• Өнөөдөр 2025-04-02

Коронавирусийн үед Монголын технологийн салбарын хөгжил шинэ шатанд гарлаа

2020-12-22,   687

         “Ковид-19” цар тахлын улмаас хүнс, бараа бүтээгдэхүүний худалдаа цахим хэлбэрт шилжиж, иргэд хүссэн үедээ онлайнаар хүнс болон хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ захиалж, гэртээ хүргүүлж, төлбөр тооцоогоо төлдөг боллоо. Ердөө ухаалаг гар утас, интернэт, ганцхан аппликэйшн байхад л хангалттай. Мөн бид онлайн платформуудыг ашиглан ажлаа хийж, уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцож, гадаад хэл, хүний хөгжлийн сургалтанд сууж, боловсрол эзэмшиж болж байна. Бас төрийн бүхий л үйлчилгээг онлайнаар авах боломжтой болжээ. Энэ боломжийг технологийн салбарын инженерүүд, программистуудын хөгжүүлсэн старт-ап компаниуд бидэнд олгож байна. Манай улсын технологийн салбар өмнө нь ийм хэмжээнд хөгжих боломж байсан ч ганцхүү хэрэглэгчгүй байж. Харин цар тахлын улмаас иргэд бүх хэрэгцээт үйлчилгээгээ онлайнаар авах шаардлагатай болсноор старт-ап компаниудад өсөж бойжих том боломжийг гаргаж өгсөн гэж технологийн салбарынхан ярьж байна. Хэдийгээр цар тахал хэдэн зуун аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж байгаа ч эсэргээрээ интернетэд суурилсан үйлчилгээтэй, технологийн салбарын старт-ап компаниуд хэдэн арваараа байгуулагдах, өсөж бойжих, өрсөлдөх том боломжийг олгож байна гэсэн үг юм. 
 
Тэгвэл “Ковид-19” цар тахлаас хойш нийгмийн хэрэгцээ шаардлагаар бий болж, технологийн салбарт хувьсал хийсэн онлайн үйлчилгээнүүдээс гурван төлөөллийг танилцуулъя. 

 

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia

 
Иргэд төрийн аль нэг байгууллагаас үйлчилгээ авахын тулд дунджаар 2.5 цаг зарцуулж, дараалалд зогсож, хүлээх шаардлагатай байдаг гэх судалгаа бий. Тэгвэл цар тахлын үед иргэд олноороо дараалалд зогсох нь халдварыг нийтийн дунд тараах өндөр эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр технологи хөгжихийн хэрээр гар утаснаасаа төрийн бүх үйлчилгээг авах илүү хурдан, үр дүнтэй, эрсдэлгүй үйлчилгээний шийдлийг шаардаж байна. Тиймээс төрийн үйлчилгээг нэг дороос, онлайнаар авах боломжийг бүрдүүлсэн E-Mongolia платформ 2020 оны аравдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Иргэд E-Mongolia.mn сайт болон e-Mongolia гар утасны аппликэйшний тусламжтай төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран, оочер дараалал, стресс, хүнд сурталгүйгээр гэрээсээ, гар утсаараа авах боломжийг тус платформ олгосон юм. Түүнчлэн энэ онд төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг “E-Mongolia”платформд нэгтгэж, хиймэл оюунд суурилсан “Чимэгэ” системтэй холбон, дуу хоолойгоор төрийн мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа юм. 

Боловсрол ба “Tomyo” платформ

 
Боловсролыг зөвхөн танхимаар буюу багш, оюутан хоёр өөд өөдөөсөө харж суугаад эзэмшдэг гэх ойлголт хуучирсныг цар тахал бидэнд харуулсан. Тухайлбал, 2020 оны тавдугаар сард “Tomyo” гэх платформ нийтийн хэрэглээнд нэвтэрсэн нь боловсролын салбарт дэвшил авчирсан юм. “Tomyo” платформ нь гадаад хэлний сургалтууд, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын хичээл, тухайн сургуулиудын элсэлтийн шалгалтын загварчлалыг байршуулдаг бөгөөд залуучуудад бие даан боловсрол эзэмших боломж олгосон юм. Тус платформ нийтийн хэрэглээнд нэвтэрснээсээ хойш долоон сарын хугацаанд буюу 2020 оны эцэс гэхэд  80 мянган хэрэглэгчтэй болсон нь цар тахлын хөл хорионы дэглэмийн үед гэрээсээ суралцах хэрэгцээ ямар их байсныг илтгэж байгаа юм. Одоо тус платформыг өдөр бүр 10 мянган хэрэглэгч ашиглан англи, япон, хятад зэрэг гадаад хэл сурч, боловсролоо дээшлүүлэх мэдлэг мэдээллийг олж авч байна. Энэ тухай “Tomyo” платформыг үүсгэн байгуулагч Б.Энхжаргал “Хэрэглэгчийн мэдээллээс бидний шийдэл цаг үеэ олж чадсан гэдэг нь харагдаж байгаа. Цар тахлын өмнө хүмүүс сургалтын төв рүү явж анги, танхимд хичээлээ үздэг байсан. Танхимын хичээл заадаг багш нарын хувьд манай талбар руу орж ирэх магадлал бага байсан. Цар тахлаас хойш сургалтын төвүүд онлайнаар хичээлээ заах болж, манай платформ дээр хичээлээ оруулахаар хандаж байгаа. Бидний хийсэн дэд бүтэц хэрэглэхэд хялбар учраас хэрэглэгчдийн тоо богино хугацаанд огцом өссөн” хэмээн ярьсан юм. 

Худалдаа, хүргэлт ба “Odo shop” аппликэйшн

 
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон хугацаанд хүнс болон өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалж, гэртээ хүргүүлж авах эрэлт нэмэгдсэн. Энэ хэрэгцээнд тулгуурлан “Odo shop” аппликэйшн бий болсон юм. Энэхүү аппликэйшнийг нээхэд өөрт хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрүүд харагдана. Дэлгүүрээ сонгоод хүссэн хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ захиалаад,  хурдан хугацаанд гэртээ хүргүүлээд авах боломжтой. Гол онцлог нь ганцхан дэлгүүрээр хязгаарлагдахгүй буюу тус аппликэйшнд хот, хөдөөгийн бүх хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд нэгдэх боломжтой юм. Одоогоор тус аппликэйшнд 250 гаруй хүнсний дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүд нэгдэж, захиалга авах, хүргэлт хийх үйлчилгээ үзүүлж байна. Энэ тухай “Odo shop” платформыг үүсгэн байгуулагч Ч.Машнууцсүх “Зах зээлд байгаа цорын ганц “олуулаа” загвартай хүнсний дэлгүүрийн онлайн захиалга хүргэлтийн апп юм. Онлайн хүнсний сүлжээ дэлгүүр гэж хэлсэн ч буруудахгүй. Хамгийн олон салбартай хүнсний сүлжээ дэлгүүрийг хоёр сарын хугацаанд үүсгээд байна. Ийм цогц үйлчилгээ ганц дэлгүүрүүдэд биш, өөр олон салбарт хэрэгтэйг бид өнгөрсөн хөл хорионы үед анзаарлаа. Иймээс энэ сараас барилгын материалын дэлгүүр, эмийн сан, номын худалдааныхан гээд бүх худалдааны үйлчилгээнийхэн өөрийн бизнес, үйлчилгээгээ онлайн орчинд нээлттэй байлгах боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна” хэмээн ярьсан юм. 

Коронавирусийн үед Монголын технологийн салбарын хөгжил шинэ шатанд гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188