• Өнөөдөр 2024-04-23

Коронавирусийн талаар бидний мэдэхгүй зүйлс

2021-01-24,   24795

 Хамгийн анх 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр БНХАУ коронавирусийн талаар “Уушгины хатгалгааны шинэ цочмог хэлбэр оношлогдлоо” хэмээн мэдээлсэн билээ. Тухайн үед коронавирус гэж нэрлээгүй байв. Хоёр долоо хоногийн дараа Хятад Улс генетикийн кодоор нь шинэ вирус гэдгийг тогтоосон бөгөөд гурван долоо хоногийн дараа ДЭМБ-д мэдээллээ илгээжээ. Харин ДЭМБ-д мэдээлснээс 11 сарын дараа коронавирусийн эсрэг вакциныг гарган авав. Титэмт вирусийн талаар бид өмнө нь байгаагүйгээр маш хурдан хугацаанд мэдээлэл авсан нь сайшаалтай хэмээн мэргэжилтнүүд хэлжээ. Гэвч энэхүү жилийн хугацаанд 91 сая хүн халдвар авч, 1.9 сая хүн уг халдвараар нас барлаа. Тийм хэдий ч бидний дунд уг вирусийн талаар мэдэхгүй зүйлс байсаар байна.

Рочестер их сургуулийн биологийн хүрээлэнгийн профессор Маурин Ферран “Бид вирусийн талаар түргэн, шуурхай тогтоосон ч бидэнд мэдэгдээгүй зүйлсийг мэдэхээр алхам алхмаар урагшилсаар байна. Энэ вирус эрдэмтдийг арван жил завгүй байлгана” хэмээжээ.

Коронавирус хаанаас үүссэн бэ?

Коронавирус батлагдсаны дараа олон улсын Засгийн газар вакцин гаргахаар уралдсан бөгөөд хүмүүст вирус хэрхэн үүсэв гэдэг асуулт хамгийн чухал байлаа. Хятадын Ухань хотын амьд амьтны захаас гарсан гэсэн ч нэгдүгээр сард хэвлэгдсэн Лансетын судалгаанд анх халдвар авсан гурван хүний нэг нь энэ захтай холбоогүй болох нь тогтоогджээ.

Зарим хүн, жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү вирусийг Ухань хотын лабораториос алдсан гэж сэжиглэж байсан юм. Коронавирусыг эрдэмтэд байгаль дээр үүссэн гэсэн зарим нотолгоог гаргаж ирж буй боловч түүнтэй хамгийн ойролцоо вирус гэгдэх ковид-19тэй генетикийг нь харьцуулахад хэтэрхий ялгаатай байгаа нь вирусийн эх үүсвэр нь хаанаас гаралтай вэ гэдэгт эргэлзэхэд хүргээд байна.

Мөн коронавирус нь 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө АНУ болон Европт тархсан байж болзошгүй хэмээн судалжээ. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад Улс коронавирусийг зарлахаас ч өмнө энэ халдвар гарсан байж болзошгүй бөгөөд савласан импортын хүнсээр дамжсан байх магадлалтай хэмээсэн юм.

Уг судалгаанд АНУ-д анхны тохиолдол хоёрдугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн. Тус өвчтөнийг Хятадын Ухань хотоос ирсэн хэмээн хэвлэлээр мэдээлж байсан билээ. Гэвч уг 35 настай өвчтөнд вирусийн шинж тэмдэг нэгдүгээр сарын 19-нд илэрч, эмнэлэгт очиж байжээ. Иймээс Хятадад анхны тохиолдол арванхоёрдугаар сарын 1-нд бүртгэгдэж, арванхоёрдугаар сард олон нийтэд тархсан бол АНУ, Европт арванхоёрдугаар сар болон түүнээс өмнө тархсан байж болзошгүй гэнэ.

Гэвч энэ үнэн байсан ч вирусийн гарал үүслийг тогтоох боломжгүй юм. Хятадаас гадна вирусийн гарал үүслийг судалж буй ДЭМБ-ын эрдэмтэд Хятадад арванхоёрдугаар сараас өмнө халдвар гарсан эсэхийг судалсаар байна.

Эдгээр магадлалыг үл харгалзан мэргэжилтнүүдийн санал нийлж буй хэд хэдэн зүйл бий. Ковид-19 нь нэг төрлийн коронавирус бөгөөд энэ нь энгийн ханиадаас эхлээд САРС хүртэл вирусийг үүсгэдэг. Бид вирус хаанаас эхэлж, амьтнаас хүнд халдсан эсэхийг мэдэж чадахгүй. Жишээ нь, эболо вирус үүсээд 40 жил болоход бид хаанаас үүссэнийг нь одоог хүртэл мэдээгүй байна. "Ковид-19"-ийг амьсгалын замын өвчин гэж бодож байсан ч хэдэн сар өнгөрөх тусам өвчний шинж тэмдэг хүндэрч эхэлжээ. Олон хүн үнэрлэх чадвараа алдаж, бөөлжих, гүйлгэх,  зарим тохиолдолд ой санамжаа алдах шинж тэмдэг илэрч байв.

Коронавирусийн нөлөөлөл яагаад харьцангуй байна вэ?

Коронавирус тусаад эдгэх хүртэл удаан хугацаанд шинж тэмдэг илэрч байв. Өнгөрсөн наймдугаар сард гарсан Их Британийн коронавирусийн судалгаагаар коронавирус туссан 10 хүн тутмын нэг нь удаан хугацаанд буюу 12 долоо хоногоос дээш хугацаанд өвчилж байлаа. 60 настай ихэр ах дүүс хоёул коронавирус тусахад нэг нь хоёр долоо хоноод эмнэлгээс гарч, өнөөх ихэр нь эрчимт эмчилгээнд оржээ. Гэвч үүний учрыг тайлсан бөгөөд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн зарим нь хүндээр өвчилж буй нь архаг хууч өвчтэй нь холбоотой байжээ.

Коронавирусээр хүндээр өвдсөн хүмүүс ужиг ядаргаанд орсон, нойрны асуудалтай, холбогчийн үрэвсэлтэй байсан нь нотлогджээ. Энэ тухай эрдэмтэн Коллигнон “Бид бүгдийн генетик өөр. Бүрэн судлагдаагүй ч зарим хүн халдварыг хялбархан давдаг нь үнэн” хэмээжээ.

Гэвч коронавируст ахмад настан, эрэгтэйчүүд илүү өртөмтгий байгаа аж. Бага насны хүүхэд коронавирусийн халдвар авах магадлал бага буй нь хүүхдийн хамарт АСЕ2 рецетор цөөн байдаг учраас бөгөөд энэ нь бидний биед вирусийг нэвтрүүлдэг байна. Гэвч эрдэмтэд хөгшин настай хүмүүсийн нас баралт их байгааг тайлж чадаагүй байгаа юм.

Коронавирус хэрхэн тархдаг вэ?

Хятад Улсад коронавирус анх бүртгэгдэхэд амьсгалын замаар, хэн нэгэн ханиахад агаар дуслаар халдварладаг гэж зарлаж байв. Ханиалгахад үсэрсэн шүлс хүний биеэс хоёр метрийн зайд унадаг тул зай барих, амны хаалтаа хэрэглэх нь ач тустай. Зарим эрдэмтэн коронавирус агаарт тогтож, түүнээс халдварлах магадлалтай гэж үзэж буй аж. Иймээс агаар солилцоог сайн хийх хэрэгтэй аж. Гэхдээ агаарт тогтож халдварлах магадлал бага хэмээн эрдэмтэн Коллигнон хэллээ. Харин Өмнөд Солонгосын судалгаагаар агааржуулагчаас үүдэн хоёр метрийн зайтай үед коронавирус халдварлах боломжтойг тогтоосон байна. Харин хүүхдүүдэд коронавирус тусах магадлалын судалгаа хийгээгүй бөгөөд коронавирус зарим хүүхдэд шинж тэмдэггүй байдлаар илэрч буй аж.

Нэг туссан хүн дахин тусах уу?

Өнгөрсөн наймдугаар сард Хонконгийн судалгаагаар 33 настай хүн халдвар авч эдгэснээс дөрөв, таван сарын дараа ахин коронавирус тусжээ. Энэ үйл явдал хүн дахин халдвар авах боломжтой гэдгийг батлав. "Гэвч бидний ажиглаж буйгаар халдвар авсан хүмүүсийн 99 хувь нь дор хаяж зургаан сарын турш халдвар авахгүй байх шиг байна. Гэхдээ энэ талаар бүрэн судалгаа хийгээгүй" хэмээн Коллигнон хэлжээ.

Коронавирусийн эсрэг вакцин

2019 онд коронавирус гарахаас ч өмнө эмийн үйлдвэрүүд цар тахлаас сэргийлэн вирусийн эсрэг вакциныг хурдан гаргахаар судалгаа хийж байв. Одоогоор коронавурисийн эсрэг вакциныг дөрвөн төрлийн технологиор гаргаж буй бөгөөд үүнд Мрнх арга (Пфизер, Модерна), Векторын арга (AстраЗенека,Спутник V), уурга бий болгох аргаар гаргаж авсан вакцинууд (Новавакс) эерэг нөлөө үзүүлээд буй аж.

Энэхүү вирус нь шинэ учир бидний биед хэр хурдан дархлаа суух вэ гэдэг асуултад эрдэмтэд хариулт эрж буй билээ. Эрдэмтэд вакцины хувьд өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд бидний биед сөрөг нөлөө үзүүлэх магадлал бага гэж үзэж байна. Гэвч вакцин хэр хурдан хугацаанд хүний биед дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй байгаа юм.

Мөн вирусийн шинэ мутаци хувилбар гарч, вакцин үр дүнгүй болох үгүйг ч хэлж мэдэхгүй аж. Коронавирусийн эсрэг зарим вакциныг  Mрнх гэх шинэ технологийг ашиглан бүтээж буй бөгөөд үүний үр нөлөөнд зарим хүн эргэлзэж байна.

Цар тахал хэзээ дуусах вэ?

Дээрх бүх асуулт цар тахал хэзээ дуусах вэ гэсэн асуултад хөтөлдөг. Дэлхийн бүх хүний итгэл, найдвар вакцин боловч вакцин цар тахлыг хурдан дуусгана гэсэн үг биш аж. Дэлхийн бүх хүнийг вакцинд хамруулахад хэдэн жил шаардлагатай бөгөөд санал асуулгаас харахад зарим хүн вакцинд хамрагдахгүй гэдгээ илэрхийлээд буй билээ. Гэхдээ вакцин шийдэл биш аж. Учир нь ямар ч вакцин вирусээс 100 хувь хамгаалдаггүй. Мөн вакцин тариулаад коронавирусээр өвдөөгүй ч вирусийн тээгч болох магадлалыг судлагдаагүй байна. Бид вакцин тариулсан ч вирустэй хамт амьдрах магадлалтай. Дэлхийн түүхэнд вакцинаар ганцхан вирусийг устгаж байжээ.

Их Британи, Өмнөд Африкт коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн талаар зарласан бөгөөд 70 хувиар хурдан тархах чадвартай аж. Иймээс вакцин төгсгөл биш байж мэднэ. Иймээс ч судлаачид бусад аргыг эрэлхийлсээр байна.

Эх сурвалж: CNN


Коронавирусийн талаар бидний мэдэхгүй зүйлс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188