• Өнөөдөр 2024-03-29

Вакцин үйлдвэрлэгчид олон нийтийг хуурч байна уу

2021-01-21,   23770

-Вакцин үйлдвэрлэгч компаниуд хүмүүст амь даатгал амлаж чадахгүй байгаа нь хүн дээр туршилт хийж байгаагаас ялгаагүй-

       “Ковид-19” вирустэй дэлхийн томоохон улс, орнууд өөр өөрийн вакцинаа үйлдвэрлэж, аль чадахаараа л тэмцэж байна. Гэвч тэдгээр олон төрлийн вакцин дунд үл бүтэх “нөхдүүд” ч бий. Коронавирусийн эсрэг вакцинууд нийт зургаан үе шатыг давж, бүрэн хэрэглээнд шилжиж, хүлээн зөвшөөрөгдөх юм. Харин бүх үе шатаа амжилттай давж, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн ганц вакцин байгаа нь АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй “Пфизер”. Гэвч “Пфизер” вакцин нь Норвег Улсад хэдий нь 33 хүний аминд хүрээд байна.

      Коронавирусийн эсрэг вакцинд эргэлзсэн, эргэлзсэн ч өөр сонголтгүй үлдсэн ард иргэд вакциныг сонгохоос өөр замгүй. Одоогоор коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх “уралдаанд” зургаан вакцин “өнгөлж байна. Тус зургаан вакцин нь нийтдээ 12 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтэж буй. Вакцин нийлүүлэх уралдааны айргийн тав болон айргийн тавт багтаж чадаагүй “азгүй” вакцинтай танилцуулж байна.

“Пфизер” вакцин

       АНУ болон Германы хамтран үйлдвэрлэж буй “Пфизер” буюу BNT162b2 вакцин нь одоогоор дэлхийн хэмжээнд бүх үе шатаа давж, ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц вакцин. Дэлхий даяар үйлдвэрлэж буй асар олон төрлийн вакцинууд дотроос “цоройж”, тэргүүлсэн нь сайшаах хэрэг ч тус вакциныг тариулсан эмзэг бүлгийн 33 иргэн Норвег Улсад нас бараад байна.

       Ихэнх коронавирусийн вакцины эхний тунг тариулсны дараа вакцинжуулалтад хамрагдсан хүний биед сөрөг нөлөө гарна. Тун тариулсан газраар хөндүүрлэх, хавагнах, халуурч, толгой өвдөж, биеийн хүч буурч, томуу төст өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Харин тус сөрөг нөлөөг давж дийлэлгүй нас барвал вакцин үйлдвэрлэгч компани хариуцлага хүлээхгүй. “Pfizer” вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай тарих бөгөөд вакцин тариулснаас хойш гарах сөрөг нөлөө нь долоо хүртэлх хоног үргэлжилнэ. Мөн вакциныг зөвхөн 16-гаас дээш насныханд тарина. Харин түүнээс доош насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулахгүй байгаа.Тус вакциныг одоогоор 17 гаруй оронд ашиглаж байна. Мөн манай улс уг вакциныг авах судалгааны ажилдаа ороод буй билээ.

“Модерна” вакцин

       “Пфизер” вакцины араас хүчтэй “нэхэж” буй нь АНУ-ын “Модерна” вакцин. Вакцины хоёр тунг хүний биед сарын зайтай тарих бөгөөд вакцинжуулалтад хамрагдсан хүнд гарах сөрөг нөлөө долоон хоног үргэлжилнэ. Мөн вакциныг зөвхөн 18-аас дээш насныханд тарьж байгаа нь “Пфизер” вакцинаас бага хамрах хүрээтэй. Тав дахь буюу бүрэн хэрэглээнд оруулж, дахин шалгах үе шат дээрээ яваа уг вакциныг дэлхийн долоон оронд хэрэглэж байна.

“АстраЗенека” вакцин

       Их Британийн Оксфордын их сургуулиас зохион бүтээж, үйлдвэрлэж буй “АстраЗенека” вакцин удаалж байна. AZD1222 хэмээх уг вакцин нь 1.64 тэрбум фунт стерлингийн санхүүжилт авч, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас туршилтаа эхэлж байлаа. Бусад вакцинаасаа хамгийн өндөр санхүүжилт авч, олонхоос нь түрүүлж эхэлсэн уг вакцин одоо ч ДЭМБ-д зөвшөөрөгдөөгүй, бүх үе шатаа даваагүй байгаа.

       Оксфордын их сургуулиас уг вакцины эхний тунг тарихад хүний биед 70 хувь нөлөөлөх бөгөөд хоёр дахь тунг тарьж, вакцинжуулалтыг бүрэн гүйцэлдүүлэхэд вакцины нөлөө сайжирч, хүний биед 90 хувь нөлөөлдөг болохыг мэдээлсэн юм. “АстраЗенека” вакцин одоогоор нийт найман оронд хэрэглэгдэж буй. Оксфордын их сургуулийнхны мэдээлснээр энд онд багтааж, нийт гурван тэрбум тун вакцины нийлүүлэхээр төлөвлөсөн гэнэ.

“Новакс” вакцин

       Дээрх вакцинуудаас гадна гуравдугаар үе шат дээрээ яваа АНУ-ын “Новакс” вакцин олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй. NVX-CoV2373 вакцин нь нийт хоёр тэрбум ам.долларын санхүүжилт авсан бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард зөвхөн АНУ-аас 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт татсан байдаг. Өнгөрсөн оноос л дэлхий нийтийн анхаарлын төвд орсон ч хэсэг чимээгүй байсан “Новакс” вакцин Америк тивийн ихэнх орнуудад хэрэглээгээ нэвтрүүлж, чамгүй амжилт гаргасан. Улмаар Австрали Улстай 51 сая тун вакцин нийлүүлэх 363 сая ам.долларын гэрээ байгуулж, 2021 он гарснаас хойш бусад вакцинтай энэ тэнцүү өрсөлдөх боллоо.

 “Синовак” вакцин

       БНХАУ-ын үйлдвэрлэж буй “Синовак” буюу “КоронаВак” вакцин айргийн тавд багтаж байна. Хятад, Турк, Чили, Индонез, Бразил зэрэг орнуудад нийлүүлж буй уг вакцин гуравдугаар үе шатандаа яваа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус вакцин Турк Улсад нийлүүлтээ эхэлж, лабораторийн туршилтаар хүний биед 91.25 хувийн нөлөөтэй болох нь батлагдсан ч гуравдугаар үеийн туршилтан дээрээ Бразил Улсын лабораторид 50.4 хувь нөлөөлсөн хариу гарч, хэл ам дагуулаад буй.

“Спутник 5” вакцин

       “Гамалея” төвөөс үйлдвэрлэж буй “Спутник 5”-ыг гарааны зурхайгаас гараагүй байхад нь үйлдвэрлэгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин вакциныхаа “амыг” сул тавьсан. Энэ нь өдгөө тус вакциныг хойш нь чирч, айргийн тавд багтаж чадаагүйд нөлөөлсөн. “Спутник 5” вакцин нь хүний биед 91.4 хувь нөлөөлж байгаа нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон ч энэ жагсаалтын сүүл мушгиж байгаа нь коронавирусийн эсрэг анхны вакцины зарлах гэж яарч, “хөл алдсан” ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой. Одоогоор тус вакцины туршилтын хугацаа дуусаагүй хэдий ч Орос, Палестин зэрэг 11 орон хэрэглэхээс өөр аргагүй учраас ашиглаж байгаа юм.

       Мөн дээрх вакцинуудаас гадна Энэтхэг Улс эх орондоо үйлдвэрлэсэн “КовиШейлд” вакцинаа Монголд хандивлахаар болсон. Харин тус вакцин нь дээр дурдсан Хятадын “Синовак” вакцинтай өнгөрсөн арванхоёрдугаар сард ДЭМБ руу хүсэлтээ явуулсан ч ДЭМБ-аас  “КовиШейлд” вакциныг унагасан юм.

        Вакцины тунгийн тарилгад хамрагдсан бүх хүнд сөрөг нөлөө илэрч буй. Улс орнууд коронавирусийн эсрэг вакцинд иргэдээ үе шаттайгаар хамруулж байгаа. Эхний ээлжид вирусийн голомтод ажиллаж буй эрсдэлт бүлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон өндөр настан, эмзэг бүлгийнхэн багтана. Хэрэв вакцинжуулалтад хамрагдсан иргэн вакцинаас үүдэх сөрөг нөлөөг тэсэж чадалгүй амиа алдвал вакцин үйлдвэрлэгч компани хариуцлага хүлээхгүй. Вакцин үйлдвэрлэгч компаниуд вакцинжуулалтад хамрагдаж буй хүмүүст амь даатгал амлаж чадахгүй байгаа нь хүн дээр туршилт хийж байгаатай ялгаагүй болж байна. Өнгөрсөн жил вирусийн эсрэг вакцин анх туршилтад орж байхад үйлдвэрлэгч компаниуд “Коронавирусийн эсрэг вакцин халдвараас сэргийлж, үхлийн аюулыг багасгадаг” хэмээсэн юм. Гэтэл он гарснаас хойш коронавирусийн эсрэг вакциныг халдвартай хүнд тарихгүй гэв. Коронавирусийн аюулын дунд хэн нь хэнийгээ хуурч, хэн нь хэндээ хууртаж байна вэ.


Вакцин үйлдвэрлэгчид олон нийтийг хуурч байна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188