• Өнөөдөр 2024-05-17

Ц.ГАНЗОРИГ: "Алтан партнер"-тайгаа хамт төрдөө үнэлүүлсэндээ маш их баяртай байна

      “Овжин охид” киноны Сампилын дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригтой ярилцлаа. Оюутан ахуй цагаасаа л дэлгэцийн уран бүтээлд тоглож, УДЭТ-ийн туслах найруулагчаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр “Овжин охид”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Аз жаргал”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Түүний хувьд хэд хоногийн өмнө “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан билээ.

-Сайн байна уу. Уран бүтээлч хүнтэй уулзаж байгаа учир уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

    -Сайн байна уу. Сүүлийн үеийн шинэ уран бүтээл гэвэл “Oi” энтертайментийн дүү нарынхаа кинонд зургийн даргаар ажиллаж байна. Түүнээс өмнө “Нийслэл хүүхэн” кинонд Баатарын дүр бүтээсэн гэдгийг үзэгчид мэдэх байхаа. Мөн “Нийслэл хүүхэн” киноны маань хоёрдугаар анги гарахаар болсон. Ирэх долдугаар сард зураг авалтдаа гарна.

-Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Ш.Жавхлан та хоёр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан шүү дээ. Хамгийн ойр ажилладаг хүнтэйгээ хамт шагнуулж байгаа нь их ерөөлтэй юм.

    -Тиймээ, манай хамтлагийн жүжигчин Ш.Жавхлан бид хоёр хамтдаа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Мэдээж миний хамгийн сайн хамтрагч бол Ш.Жавхлан. Хошин урлагийн олон сайхан номер дээр хоршиж ажилласан, миний алтан партнёр шүү дээ. Тэгээд найзтайгаа хамт энгэрээ мялаасандаа их олзуурхаж байгаа.

-Маск продакшнд анх хэрхэн орж байсан бэ?

    -Би оюутан байхдаа Б.Баатар найруулагчийн нэг кинонд туслах дүр бүтээсэн юм. Тэгээд кинонд явж байх үед Б.Баатар найруулагч намайг “Сургуулиа төгсөөд шууд ирээрэй. Чамайг шалгалтгүй авна” гэж хэлж байсан. Би сургуулиа төгсөөд очсон л доо. Харамсалтай нь, нэг сар гаруй хугацаанд туслах найруулагчаар ажиллаж байгаад театраасаа гарсан. Түүний дараа ТВ9 телевизэд дуу оруулагчаар ажиллаж байгаад, “Шинэ үе” продакшны тоглолтод оролцож байсан. Тэгээд “Маск” продакшн маань байгуулагдаад жил гаруй болж байхад шалгалт өгөөд орж байсан.

-Үзэгчдийн оюуны чадамж, уран сайхны мэдрэмж өндөр болж байна. Уран бүтээлчдээс хүлээж буй хүлээлт ч өөр болсон нь анзаарагддаг. Үүн дээр хошин урлагийн жүжигчид хэрхэн мэдрэмжтэй хандаж, шинийг эрэлхийлж байна вэ?

     -Тэгэлгүй яах вэ. Жил ирэх тусам бид илүү хөдөлмөрлөж, сурч мэдэж, хөгжихгүй бол үзэгчдийн оюуны чадамж өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Биднээс олон зүйл хүлээж байна. Бид ч өмнөх тоглолтуудаасаа тэс өөр өнгө аястай болсон. Урьд нь хэтрүүлэгтэй тоглодог байсан. Тэгвэл одоо хэтрүүлэгтэй тоглолтыг үзэгчид хүлээж авахаа больчихож. Яг амьдралтай жүжиглэлтийг шаардаж байна. Одоо харин гэрэл техник, тайз дэлгэц нь хамгийн сүүлийн үеийн болох хэрэгтэй. Манай хошин урлагийн уран бүтээлчид хаана ч, ямар ч дүрд тоглоод явах чадварлаг хүмүүс гэж боддог юм. 

-НЭГ ТОГЛОЛТ ДЭЭР МИНИЙ ЭРҮҮ МУЛТАРЧ БАЙСАН-

-Тоглолтын үеэр хөгжилтэй зүйл, санамсаргүй алдаа олон тохиолддог байх. Тэр дундаа тайзны уран бүтээлд жүжигчид үзэгчидтэйгээ шууд харьцдаг учир алдах эрх байдаггүй шүү дээ.

     -Тоглолтын үеэр хөгтэй зүйл олон болно. Нэг тоглолт дээр миний эрүү мултарч байсан. Түүнийг одоо бодохоор инээд хүрдэг л юм. Бэр гуйдаг нэг номер дээр жүжигчин н.Ангараг, А.Гэрэлцэцэг, М.Баярмагнай бид хэд ордог юм. М.Баярмагнай буруу юм яриад л бид шоолоод инээдэг хэсэг л дээ. Тэр хэсэг дээр би амаа их том ангайгаад инээсэн чинь эрүү мултарчихсан.

Ер нь миний эрүү эвгүй ангайх, том ангайж эвшээхээр мултраад байдаг юм. Гэтэл миний текстээ хэлэх хэсэг болох гээд байдаг, н.Ангараг, А.Гэрэлцэцэг хоёр над руу хараад л байдаг. Би амаа ангайчхаад л эрүүгээ оруулчих санаатай цохиод л байсан. Цохиод байхад ордоггүй ээ. Сүүлдээ бүр тайзны араар гүйж ороод эрүүгээ оруулчхаад гүйгээд гараад ирсэн чинь миний үг хэлэх хэсэг өнгөрчихсөн байсан.

 Тэгсэн намайг тайзны ард эрүүгээ оруулж байх хооронд н.Ангараг миний үгийг бүгдийг нь нөхөөд хэлчихсэн байж билээ. Ер нь тоглолтын дундуур санаатай болон санамсаргүй байдлаар олон хөгтэй үйл явдал тохиолддог.

-Хүмүүс таныг “Овжин охид” киноны Сампилын дүрээр илүү мэдэх болов уу. Энэ сайхан уран бүтээлд анх хэрхэн сонгогдож, дүр бүтээх боломж олдож байв?

    -Намайг анх жүжигчин болж байх үе их хэцүү цаг үе байсан. Тухайн үед кино үздэг хүн ховор. Тийм үед л “Овжин охид” кино бүтээгдэж, кино театруудаар дүүрэн хүн үзэж байлаа. Би Ж.Биндэр найруулагчтай учирснаа амьдралын том бэлэг гэж боддог. Ж.Биндэр найруулагч л намайг уран бүтээлдээ тоглуулж, олон таниулж өгсөн. Мөн миний од, биеэ тоосон занг минь дарж өгсөн. Тиймээс би олны танил болсноосоо хойш “Би олны танил, нэр хүндтэй” гэсэн зан гаргаж байгаагүй.

-“Овжин охид” киноноос хойш үзэгчдийн сэтгэлд хүрсэн дүр бүтээсэн үү?

   -Хүмүүс одоо ч намайг Сампил хэмээн дууддаг. Тэгэхээр Сампил дүрээсээ хойш үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн дүр төдийлөн бүтээгээгүй юм болов уу. Ер нь сүүлийн хэдэн жил кино продюсероор ажиллаа. Яах вэ сайн уран бүтээлд хамтарч ажиллана гэдэг сайхан шүү дээ. Гэхдээ одоо энэ ажлаасаа хэсэг хугацаанд завсарлага авахаар шийдсэн. Би чинь жүжигчин хүн шүү дээ. Жүжигчин мэргэжлийнхээ сайхан, зүйлийг мэдэрмээр байна. Тиймээс жижиг дүр, киноны продюсер зэрэг саналыг түр хойш тавьж байна.

-Тоглосон уран бүтээлээ эргэж үзээд алдаа, оноогоо шүүдэг болов уу?

    -Тэгэлгүй яах вэ. Бүтээсэн дүр болгон минь их, бага алдаатай байдаг. Хүмүүст хүрсэн гэх Сампилын дүр дээр ч гэсэн жижиг жижиг алдаа харагддаг. Харин “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны Ганболдын дүрдээ би сэтгэл хангалуун байдаг. Энэ кинонд тоглох гэж байхад найруулагч нь намайг голоод байсан юм. Бүр миний оронд өөр жүжигчин тоглуулах гээд төлөвлөчихсөн байсан. Пробод орсны дараа жүжигчидтэйгээ танилцах хүлээн авалт зохион байгуулсан юм. Тэр үеэр ивээн тэтгэгч байгууллага болон өөр нэг найруулагч нь намайг тоглуулъя гэж шийдсэн. Тийм учраас намайг голсон найруулагчид өөрийгөө харуулахын тулд, “дуртай зүйлдээ шатаж” тоглосон. Тухайн дүр миний хувь хүнтэй минь их адилхан.

Би 14 настай оюутан болж, 18 настай сургуулиа төгсөж байлаа

-Ц.Ганзориг ахын хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

    -Миний хүүхэд нас Ховд, Увс, Завхан гээд баруун аймгуудаар өнгөрсөн. Манайх замчдын удамтай. Тиймээс эмээгээ дагаад зам ангиудаар их явдаг. Тэгээд сүүлд хотод шилжиж ирсэн дээ. Хотод Дэнжийн мянгад өнгөрсөн дөө миний хүүхэд нас. Бүжиг, дуу их сонирхоно. Шүлэг уншиж “Уран жиргээ” улсын уралдаанд орж байлаа. Түүний дараагаар КУДС-д н.Чинзориг багшийн ангид элссэн. Би ангидаа хамгийн бага нь. 14 настай оюутан болж, 18 настай сургуулиа төгсөж байлаа.

-Яаж тэр вэ?

    -Яах вэ, анх коллежид орсон юм. Тэгсэн тэр коллеж маань дампуураад багш маань манай ангийн хүүхдүүдийг бүгдийн КУДС-д оруулсан юм. Тийм болохоор би өөрийгөө их азтай гэж боддог. Уран бүтээлээр явах ёстой л хүн юм шиг байгаа юм. Ер нь ангидаа хамгийн бага болохоор их эрхэлнэ, загнуулна, өмөөрүүлнэ миний оюутан нас тэгж л өнгөрсөн дөө. /Инээв/

-Хүмүүсийн олон магтаал, хайр, хүндлэл, зэмлэл дунд өөрийгөө хэрхэн гээлгүй авч явж байна.

   -Миний нэг давуу тал надад од зан байдаггүй. Би өөрийгөө зүгээр л ажил мэргэжлийнхээ хүрээнд олонд танигдсан л гэж боддог. Түүнээс биш би энэ тэр гээд хөөрөөд байдаггүй. Энэ зан минь өнөөдрийн Ц.Ганзоригийг өдий зэрэгт авч яваа юм болов уу. Би таван сайхан хүүхдийн аав тэдэндээ буруу үлгэрлэж болохгүй тийм учраас хүн чанартай, зөв хүн байхыг хичээдэг. Оюутан байхад багш минь “Уран бүтээлч хүн эхлээд ”хүн” байх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэр үгийг л санаж явдаг даа

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 


Ц.ГАНЗОРИГ: "Алтан партнер"-тайгаа хамт төрдөө үнэлүүлсэндээ маш их баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188