• Өнөөдөр 2024-04-27

Халдварын тохиолдол буурахад нь “гэнэдэж”, дэглэмээ бууруулсан орнууд коронавирусийн давлагаанд “амаа барьж” байна

2021-11-15,   24454

          Франц Улсад “Ковид-19” цар тахлын тав дахь давлагаа эхэлж, өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо хэдэн өдөр дараалан 10 мянга гараад байна. Тус улсын эрүүл мэндийн сайд Оливье Веран “Францын хөрш хэд хэдэн орон тав дахь давлагаанд орсон. Гэвч улсууд энэ талаараа судалгаа, шинжилгээ хийж, хөрш орнууддаа мэдэгдэхгүй байгаа нь цар тахлын давлагаанд дэгдэхэд нөлөөлж байна” хэмээн мэдэгджээ. Харин ДЭМБ-ын эрдэмтдийн баг “Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо багассантай холбогдуулан халдварын дэглэм, хөл хорио, хязгаарлалтыг цуцлах нь “Ковид-19” цар тахлын дахин шинэ давлагаа эхлүүлэх аюултай байгаа” талаар анхааруулсан байна.

 

-ЗУЛ САРЫН БАЯРААР КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ДАВЛАГАА ЭХЭЛНЭ-

          “Ковид-19”-ийн тав дахь давлагаа Франц, Герман зэрэг Европ тивийн хэд хэдэн оронд илрээд байгаа. Өмнөх давлагаануудаас ялгаатай тав дахь давлагаа коронавирусийн уршиг ихтэй хувилбаруудаар давлагаалж байгаа нь халдварын улмаас амиа алдагсдын тоог эрс нэмэгдүүлжээ.

          ДЭМБ-ын явуулсан судалгаагаар өнгөрсөн аравдугаар сард дэлхийн нийт коронавирусийн хүндрэлийн улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь Европт байсан аж. Мөн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар тус тивийн нас баралтын түвшин 10 хувиар өсөж, дэлхийн даяар шинээр илэрсэн 3.1 сая халдварын тохиолдлын 70 хувь нь бүртгэгдэж, сөрөг дээд амжилт үзүүлэв.

          Тэгвэл судлаачид коронавирусийн шинэ давлагааны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Коронавирусийн өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо багасахад баярлах хэрэггүй” гэсэн шинэ зөвлөгөө өгч байгаа юм.

          2020 оны зул сарын баяраар олонх орон баяр тэмдэглэхээс татгалзаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй ч, хувиараа тэмдэглэсэн, сүмд тэмдэглэсэн иргэд коронавирусийн тархалтыг нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны өвлийн улиралд “Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаанаас “амь мултарсан” олон хүн зул сарын баярын дараа дэлхий дахиныг “нөмөрсөн” гурав дахь давлагаанд үрэгдсэн гэж хэлж болох юм.

          2021 оны зул сарын баяр эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын эрдэмтэд болон олон улсын шинжээчид дэлхийн орнуудыг халдварын тохиолдлын тоо багассантай холбоотойгоор дэглэмийг сулруулах, хөл хориог цуцалж, хязгаарлалтаа бууруулахгүй байхыг анхааруулж байгаа юм. Хэрэв үгүй бол дөнгөж тав дахь давлагаанд орж байгаа дэлхийн нийт давлагаагаа хумьж чадахаасаа өмнө шинэ давлагаа эхлүүлэх өндөр эрсдэлтэй аж.

 

-2020 ОНЫ ЗУЛ САР ХЭР ИХ ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛСАН БЭ-

Өнгөрсөн оны зул сарын баярын дараа “Ковид-19” цар тахлын гурав дахь давлагаа 2021 он гарахаас өмнө Испани Улсад дэгдсэн. Үүний дараагаар Европын тивийн олон оронд дэгдсэнээс Их Британид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн юм.

          2021 оны нэгдүгээр сард Их Британид халдварын улмаас нас барагсдын тоо ихсэж, өнөөг хүртэл тус улсын хэмжээнд хамгийн олон хүн амиа алдсан үе болсон. 2021 нэгдүгээр сарын 11-20 өдрүүдэд Их Британид нэг өдөрт 1000-2000 хүн халдварын шинэ давлагааны улмаас амиа алдаж байлаа.

Тэгвэл өнгөрсөн зул сарын үеэр нүүрлэсэн коронавирусийн гурав дахь давлагааны аюул Энэтхэг Улсад хамгийн удаан үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар тус улсын ердөө нэг мужид гурав дахь давлагаа эхэлснээс хойш бүртгэгдсэн 1.2 сая халдвар идэвхтэй тохиолдол байгаа юм. Өнгөрсөн хаврын улиралд Энэтхэг Улс даяар гурав дахь давлагаа хүчтэй өрнөж, хоол хүнс, хүчилтөрөгчийн хомстол үүсэж, халдварын улмаас нас барагсдыг оршуулж, чандарлаж чадахгүйн улмаас ил гудамжид шатаах тохиолдол гарч байсан билээ.

 


Халдварын тохиолдол буурахад нь “гэнэдэж”, дэглэмээ бууруулсан орнууд коронавирусийн давлагаанд “амаа барьж” байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188