараагийн улиралд оролцох бүжигчдийг сонгон шалгаруулах эсэхийг телевизийн алба шийдвэрлэх байх. Гэхдээ анхны улиралд оролцсон бүжигчид бүрэлдэхүүнээрээ дараагийн уоиралд оролцож магадгүй. Хэрэв ямар нэг шалтгааны улмаас зарим бүжигчид оролцох боломжгүй гэвэл дараа дараагийн бүжигчдийг сонгон шалгаруулах байх. Миний хувьд нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд оролцох сонирхолтой байгаа.

-“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг багагүй хугацаанд өрнөлөө. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийсэн бэ?

-Финалын шат дөхөх тусам бэлтгэлийн ачаалал ихэссэн. Анхны дугааруудад бүжгийн ганцхан төрөл авсан учир өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг байсан. Харин нэвтрүүлэг дуусах дөхмөгц өдөрт 9-10 цаг бэлтгэл хийсэн. Нэвтрүүлгийн дугаар бүрт Монгол телевизийн зүгээс “Энэ долоо хоногийн дугаарт ийм төрлийн бүжгээр оролцоно” гэж өгдөг. Бэлтгэл хийхэд хүндрэлтэй зүйл байгаагүй. Хагас финалд хоёр төрлийн бүжгээр оролцсон. Хоёр бүжгийг долоон хоногт багтаан дэглэж, хамтарч бүжиглэнэ гэдэг амаргүй. Бага зэрэг ачаалалтай байсан.   

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн дараа дараагийн улирал зохион байгуулагдана. Тиймээс бүжигчин хүний хувьд ур чадвараа ахиулж, бүжгийн бүх төрлийн чиглэл, урсгалыг судлах зорилготой байна

-"Эмоци" продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжавтай хамтарч ажиллахад хэр байсан бэ?

-Жерри бид хоёрын хувьд латин америкийн таван төрлийн бүжгээр уг нэвтрүүлэгт оролцсон. Стандартын таван төрлийн бүжгээс удаан вальс бүжиглээгүй. Мөн стрийт дэнс, салса, контемпорари төрлийн бүжгийг нэвтрүүлгийн дугааруудад хамт үзүүлсэн. Жерригийн хувьд хамтарч ажиллах, ойлголцоход амар. Аливааг хурдан сурдаг. “Эмоци” продакшны уМөн бүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэх сэтгэл хөдлөлийг нүүрний хувирлаар маш сайн үзүүлдэг болохоор хамтарч ажиллахад амар байсан.

-Бүжгийн спорт хүнд ямар мэдрэмж өгч, юуг ойлгуулдаг вэ?

-Бүжгийн спортоор хичээллээд, зааланд бэлтгэл хийх үед бодол санаа цэгцэрч, стрессгүй тайван болдог. Бүжгийн төрөл бүрийн онцлогоос хамаарч хүнд өөр өөр мэдрэмж өгдөг. Жишээ нь, Румба бүжиг хайр сэтгэлийн, дотно мэдрэмж өгдөг бол жайв бүжиг цоглог хэмнэлтэй болохоор өөдрөг, эрч хүчтэй мэдрэмж өгдөг.

-Таны хувьд бүжгийн спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?

-Бүжгийн спортын 10 төрлөөр хичээллэдэг. Мөн манай хамтлагийнхан сонгодог бүжгээр хичээллэдэг учир бага зэрэг дөр бий. “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн дараа дараагийн улирал зохион байгуулагдана. Тиймээс бүжигчин хүний хувьд ур чадвараа ахиулж, бүжгийн бүх төрлийн чиглэл, урсгалыг судлах зорилготой байгаа.

-Өөр нууц авъяас бий юу?

-Зөвхөн бүжгийн спорт гэлтгүй бусад спортод их сонирхолтой. Хөл бөмбөгийн “Улаанбаатар сити” гээд хамтлагт нэг жил хичээллэсэн. Харин шоу нэвтрүүлгийн улмаас түр завсардсан юм. Нэвтрүүлэг дууссан учир хөл бөмбөгийн тэмцээн уралдаанд оролцохоор бүртгүүлээд байгаа. Мөн сагсан бөмбөг тоглодог. “Voice of Mongolia” нэвтрүүлэг анх зохион байгуулагдахад оролцохоор бүртгүүлж байлаа. Гэхдээ оролцоогүй.

-Яагаад?

-“Миний дуулна гэж юу байхав дээ” гэж бодоод оролцоогүй. Өөрийгөө бага зэрэг голсон гэх үү дээ. Мөн тухайн үед бүжгийн бэлтгэл эхэлсэн байсан.

-Бүжиглэхээс гадна дуулах авъяастай байх нь ээ?

-Дуулах дуртай. Би арван жилд байхдаа урлагийн үзлэгт дуу, бүжгээр оролцдог байсан. Бага байхын урлаг, спортод их сонирхолтой байлаа.

-Та хаана төрж өссөн бэ. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Дархан-Уул аймагт төрж өссөн. Дархан-Уулын Улиасан гээд цэцэрлэг байдаг. Тэнд л анх бүжиглэж эхэлсэн юм. 15 дугаар сургуулийн “Болор” гээд бүжгийн хамтлагт мөн бүжиглэдэг байлаа. 2012 онд арван жилээ төгсөж, ШУТИС-д барилгын инженерээр суралцсан. Шоу нэвтрүүлгийн хугацаанд ажлаа хийх боломжгүй байсан учир түр завсардсан. Харин одоо нэвтрүүлэг дууссан учир бүжгийн багш, дасгалжуулагчаар ажиллах сонирхолтой байгаа.


Б.АЛТАНХӨЛӨГ: Жүжигчин Жерри аливааг амархан сурдаг, авьяаслаг учир хамтарч ажиллахад сайхан байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-10 16:11:17
    ZOCHIN: Sochi yavah tuhai yu gej bodj baina ? Eejiin tursun udriin temdeglevel. Bas bi bodohdoo ene 6n sardaa 80k gaa zogsoomoor baina , negent ta irehguigees hoish.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188