Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 346 сая давж, эдгэрсэн хүний тоо 276 саяд хүрэв. Харамсалтай нь 5.6 сая хүн коронавирусийн хүндрэлийн улмаас нас бараад байна.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-нд хаагдсан мэдээллээр дэлхийн нийт хүн амын 52.3 хувь буюу 4.07 тэрбум хүн коронавирусийн вакцины II тунд хамрагджээ.
Зарим ядуу, буурай оронд коронавирусийн вакцины хүртээмж муу байгаа нь нийт дархлаажуулалтын түвшинг муу дүнд хүргэсэн байна. Шинэ төрлийн омикрон хувилбарын давлагаа эрчимжиж, олон улсад тархаж байгаатай холбоотойгоор зарим орон вакцины дахин нэмэлт тунг тарьж эхэлсэн. Тухайлбал, Израиль, Монгол зэрэг орон коронавирусийн вакцины IV тунг нэвтрүүлээд байгаа.
Одоогийн байдлаар дэлхийд нийт хүн ам дундах дархлаажуулалтаараа БНХАУ тэргүүлж байна. БНХАУ нь нийт хүн амынхаа 87.1 хувь буюу 1.2 тэрбум иргэнээ бүрэн дархлаажуулжээ.
ОХУ өнгөрсөн 2021 оноос эхэлж, эх орондоо үйлдвэрлэсэн коронавирусийн спутник эмийг хэрэглэх болсон. Тэгвэл өдгөө “Пфайзер/БиоНТех” компаниас шинээр гаргаад байгаа paxlovid эмийн багцыг олон улсад өргөнөөр хэрэглэх болжээ.
“Пфайзер/БиоНТех” компанийн paxlovid эм хөгжүүлэлтийн шатандаа явж байхад нь хөрөнгө оруулалт хийсэн орнууд тус эмийн багцын эхний хангамжаа авч эхэлсэн байна. Гэвч paxlovid эм өндөр настнуудад хүчтэй шинж тэмдэг үзүүлж байгаа тул АНУ, БНСУ-д коронавирусийн эмийг хэрэглэх насыг 65-аас 60 нас болгож бууруулжээ.
“Нью-Йорк таймз”-ын мэдээлснээр Paxlovid эмийн багцын үнэ нь 530 ам.доллар аж. Уг мөнгөн дүнг өнөөдөр Монголбанкнаас зарласан ханшаар тооцвол 1.5 сая төгрөг байгаа юм.
Одоо дэлхийн эрдэмтдийн дунд “Шинэ төрлийн омикрон хувилбар “Ковид-19”-ийн төгсгөл байх уу” гэх асуудал маргаан үүсгээд байгаа гэнэ.
Цар тахал үүсгэгч, өдөөгч вирус нь мутацилагдаж, хувилбар болох тусам аюул багатай хувилбар болж, вирус тогтворжиж, тахлыг зогсоох хандлагатай байдаг аж. Мөн үүнд сүргийн дархлаа тогтох буюу нийт хүн амын дийлэнх хувь дархлаажсан байх ч хамаарна.
2021 оны 10-11 дүгээр сард Өмнөд Африкт омикрон хувилбараар халдварласан 466 өвчтөний судалгаан дээр үндэслэн “Омикрон хувилбар цар тахлын тархалтын үе шатыг зогсоож, шинэ эрин эхлүүлж, тахлын төгсгөлийн дохио байж магадгүй” гэж мэдэгджээ.
Омикрон хувилбар халдварлах чадвар өндөртэй ч, тус хувилбарын хүндрэлээр нас барж буй тохиолдол бага байгаа бөгөөд зарим оронд “Бараг үхлийн хүндрэлгүй” гэж мэдээлсэн байдаг. Мөн дээр дурдсан судалгаанд омикрон хувилбараар халдварлаад эдгэсэн хүн дараа нь альфа, дельта зэрэг хувилбараар халдварлах боломж нь бараг тэг хувь байна.
“Ковид-19” цар тахлын эрин омикрон хувилбараар дуусах уу |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |