• Өнөөдөр 2024-03-28

Коронавирус хүмүүсийн доторх "МАНГАС"-ыг сэрээж байна

2021-01-03,   1079

       Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдсанаас хойш вирусийн дэгдэлт нийслэл, тэр дундаа Баянзүрх дүүргийг хамарч, тус дүүргийн нэгдсэн эмнэлэг халдварын голомт болоод буй. Гэтэл вирусийн аюул хаалга тогшиж буй энэ үед Баянзүрх дүүргийг сайн дураараа газрын хөрснөөс "арчигсад" цахим сүлжээгээр олширчээ. Тухайлбал, “Баянзүрх дүүргийг бүсэлж байгаад шатаа”, “Улсын аюулгүй байдлын төлөө ганц дүүргийг золигт гарга” гэх зэргээр цахим сүлжээнд жинхэнэ нүүрээ таниулагсад олон боллоо. Энэ мэт явган яриа цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд түгэхэд түүнийг нь тоглоом болгож ойлгох нэгэн байхад, шууд утгаар нь хүлээж авах иргэд ч байх юм.

            Өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр явуулсан Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны дүнгээр 40 хүртэлх насны иргэдийн 88 хувь нь фэйсбүүкийн мэдээллийг гол эх сурвалжаа болгож буй нь тодорхой болжээ. XXI зуунд техник, технологи хөгжиж, Монгол Улсад 2010 оны үеэр фэйсбүүк дэлгэрсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл хөгжсөн Монголын фэйсбүүк хэрэглээг иргэдийн тархи угаах хэрэгсэл болгон ашиглаж буй “гэмтнүүд” олширсон билээ.

            Цахим сүлжээ хэрэглэгчид коронавирусийн өвчтөнүүдэд өршөөлгүй хандаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Франц Улсын иргэн Монголд ирэхэд түүний коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний дараа фэйсбүүк сүлжээнд “Франц иргэнийг шатаая”, “Дорноговь аймгийн бүсэлж байгаад шатаа” зэрэг сэтгэгдлүүд идэвхтэй тархаж байлаа. Хүн гэдэг амьтан хүнд, хэцүү цаг үетэй нүүр тулгарахаараа байгалиасаа өөрийнхөө амийг боддог аж. Гэвч хэн нэгний нэр төрд халдсан, гомдмоор үгсээр бусдыг чичлэх нь бидний байгалийн мөн чанар гэж үү.

            Монгол Улс дотооддоо коронавирус алдахад “Ковид-19”-ийн халдвар авсан иргэн Д-г гар утас, компьютерийн ардаас “шатаасан”, “хөнөөсөн” иргэд олон байсан нь эмгэнэлтэй. Иргэн Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би өвчнөөс биш, хүмүүсээс айж байна” хэмээж байлаа. Иргэн Д-гийн шуумаар ч тогтохгүй, хүний мөс муудсан нэгэн үйл явдал болсон. Коронавирусийн халдвар авсан иргэний хоёр хүүхэд тусгаарлалтын хоногоо дуусгаж, гэртээ очиход байрныхан нь хүүхдүүдийг ялгаварлаж, гэрт нь оруулаагүй юм. ДЭМБ-ын зүгээс коронавирусийн халдвартай болон халдварлах эрсдэлтэй иргэдийг сэтгэл санаагаар унахгүй байж, сэтгэл зүйгээ дэмжих зөвлөмж өгч байгаа. Гэтэл энэ мэт үгээрээ хүнийг “шатаагч”-дын үйлдлээс үүдэж, олон нийт эрүүл мэндээ хамгаалах чадваргүй болж байна.

            Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам нэгэнтээ “Хүн хүнээрээ үлдэх хэцүү юү, эсвэл, мал, мангас болох нь амархан уу” гэж бичиж байжээ. Дээрх асуултад нэрт сэтгэл судлаач, философич Зигмунд Фройдын “Хүний мөрөн дээр бурхан, аль эсвэл чөтгөрийн аль нь ч байдаггүй. Хүн өөрөө чөтгөр” хэмээснээр хариулж болохоор байна.

            Бид Баянзүрх дүүргийн иргэн байсныхаа төлөө, эмнэлгээр үйлчлүүлснийхээ төлөө, халдвар авсныхаа төлөө “шатаагдаж”, нэр хүндээ алдаж, хэн нэгэнд адлагдах ёсгүй. Үнэндээ, коронавирусээс илүү бидний хандлага хамгийн аюултай юм. Коронавирус хүмүүсийн доторх "мангас"-ыг сэрээж байна.


Коронавирус хүмүүсийн доторх "МАНГАС"-ыг сэрээж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188