• Өнөөдөр 2024-03-29

ТОЙМ: Омикрон хувилбарыг PCR тестээр илрүүлж, гэрээр эмчилж болно

2022-01-12,   23606

Дэлхийн 140 гаруй оронд бүртгэгдээд байгаа коронавирусийн омикрон хувилбарын 17 тохиолдол Монгол Улсад илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

          Үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн омикрон хувилбараас сэрэмжлүүлэх зорилгоор уншигч та бүхэнд омикрон хувилбараас халдварласан хүнд илрэх шинж тэмдэг, хэрхэн илрүүлэх, олон улсад ямар эмчилгээ хийж байгаа зэрэг мэдээллийг тоймлон хүргэж байна.

-ОМИКРОН ХУВИЛБАРААР ХАЛДВАРЛАСАН ХҮНД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ-

          Омикрон хувилбар анх илэрсэн Өмнөд Африкийн Анагаах ухааны ассоциацын тэргүүн Анжелик Кутзе “The Daily Telegraph” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ихэвчлэн 20-30 насны залуус омикрон хувилбараар халдварлах эрсдэлтэй” байгааг дурджээ. Мөн Лондонгийн их сургуулийн генетикийн хүрээлэнгээс “Омикрон хувилбар нь энгийн дельта хувилбараас 3-6 дахин олон хүнд халдварлах чадвартай” талаар мэдээлээд байгаа. Тэгвэл омикрон хувилбараар халдварласан хүнд дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:

  • Хуурай ханиалга   60.4 хувь,
  • Амьсгал давчдах   41.1 хувь,
  • Халуурах   55.5 хувь,
  • Булчин өвдөх   44.6 хувь,
  • Толгой өвдөх   42.6 хувь,
  • Хоолой өвдөх   31.2 хувь,
  • Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах   64.4 хувь,
  • Ядрах   68.3 хувиар голчлон илэрч байгаа бол зарим өвчтөнд,
  • Хамар бөглөрөх,
  • Суулгах,
  • Цэртэй ханиалгах,
  • Дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

-ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЖ, ШИНЖЛЭХ ВЭ-

          ДЭМБ-ын мэдээлснээр “Омикрон хувилбарыг олон улсад өргөн хэрэглэж байгаа PCR тестээр илрүүлэх боломжтой”. Гэсэн ч PCR тестээр халдвартай эсэхийг нь баталгаажуулахаас омикрон хувилбар эсэхийг нь мэдэх боломжгүй юм.

Олон улсын жишгээр омикрон хувилбараар халдварласан байж болзошгүй хүнийг

  • сэжигтэй
  • магадлалтай
  • батлагдсан гэж гурав ангилж байна.

          Улмаар сэжигтэй тохиолдлоос коронавирусийн шинжилгээ авна. Харин магадлалтай тохиолдлоос дахин арчдас авч, 4-5 хоногт бүрэн генетикийн шинжилгээ хийж, омикрон хувилбар мөн эсэхийг нь батлах юм.

-ОЛОН УЛСАД ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ИЛРҮҮЛЭХЭД ДУНДЖААР 450 АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖ БАЙНА-

          Олон улсад коронавирусийн омикрон хувилбарыг илрүүлж, батлахын тулд дунджаар 450 ам.доллар зарцуулж байгаа гэнэ. Уг мөнгөн дүнг өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний Монголбанкнаас гаргасан ам.долларын ханшаар монгол төгрөгт шилжүүлбэл, 1.28 сая төгрөгийн өртөгтэй болж байна.

          Дэлхийн орнууд омикрон хувилбарыг илрүүлэхэд ихэвчлэн NGS буюу геномын дарааллыг тогтоож, тандалт хийх арга ашиглаж байгаа аж. Эхлээд сэжигтэй тохиолдолд PCR тестээр шинжилгээ хийхэд S генийн алдагдал илэрвэл магадлалтай тохиолдол гэж үзэн геномын дарааллыг тогтоох шинжилгээнд оруулснаар омикрон хувилбарыг тогтоодог байна. Дээрх бүх сорьц, геномын шинжилгээ 450 ам.долларын өртөгт багтаж, арчдаст хийсэн шинжилгээг 4-5 хоногт омикрон хувилбар эсэхийг нь шалгаж, баталгаажуулах аж.

-ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ГЭРЭЭР ЭМЧИЛЖ БОЛНО-

          “Ковид-19” цар тахал мутацид орж, олон хувилбар гарсан ч, гэрээр эмчлэх боломжтой хэвээр байх гэнэ. Омикрон хувилбарын эсрэг хамгийн үр дүнтэй нь ханиадны эсрэг эм, эмчилгээ байдаг аж.

          Харвардын их сургуулийн доктор, профессор Дэвил М.Катлер “Омикрон хувилбараар халдварласан үед өөрийгөө сайн амрааж, биеэ чийгшүүлж, сайн хооллож байх хэрэгтэй. Уг халдварын эсрэг толгойн өвдөлт, халуунаа буулгахын тулд ацетаминофен аль эсвэл ибупрофен ууна. Харин тодорхойгүй, сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гидроксихлорокин, ивермектин, цайр, Д витамин зэргээс зайлсхийх хэрэгтэй” гэсэн зөвлөмж өгөөд байна.

-ОЛОН УЛСАД ЯМАР ДЭГЛЭМ, ТУСГААРЛАЛТ БАРИМТАЛЖ БАЙГАА ВЭ-

          Коронавирусийн омикрон хувилбар анх илэрсэн Өмнөд Африк хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ цуцалсан. Учир нь, тус улсад омикрон хувилбараар халдварласан хүнд эмнэлэгт хэвтэх, биеийн байдал нь хүндрэх эрсдэл бага байсан гэнэ.

          Тэгвэл өдөрт бүртгэгдэх халдварын дийлэнх хувийг нь омикрон хувилбар эзлээд байгаа Англи, Уэльст хөл хорио тогтоолгүй, гэрээсээ ажиллахыг зөвлөж байна. Хэрэв омикрон хувилбараар халдварлаж, эдгэсэн хүн шинжилгээний сөрөг хариу гарснаас долоо хоногийн дараа хувийн тусгаарлалтаа зогсоож болох аж.

          Харин Шотланд, Хойд Ирландад коронавирусийн вакцины гурван тун тариулсан байсан ч, омикрон хувилбарын магадлалтай тохиолдолтой хавьтал болсон бол, 10 хүртэлх хоногоор тусгаарлаж байна.


ТОЙМ: Омикрон хувилбарыг PCR тестээр илрүүлж, гэрээр эмчилж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188