• Өнөөдөр 2024-04-27

ОЛОН УЛСЫН ТОЙМ: Коронавирусийн мутаци вакцины үр нөлөөг бууруулж байна

2021-10-28,   24236

          Дэлхий дахинд коронавирусийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалт эхэлснээс хойш дэлхийн 184 орон нийт 6.92 тэрбум коронавирусийн эсрэг тун вакцин хэрэглэжээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр дэлхийд нэг өдөр 27.7 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа талаар мэдээлэл бий. Өчигдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын 38.1 хувь бүрэн дархлаажсан байна. Уншигч та бүхэнд олон улс дахь коронавирусийн вакцины мэдээллийг тоймлон хүргэе.

-Ази, Номхон далайн орнуудад 100 хүн тутмын 15 нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан-

          Бүх нийтийн вакцинжуулалтыг дэмжихээр Азийн хөгжлийн банкнаас гаргасан есөн тэрбум ам.долларын APVAX сан зарим Ази, Номхон далайн оронд үр дүнгээ үзүүлж, дархлаажуулалтын хурд нэмэгдсэн. Гэсэн ч вакцинжуулалтын хөтөлбөрийг угаар нь шинэчлэх, өргөжүүлэх арга хэмжээ авахгүй бол халдварын тохиолдол дахин эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Мөн “Ковид-19” цар тахлын илүү хоруу чанартай омгууд гарч ирж байгаа нь вакцины үр нөлөөг бууруулж болзошгүй талаар эрдэмтэд зөвлөж байгаа аж.

          Азийн ихэнх оронд вакцинжуулалт үр дүнгээ өгч, зарим орон зорилтот бүлгийн нийт хүн амынхаа 50-иас дээш хувийг бүрэн вакцинжуулсан. Жишээлбэл, БНХАУ өчигдрийн байдлаар зорилтот бүлгийн нийт иргэдийнхээ 74.7 хувь буюу 1,407,872,000 иргэнийг бүрэн дархлаажуулжээ.

          Нөгөөтээгүүр Азийн хөгжлийн банкны тусламж хүрч чадаагүй зарим оронд вакцинжуулалтын үр дүн муу байгаа. Вакцин хүрэлцээгүйн улмаас Энэтхэг Улс зорилтот бүлгийн нийт хүн амынхаа ердөө 22.8 хувийг бүрэн тунд хамруулаад байгаа юм. Хамгийн сүүлчийн судалгаагаар Ази, Номхон далайн орнуудын 100 хүн тутмын ердөө 15 нь л бүрэн дархлаажсан дүн гарсан.

          Азийн хөгжлийн банк цар тахлын үед бусад орноос хоёр тэрбум ам.доллар хүртэлх зээлийн хүсэлтийг хүлээн авч, тусламж үзүүлэн ажилласан байна. Гэсэн ч зарим оронд өгсөн тусламж улстөр, ашиг сонирхлын зөрчлөөр зорилтот эзэндээ хүрч чадаагүйг Азийн хөгжлийн банкнаас онцолжээ.

-Африк тив 2022 оны зургадугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна-

          НҮБ-аас коронавирусийн эсрэг вакцины тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор санаачилсан “Ковакс” хөтөлбөрийн вакцин Африк тивд хамгийн муу хүртээмжтэй байсан. Африк тивийн орнуудаас зорилтот бүлгийн нийт хүн амынхаа хамгийн их хувийг бүрэн дархлаажуулсан нь тивийнхээ хамгийн их халдварын тохиолдлыг бүртгэсэн Өмнөд Африк Улс 19.9 хувьтай байгаа юм. Харин бусад улс нь түүнээс бага, зарим нь нэг хувь ч хүрээгүй байна.

          Үүнтэй холбоотойгоор Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг, ОХУ зэрэг эдийн засгийн томоохон орон Африк тив рүү коронавирусийн вакцин хандивлаж байгаа. Мөн НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд ирэх арванхоёрдугаар сар гэхэд нийт 600 сая астразенека, пфайзер вакцины тунг Африк тивд хандивлах юм. Африкийн орнуудын нэгдлээс 2022 оны зургадугаар сар гэхэд зорилтот бүлгийн нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилт тавиад байна.

-Австрали вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдээ гаднын орон руу аялахыг нь зөвшөөрөв-

          Дэлхийн цор ганц тив, улс болох Австралид коронавирусийн эсрэг вакцинжуулалт бусад тивээсээ хамгийн сайн үр дүн үзүүлжээ. Вакцинжуулалтын сайн дүнтэй холбоотойгоор дэлхийд хамгийн удаан хугацаанд хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсэн Австрали Улс, Мельбурн хотын хөл хорио суларсан.

          Өчигдрийн байдлаар 34,828,566 хүн амтай Австрали Улс зорилтот бүлгийнхээ 61,9 хувийг буюу 15,893,583 иргэнийг бүрэн дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисоны амласнаар зорилтот бүлгийн олонх иргэнээ вакцинжуулсан тус улс гамшгийн үеийн улаан дэглэмийг бууруулж, бүрэн дархлаажсан иргэдээ гаднын орон руу аялахыг зөвшөөрөөд байгаа юм.

-АНУ 5-11 насны хүүхдүүдэд зориулсан пфайзер вакцинд зөвшөөрөл олгов-

          АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газраас өчигдөр 5-11 насны хүүхдүүдэд зориулсан пфайзер вакцинд олонхын саналаар зөвшөөрөл олгосон. “Пфайзер/БиоНТех” компанийн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд туршсан  судалгаа 90.7 хувийн сайн үр дүн үзүүлсэн байна. Америк тив даяар өнгөрсөн зуны улиралд бүртгэгдэх халдварын тохиолдол буурч байсан ч, энэ  сараас эрчимтэй өсөж эхэлжээ. Иймээс 5-11 насны хүүхдүүдийг ч коронавирусийн эсрэг дархлаатай болгох нь зөв шийдвэр болох талаар зарим муж улсын Амбан захирагч үзэл бодлоо илэрхийлээд байгаа.

          Өчигдрийн байдлаар Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын зорилтот бүлгийн вакцинжуулалт 40 хувьтай байна. Зарим бүс нутагт 20 хувь ч хүрэхгүй хэвээр байгаа аж. Тиймээс бүс нутгийн вакцинжуулалтын хувь муу байгаа орнуудад Испани, Герман, АНУ, Канадаас нийт 1.3 сая тун вакцин хандивлахаар болсон байна.

-ОХУ-д коронавирусийн хүндрэлээр нэг өдөрт 1123 хүн нас барсан-

          Европ даяар коронавирусийн вакцинжуулалт өргөжиж байгаа ч, үр дүнтэй муу байгаа аж. Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-д коронавирусийн хүндрэлийн улмаас 1123 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол болсон талаар “Ковид-19”-тэй тэмцэх шуурхай штабаас мэдэгджээ. ОХУ зорилтот бүлгийн нийт иргэдийнхээ 32.6 хувийг бүрэн дархлаажуулаад байгаа юм.

          Европын холбооны Франц, Итали, Англи зэрэг орон нийт хүн амынхаа 60 гаруй хувийг бүрэн вакцинжуулалтад хамруулсан ч, илүү хоруу чанартай коронавирусийн хувилбаруудын улмаас вакцины үр нөлөө буурч байж болзошгүй юм байна.

-Коронавирусийн эсрэг вакцин эмч, эмнэлгийн ажилтнуудад хүрэхгүй байна-

          Дэлхийд ойролцоогоор 135 сая эмч, эмнэлгийн ажилтан байдаг. Үүнээс таван эмч, эмнэлгийн ажилтан тутмын хоёрт нь л коронавирусийн эсрэг вакцин хүрч байгаа талаар ДЭМБ нэгэн мэдэгдэлдээ дурджээ.

          Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейес “Ковид-19” цар тахал эрүүл мэндийн салбарынханд ноцтой нөлөөлсөн. Дэлхийн хэмжээнд ойролцоогоор 80-180 мянган эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн улмаас амиа алдсан. Коронавирусийн вакциныг ядахнаа эмч, эмнэлгийн ажилтнуудад хүрэлцээтэй болгох ёстой” хэмээн шүүмжилсэн байна.

-Дэлхий даяар 1645 хүн вакцин тариулсныхаа дараа амиа алдсан-

          Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлагаас коронавирусийн вакцин тариулсантай холбоотойгоор амиа алдсан байж болзошгүй тохиолдлуудын судалгаа хийжээ. “Шар хуудас” гэж нэрлэсэн уг судалгаанд 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 2021 оны есдүгээр сарын 8 хүртэлх тохиолдлуудыг бүртгэж, нийт 1645 хүн коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа дараа удаан хугацаа өнгөрөлгүй амиа алдсаныг илрүүлсэн байна.

          Тэгвэл шууд вакцинтай холбоотойгоор амиа алдсан таван тохиолдол илрүүлсний дөрөв нь Шотланд, нэг нь Умард Ирландад тохиолджээ. Харин вакцин тариулсныхаа дараа амиа алдсан үлдсэн 1640 хүний үхлийн шалтгааныг одоо болтол тодорхой болгоогүй бөгөөд вакцинтай холбоотой байж болзошгүй гэсэн таамаг үргэлжилсээр байгаа аж.

 


ОЛОН УЛСЫН ТОЙМ: Коронавирусийн мутаци вакцины үр нөлөөг бууруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188