• Өнөөдөр 2022-05-19

УОК, ЭМЯ-ны увайгүй шийдвэрээс болж дөрвөн хүн амиа алдлаа

2021-01-20,   1160

-Цаашид хэдэн хүн амиа алдах ёстой вэ-

Бүтэн жил коронавирусээс хамгаалж, “дайтсан” УОК-ын бэлтгэл ажил ердөө л хөл хорио тогтоож, хааж, боох байжээ. Үүнээс хэтрэх ганц төлөвлөгөө, тактик  алга. “Зэс нь цухуйж байна” гэдэг шиг л тусгаарлалтын байр, эмнэлэг гээд хамгийн аюулгүй байх ёстой газрууд нь халдварын голомт болж хувирсан.ЭМЯ, УОК-ын увайгүй, явуургүй шийдвэрээс болж хэчнээн хүн амиараа хохирох вэ. Бидэнд мэдэгдээд буй нь л доорх жишээнүүд болохоос үүний цаана хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирч байгааг таашгүй.

Өнгөрсөн аравдугаар сард БНСУ-аас ирсэн жирэмсэн эмэгтэй элэгний хорт хавдартай аавтайгаа уулзах гээд тусгаарлалтын байранд амь тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Харамсалтай нь, түүнийг тусгаарлалтын өрөөнд байхад аав нь бурхан болж, үр нь зулбасан юм. УОК-ын хахир, хатуу шийдвэрээс болж тусгаарлалтын байранд хоёр халуун амь тасарсан байдаг. Хэн ч хариуцлага хүлээгээгүй өдийг хүрч байна.

Аавыгаа, үрээ алдсан эмэгтэйн гомдол тайлагдаж амжаагүй байхад ЭХЭМҮТ-д аравхан настай охин амиа алдлаа. Тодруулбал, тэрбээр тархины цус харвалт гэсэн оноштойгоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас амьсгалын аппараттай 22-ын товчоонд ирсэн юм. Гэвч голомттой бүсээс ирсэн хэмээн охиныг гурван цаг хүлээлгэж, ээжээс нь салгаад ЭХЭМҮТ-д авчирсан ч тусгаарлалт нэртэй жижиг өрөөнд 24 цаг “хорьж” өвчнийг нь бүр хүндрүүлж, бурхан болгосон. Охиныг ээжээс нь хүчээр салгаж, эцсийн хүслийг нь ч биелүүлж өгөх сэтгэлтэн байсангүй.

ЭМЯ, УОК нялхасдаа хүртэл ийм хахир хатуу байгаа юм чинь насанд хүрсэн иргэдийг хумсын чинээ ч тоохгүй байх нь аргагүй биз дээ. “Бухын дордохыг харж үнэг турж үхнэ” гээчийн үлгэрээр дахиад л нэг хүн амиа алдав. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд Архангай-Улаанбаатар чиглэлд зорчиж, “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн эмэгтэй 20 цаг хүлээсний эцэст амиа алдсан. Бүхэл бүтэн 20 цаг ердөө л шинжилгээний хариу хүлээж, тэр автомашин дотор аврал эрж байсан гэдэг.

Бидэнд мэдэгдсэн нь энэ дөрвөн хүн. Гэтэл “Шинжилгээний хариугүй” гэх хоёрхон үгээр амаа таглууж, эмнэлгийн тусламж авч чадахгүй амьсгал хурааж байгаа хэдэн хүн байгаа бол гэхээс гол зурж байна. Хөхөө өвлийн хүйтнээс ч илүү хүйтэн шийдвэрүүдээс болж иргэд амиа алдсаар байна. УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та энэ мэт хүний амиар “тоглосон” хариуцлагагүй шийдвэрийнхээ төлөө огцор.

 


УОК, ЭМЯ-ны увайгүй шийдвэрээс болж дөрвөн хүн амиа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-21 00:04:47
    M: Bitgii medrelt 4 hun uheh esgui bsn uhsen ch erhee edleed uheh bsn . Iim um bicheed suuj bdh ******** hun bas bnaa . Chamaig burhan iveeg
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-20 17:00:15
    Zochin: Estoi tegej bolohgui shuu hul horoind oroogui bol 4 uus iluu hun uheh bsan shu bitgii uls turjuuleed bai za yu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188