• Өнөөдөр 2024-04-25

Монгол Улс коронавирусийн ямар вакцин авах вэ

2021-02-07,   24732

-Иргэдээ Энэтхэгийн “КовиШейлд” вакцины туршилтын туулай болгох вий-

       Коронавирусийн эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж буй. Тус Ажлын хэсгийн ээлжит хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, ДЭМБ болон “Ковид-19” халдварын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр "ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улсаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрийг эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй” хэмээсэн юм. Цар тахлын эсрэг вакциныг ирэх гуравдугаар сар гэхэд оруулж ирнэ хэмээн олон нийтэд найдвар төрүүлсэн ч нөгөөтэйгүүр яг ямар вакцин оруулж ирэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна.

       Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин импортолж, оруулж ирэх Ажлын хэсгээс “ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн өндөр түвшний, чанарын шаардлага хангасан вакциныг оруулж ирнэ” гэж мэдэгдэж байлаа. Одоогийн байдлаар ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн гурван вакцин байгаа нь “Пфизер”, “Модерна”, “АстраЗенека”. Дэлхий даяарх вакцин үйлдвэрлэх уралдаанд вакцинаа сойж буй 140 гаруй баг, компаниас АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй “Пфизер” вакцин бусдаас гойд илүүрхэж, хамгийн эхэнд ДЭМБ-аас баталгаагаа авсан. Гэвч тус вакцины тунг тариулсан 30 гаруй хүн Норвег Улсад нас бараад байна. Норвег Улсын Эмийн агентлаг вакцины гаж нөлөө үхэлд хүргэсэн гэж үзэхгүй байгаа юм. Хэдий “Пфизер” вакцин нь хүний биед 95 хувийн нөлөө үзүүлж байгаа нь батлагдсан ч хадгалах нөхцөл нь -70 хэм болон түүнээс бага температур шаарддаг тул Монгол Улс руу зөөвөрлөж, зургаан сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэхэд вакцины үндсэн чанар нь сулрах эрсдэлтэй. “Пфизер” вакцины тун тутмын үнэ нь 12 евро буюу 41 мянган төгрөг. Вакцин үйлдвэрлэгч бусад бүхий л компаниас илүү нэр хүндэд хүрсэн тус компани АНУ болон Канад Улсын зарим мужуудад вакцины тунгаа түгээж чадахгүй, вакцин үйлдвэрлэлт нь удааширч буй талаар мэдээлсэн. Үүнээс үзэхэд, “Пфизер”-ын араас хөөцөлдөх нь их хэмжээний мөнгө зарцуулж, вакцины тун хүрэлцэхгүй байх эрсдэлд хүргэж болзошгүй.

      ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн удаах вакцин бол АНУ-ын “Модерна”. Тус вакцин нь хүний биед 94 хувийн нөлөөтэй бөгөөд тун тус бүрийн үнэ нь 15 евро буюу монгол мөнгөөр 51 мянган төгрөг болох юм. “Модерна” вакциныг -20 хэмд хадгалах нөхцөл нь түүний үнийг бусад вакцинаас илүү “тэнгэрт хадахад” хүргэсэн байж болзошгүй.

       Харин сүүлийн вакцин нь Их Британийн Оксфордын их сургуулиас үйлдвэрлэж буй “АстраЗенека”. Уг вакциныг манай орны эрх баригчид ч Монголд оруулж ирэхээр сонирхож буй. Тун тутмынх нь үнэ 1.78 евро буюу ердөө 6000 төгрөг. Вакцин үйлдвэрлэх тендерээс хамгийн өндөр санхүүжилт буюу 1.64 тэрбум фунт стерлинг авсан уг вакцины хүний биед үзүүлэх нөлөөлөл нь 62-90 хувьд хэлбэлздэг аж.

    ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн гурван вакцинаас гадна өөр нэгэн сонголт үлдээд буй нь Энэтхэг Улсын “Бхарат БиоНТех” компаниас үйлдвэрлэж буй “КовиШейлд”. Тус вакциныг үйлдвэрлэгчид тунгийн үнийг олон нийтэд зарлаагүй бөгөөд эхний ээлжинд хөрш зургаан оронд сайн санааны үүднээс хандивлахаар болсон. Тодруулбал, Монгол болон Оман, Мьянмар, Бахрейн, Маврик зэрэг оронд хандиваар хүргэх юм. Тэгвэл “КовиШейлд” вакцины талаарх тааламжгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж буй. Үүнтэй холбоотойгоор Энэтхэг Улсын Сөрөг хүчний Самажвади намын дарга Ашутош Синха “Вакцин хор хөнөөл учруулж болзошгүй зүйлийг агуулсан байж магадгүй. Та бэлгийн сулралтай болж болно, юу ч тохиолдож болно шүү дээ" хэмээсэн юм. Харин шинжээчид "Вакцины эрхээ бүрэн олж авах үе шатын гуравдугаар шатан дээр дөрвөн сар гаруй хугацаанд гацсан “КовиШейлд” вакцинаар хөрш орнууддаа туршилт хийж байгаа юм биз” хэмээн хардаж байна.

       Бүх нийтийн вакцинжуулалт буюу “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд бүх зүйл саадгүй бүтвэл ирэх гуравдугаар сар гэхэд Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинтай болно. Гэвч Монголд оруулж ирэх вакцин нь үйлдвэрлэлт нь багасаж, 30 гаруй хүний амь авч одсон “Пфизер” байх уу, эсвэл 62-90 хувийн үйлчилгээтэй “АстраЗенека” байх уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна. Арай үнэгүй юманд нугасгүй гээд Энэтхэг Улсын “КовиШейлд” вакциныг хандиваар авч, ард олноо туршилтын туулай болгох юм биш байгаа даа.


Монгол Улс коронавирусийн ямар вакцин авах вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-07 12:41:33
    Н.ЛХАГВАДОРЖ : ДЭЛХИЙНХ ШУ-Ы ТЭРГҮҮН МАНЛАЙЛАГЧ ОРОСЫН 3 ТӨРӨЛ КОВИД-19 ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХИЙЛГЭХИЙГ ЖИНХЭНЭ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЬЯ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-07 11:09:58
    Эмэээ: Орос вакциныг барууныхан, америзууд ч хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Орос вакцин бидний бие организмд илүү тохииирно. Ооорсын анагаах угаах ямар агууг бид 3үеэрээ мэднэ. Хадгаоах нөхцөл энгийн.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188