• Өнөөдөр 2024-05-17

А.АЛТАНХУЯГ: "Тусгай салаа" киноны Сүлд Соёлын тэргүүний ажилтан боллоо" гэж олон хүн баярласан

“Сарны нулимс”, “Тусгай салаа”, “Үндэсний баялаг” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа. Түүний хувьд жүжигчин мэргэжлээр төгсөөд өдгөө 13 жилийг урлагт зориулж байна. Энэ хөдөлмөрөө төрд үнэлүүлж хэд хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан. Түүний “Тусгай салаа кинонд баян айлын хүүгийн дүр бүтээсэн. Хүмүүс энэ дүрээр минь л  хүлээж авдаг. Гэтэл бодит амьдрал дээр А.Алтанхуяг тэр дүрийнхээ эсрэг амьдралтай байсан” хэмээн ярих сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Юун түрүүнд Соёлын тэргүүний ажилтан цолоор хөдөлмөрөө үнэлүүлж, энгэрээ мялаалгасанд баяр хүргэе.

    -Баярлалаа. Сургуулиа төгсөөд 13 жил болсон байна. Энэ хугацаанд мэргэжлээрээ олон, сайхан уран бүтээлд дүр бүтээжээ. Өмнө нь хүмүүс намайг зарим тоглолт, хөтлөлт дээр зарлахдаа дандаа Соёлын тэргүүний ажилтан гэдэг байсан. Би санаа зовоод “Би Соёлын тэргүүний ажилтан биш шүү дээ” гэж хэлдэг. Хүмүүс ч гэсэн аваагүй гэхээр гайхаад байдаг байсан. Өмнө нь бас “Ану хатан” кинонд тоглоод Соёлын яамны жуух бичиг авсан. Тэгээд сая Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. Надтай хамт олон хүн баярласан шүү. /Инээв/

-Гэхдээ Ардын хувьсгалын 100 жилийн ой дээр авлаа шүү дээ.

    -Тэглээ. Их бэлгэшээж байгаа шүү.

-Та хамгийн сүүлд “Цасан хүн” кинонд тоглосон байсан уу?

    -Тиймээ. Хөл хорионы завсар, зайгаар найруулагч н.Батбаатарын бүтээл “Цасан хүн” кинонд тоглосон. Харамсалтай нь, хөл хорионоос үүдэн кино театраар гарч эхлээгүй байна.

-13 жилийн хугацаанд их олон дүр бүтээсэн. Үүнээс “Тусгай салаа” киноны Сүлдийн дүр хүмүүст хүрсэн болов уу. Харин таны хувьд аль дүр тань сайн болсон гэж боддог вэ?

    -Би оюутан байхаасаа л уран бүтээлд тоглож эхэлсэн. “Сарны нулимс” киноноос эхлээд хэд хэдэн киноны гол болон туслах дүр бүтээсэн. Тэгээд сургуулиа төгсөөд “Тусгай салаа” кинонд тоглосон. Миний хувьд өөрөө гардаж хийсэн нэг кино байдаг. “Үндэсний баялаг” уран сайхны киноны зохиол бичиж, найруулаад, гол дүрд нь өөрөө тоглосон. Тийм болохоор тэр кинондоо их хайртай.

-Ер нь уран бүтээлч хүмүүстэй ярилцахаар дан ганц кинонд тоглохоос илүү кино найруулах сонирхолтой байдаг юм билээ. Таны хувьд?

   -Манай багш СГЗ, найруулагч С.Сугар. Багш маань жүжигчин биш найруулагч хүн учир найруулах ур зүй илүүтэй заалгасан. Тиймээс кино найруулах сонирхол илүүтэй төрдөг. 

Би “Тусгай салаа” кинонд тоглохоос өмнө найзынхаа хажуу өрөөг түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд аз гийж тэр кинонд проб өгч, тэнцээд тоглох боломж олдож байлаа. Тухайн үед автобусны мөнгөгүй залуу кинонд тоглож явлаа.

-“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрд тоглосны дараа таныг танихгүй хүн бараг үлдээгүй болов уу. Үүнийг дагаад амьдралд тань өөрчлөлт гарсан болов уу?

    -Би “Тусгай салаа” кинонд тоглохоос өмнө найзынхаа хажуу өрөөг түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд аз гийж тэр кинонд проб өгч, тэнцээд тоглох боломж олдож байлаа. Тухайн үед автобусны мөнгөгүй л залуу кинонд тоглох болсон. Кино гарсны дараа хүмүүс намайг их баян гэж боддог байсан. Яг үнэндээ тэр дүрийнхээ эсрэг амьдралтай байлаа. Бодит амьдрал дээр ядруухан байсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг гэрээсээ гарахаасаа ичдэг байсан. Их цохилтод орж байсан л даа. Танихгүй хүн гэж бараг байхгүй. Тэгээд л хүмүүс намайг гэх тусам улам даруухан болж, илүү хичээж анхны байраа авч байлаа.

-Жүжигчин мэргэжлээр төгсөж буй хүмүүс УДЭТ-т орох хүсэлтэй байдаг юм билээ. Жүжигчин хүний чансааг тодорхойлдог газар гэдэг шүү дээ. Таны хувьд УДЭТ-т шалгалт өгч байсан уу?

    -Би 2008 онд сургуулиа төгсөөд, УДЭТ-т шалгалт өгөх гэж байсан. Харамсалтай нь, хонхны баяраараа осолд орж, цагдаа, сэргийлэхээр хэдэн сар явсан юм аа. Тэгээд л УДЭТ-т шалгалт өгч чадаагүй. Нэгэнт л шалгалт өгч чадаагүй юм чинь гээд хошин урлагийн “Маск” продакшны хоёр тоглолтод оролцож байлаа.

-Жүжигчдийн хувьд өөрсдийн царай, жүжиглэж буй жанраараа үзэгчдийн сэтгэлд үлдчихдэг шүү дээ. Жишээ нь, жүжигчин С.Болд-Эрдэнэ хошин дүр бүтээвэл үзэгчдэдээ хүрэхгүй болов уу. Таны хувьд аль жанрын дүрд илүү тохирох вэ?

    -Жүжигчин хүний царайгаар тухайн дүрийг тодорхойлчихдог л доо. А.Алтанхуяг бол “Тусгай салаа” кинонд баян айлын хүүхдийн дүр бүтээсэн учир цаашид тийм л дүрд тохирно гэдэг ч юм уу. Гэтэл би инээдмийн кино, аймшгийн кино, эсрэг дүр гээд тоглож үзэх хүсэл их байгаа байхгүй юу. Өөрийнхөө чадварыг мэдэж байгаа юм чинь, түүнийгээ үзэгчдэд хүргэмээр байна шүү дээ. Харин найруулагчид болохоор баян айлын эрх, их зантай хүүхдийн дүр л оноогоод байдаг. Энэ нь намайг хайрцагт оруулж байгаа юм л даа.

-Уран бүтээлийн санал их ирж байна уу?

    -Уран бүтээлийн санал их ирж байгаа. Миний хувьд зохиолоо сайн уншина. Мөн кино найруулагч, багаа харна. Тэгээд сайн уран бүтээлд хамтарч ажиллахад бэлэн шүү дээ. Өнөөдрийг хүртэл бий болгосон нэр хүнд, чадвараа чанартай уран бүтээлд зориулмаар байна шүү дээ.

-Өнөөдрийн нийгэм, цаг үед уран бүтээлийн орлого, цалингаар амьдрах боломж хэр хангалттай байдаг вэ?

   -Шударгаар хэлэхэд хэцүү шүү дээ. Монголын хүн ам цөөхөн. Уран бүтээлээс ашиг олно гэж бараг байхгүй. Амьдралаа хэрхэн авч явах, зохицуулах нь хувь хүний л чадвар. Ер нь кинонд тоглосон орлогоороо амьдралаа авч явна гэвэл худлаа. Миний хувьд давхар олон юм хийж байна. Залуу хүн хөтөлгөө морьтой байх хэрэгтэй шүү.

-Та урлагт 13 жил зүтгэж байж Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. Гэтэл үеийнхэн тань хэдэн жилийн өмнө энэ цолыг хүртэж, зарим нь одоо бараг гавьяат жүжигчин болох дөхөж буй болов уу. Тиймээс “Би арай оройтож авлаа даа” гэж бодсон уу?

   -Үгүй ээ. Угаасаа аргагүй л дээ. Энэ цолыг чинь байгууллага тодорхойлж өгдөг. Гэтэл би сургуулиа төгсөөд аль нэг газар харьяалагдаж үзээгүй шүү дээ. Тэгээд л оройтож авч байгаа юм. Сая Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулснаа нийгмийн сүлжээнд оруулахад хүмүүс “Одоо л авч байгаа юм уу” гэж бичсэн байна лээ. Тийм болохоор магад таван жилийн орой авсан байж магадгүй. Гэхдээ хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай соёлын тэргүүний ажилтан цол хүртсэндээ баярлаж байна.

-Уран бүтээлчдээс хэнийг хүндэлж, үлгэрлэж явдаг вэ?

   -УДЭТ-ийн жүжигчин С.Ариунбямба ахыг хүндэлдэг. Ер нь УДЭТ-ийн ахмад уран бүтээлчдийг хүндэлдэг шүү. Жүжигчин хүний нэр хүнд, ур чадварыг хамгийн ариун авч явж буй хүмүүс гэж боддог шүү.

-Жүжигчин А.Алтанхуяг хүмүүст их зантай санагддаг болов уу. Гэтэл хүмүүсийн мэдэхгүй А.Алтанхуягийн талаар ярихгүй юу?

    -Би өөрийгөө зөв хүн л гэж хэлмээр байна. Багшаасаа, найз нөхдөөсөө сурсан зүйлээр л өөрийгөө чимж явна. Уран бүтээлчийн хувьд жүжигчин хүн ямар байх ёстой тийм л зарчмаар явж байна. Хүнд сайхан туслачихдаг. Илүүгээ бусдад хуваалцдаг, хөөрч, сагсалзаад байдаггүй, жудагтай тийм л хүн гэж өөрийгөө хэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

   -Баярлалаа.


А.АЛТАНХУЯГ: "Тусгай салаа" киноны Сүлд Соёлын тэргүүний ажилтан боллоо" гэж олон хүн баярласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188