• Өнөөдөр 2024-04-24

Коронавирусийн эсрэг ВАКЦИН гаргах уралдаан

2020-12-11,   999

       “Ковид-19” вирусийн эсрэг АНУ-ын Pfizer болон Германын BioNTech вакцинууд Их Британид ашиглах зөвшөөрлөө авч, анхны тариануудаа амжилттай гүйцэтгэсэн. Улмаар дээрх хоёр тариа нь вакцин гаргах уралдааны “өнгөнд” явж байна. Тэдний араас АНУ-ын Модерна, Их Британийн AstraZeneca, ОХУ-ын Gamaleya буюу “Спутник 5” вакцинууд нэхэж байгаа юм. Тус бүр хоёр тунгаар ашиглагдах эдгээр вакцин нь вирусээс урьдчилан сэргийлэх, коронавирусийн үхлийн аюулыг багасгах үйлчилгээтэй.

 Вакцин нь вирусээс урьдчилан сэргийлэх, коронавирусийн үхлийн аюулыг багасгах үйлчилгээтэй

Уралдааны түрүү магнай, аман хүзүү

       Америк, Европын орнууд вакцины мРНХ өгөгдлийг судалж, зөвшөөрөл олгохын зэрэгцээ хадгалах нөхцөлийг нь харж байна. Одоогоор зөвшөөрлөө авч, ашиглагдаж буй Pfizer, BioNTech вакцинууд хамгийн багадаа -70 градуст хадгалагдах юм. Маш бага хэмд хадгалагдах нөхцөлтэй уг вакцинуудыг тусгай хайрцгаар зөөж, хуурай мөсөнд хадгалах ажээ.

Их Британи Улс энэ сарын 2-ны өдөр вакцины зөвшөөрөл олгохдоо тус бүр 40 сая тунг захиалсан. Өнгөрсөн даваа гарагаас амжилттай эхлүүлсэн вакцины нээлтээс хойш 800 мянга гаруй вакциныг нэмж захисан юм. Хэдий шаардлагатай тоног, төхөөрөмжийг ашиглаж байгаа ч Pfizer, BioNTech вакцины зөөвөрлөлт хүндрэлтэй байгааг албаныхан дурдаж байна. Гэтэл дээрх хоёр вакцинтай зэрэгцэн ашиглах зөвшөөрөл хүссэн Модерна вакцинд одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа нь хачин. Модерна вакцин 30 мянга гаруй сайн дурынхны биеийн байдлын мэдээллийг баримт болгосон ч хариу тодорхойгүй байна. Тус вакциныг үйлдвэрлэж буй Модерна компанийн мэдээлснээр -20 хэмд зургаан сар хүртэлх хугацаанд хадгалах аж. Хадгалах хугацааны хувьд Pfizer, BioNTech вакцинуудаас илүү уян хатан боловчиг өнөөг хүртэл Их Британийн зүгээс тодорхой хариу өгөөгүй байгаа нь олон нийтийн “хар”-ыг төрүүлсэн юм. Магадгүй далд бизнесийн явуулга, шахаа байж болох талаар иргэд тодорхой мэдээлэл шаардаж  байна.

Pfizer, BioNTech вакцинуудаас илүү уян хатан боловчиг өнөөг хүртэл Их Британийн зүгээс Модерна вакцинд тодорхой хариу өгөөгүй байгаа нь олон нийтийн “хар”-ыг төрүүлсэн юм

Уралдаан нь “уралцаан” болж байна

       Вирусийн эсрэг вакцин гаргах уралдаанд бусдаасаа тасарч, түрүүлсэн компанийг маш том санхүүгийн зах зээл, эргэлт хүлээж байгааг судлаачид дурдаж байна. Их Британийн зүгээс Pfizer болон BioNTech вакцинуудын 100 сая тун тутамд 1.95 тэрбум ам.доллар өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Идэвхтэй үйлдвэрлэж буй болон зөвшөөрөл авахаар хүлээж буй вакцинуудын нэг тун нь гурваас 37 ам.доллар хүрэх юм.

Зөвшөөрлөө авсан Pfizer вакцин 19.50 ам.долларын үнэтэй бол хамгийн үнэтэй нь Модерна вакцин байна. Вирусийн аюулыг бизнес болгох уралдаанд тэргүүлж, санхүү эргэлтэд хүрэхийг хүссэн ч “хөл алдсан” цөөнгүй улс орон, үйлдвэрүүд бий. Хамгийн эхний жишээ бол “Спутник 5” вакцин. Өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан хамгийн анхны орон боллоо” хэмээн мэдээлсэн. Харин тус мэдэгдлийг нь эсэргүүцсэн, эртэдсэн хэмээн үзсэн вакцин гаргах багийн ажилтнууд ажлаа өгсөн. Тухайн нөхцөл байдал ОХУ-ыг уралдаанаас нэг алхам хойш татсан бөгөөд бусад улс орон “Спутник 5” вакцинд хүлээлт үүсгэхээ больсон. Уралдаанд оролцогч вакцинууд гарааны зурхайгаас гараагүй байхад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Спутник 5" вакцины "амыг" нь сул тавьсан нь тус вакциныг уралдааны сүүл мушгихад хүргэсэн. Ямартай ч холбогдох байгууллагынхан оны эцэс гэхэд “Спутник 5” вакцины 1.5-аас хоёр сая хүртэлх тунг үйлдвэрлэж, ирэх оноос эргэлтэд оруулна гэв. Pfizer, BioNTech вакциныг ашиглаж буй Их Британи орон өөрийн үйлдвэрлэж буй вакцинаа ч унагаад буй. Оксфордын их сургуулиас гаргасан AstraZeneca вакцины хөргөгчийн тогтмол температурт хадгалах нөхцөл нь сайн байсан ч хүний биед 62-оос 90 хувь хүртэл үйлчилгээ нь хэлбэлзэж байгаа нь бусдаасаа нэг алхам хойшлоход хүргэсэн. Коронавирусийн эсрэг вакцин гаргах энэ уралдаанд "Спутник 5", AstraZeneca вакцинууд баян ходоодын төлөө хүч үзэж байгаа гэж хэлж болохоор байна. Харин Модерна вакцины зөвшөөрөл одоог хүртэл гараагүй нь тус вакцины тун тутмын үнэд санаа зовсон асуудал уу, аль эсвэл хүчээр хойш болгож байгааг мэдэхийг хүссэн иргэн олон байгаа юм. Энэ мэтээр вакцинаа зарлах гэж яарсан, судалгааны хэсэг нь бүрэн болоогүй үед туршилт хийсэн, хариугаа хүлээж буй болон вакцин үйлдвэрлэх уралдаанд тасарч, тэргүүлэх хүсэл вакцин үйлдвэрлэгч орнуудад бий. Ашиглах зөвшөөрлийнхөө зэрэгцээ амжилтаа баталгаажуулаад авбал санхүүгийн маш том боломжид хүрэхийг хүссэн бүхий улс орон, үйлдвэрлэгч компаниуд бүгдээрээ Pfizer, BioNTech вакцинд тогтоосон тун тарих, тунгийн үйлчилгээг нягтлах 21 хоногийн хугацааг ажиглаж байна.

Вирусийн эсрэг вакцин гаргах уралдаанд бусдаасаа тасарч, түрүүлсэн компанийг маш том санхүүгийн зах зээл, эргэлт хүлээж байгаа


Коронавирусийн эсрэг ВАКЦИН гаргах уралдаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188