• Өнөөдөр 2024-04-16

ТОЙМ: Коронавирусийн мю, ламбда мутаци дельта хувилбарын дараагийн үед зонхилох эрсдэлтэй байна

2021-09-15,   24174

“Ковид-19” цар тахлын мутацид орсон хувилбар анх өнгөрсөн оны есдүгээр сард Их Британи Улсад бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 14-ний байдлаар дэлхийн хэмжээнд 37 төрлийн коронавирусийн мутацид орсон хувилбар илрээд байгаа талаар ДЭМБ-аас мэдэгджээ.

Коронавирустэй адил RNA төрлийн вирус нь цаг уур, хүний биеийн дархлааны системтэй холбоотойгоор аажмаар өөрийгөө өөрчилж, хөгжиж байдаг. “Вирус доторх мутаци аажмаар хөдөлснөөр шинэ хувилбар бий болох нь тийм ч гайхмаар зүйл биш. Бүр томуугийн вирус хүртэл байнга өөрчлөгддөг тул эмч нар жил бүр өөр төрлийн шинэ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөдөг” хэмээн АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн профессор Роберт Боллинжер мэдээлсэн юм.

-Хүний дархлаанд хүчтэй нөлөөл үзүүлж байгаа ГУРВАН МУТАЦИ-

Одоогийн байдлаар дэлхийд Өмнөд Африкийн B.1.351 буюу бета, Бразилын P.1 буюу гамма, Энэтхэгийн давхар мутацид орсон B.1.617.2 буюу дельтаг эмч, эмнэлгийн байгууллага, судалгааны багууд онцолж байна.

          Анх VUI202012/01 нэрлэгдсэн Их Британийн альфа мутаци өнгөрсөн оны есдүгээр сард илэрсэн. Гэвч эрдэмтдийн багийн судалгаагаар Өмнөд Африкийн бета мутацийг түүнээс өмнө буюу 2020 оны тавдугаар сард хувиралд орсон гэж үзсэн байна. Ямар нэгэн төрлийн вирус нь өөр дотроо хувьсаж, олон төрөл зүйлийн өөрчлөлт хийдэг аж. Харин титэм хэлбэрт коронавирус доторх N501Y эсийн мутацилагдаж, өөрчлөгдөх хурд нь бусад вирусийн эсээс илүү хурдан байгаа нь ч мөн үүнд нөлөөлж байгаа юм.

Европын холбооноос мэдэгдсэнээр дельта хувилбарын гэнэтийн хүчтэй дэгдэлт нь альфа хувилбарыг дарахад нөлөөлсөн гэх. Дэлхийд тархах альфа хувилбарын тохиолдлын тоо багасаж, ДЭМБ-аас альфа хувилбарыг тогтворжсон коронавирусийн хувилбарын тоонд оруулжээ. Харин дельта хувилбарын дэгдэлт зогсолтгүй, илүү аюултай түвшинд хүрч, зарим оронд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын 90 гаруй хувийг эзэлж байгаа юм байна.

-Дельта хувилбар дахин мутацид орох эрсдэлтэй-

Энэтхэгийн дельта мутаци дэлхийн 90 гаруй оронд тархсантай холбоотойг ДЭМБ-аас өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэл хийсэн. Дельта хувилбарын талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан “Дельта мутаци нь бусад хувилбаруудаасаа илүү хурдан халдварладаг. Бусдаасаа илүү уян хатан. Энэ мутаци хүний биед халдварлахдаа биеийн хамгийн сул дорой буюу вирусийн хувьд хамгийн үр дүнтэй хэсгийг нь онилдог” гэжээ.

Дельта хувилбарын дэгдэлт хэзээ зогсох эсэх нь тодорхойгүй. Олон улсын зарим бие даасан эрдэмтэн, профессорын зүгээс ДЭМБ болон холбогдох газруудаас мутацид анхаарал хандуулах цаг болсныг мэдээлж байна. Тэд “Дельта болон дельта плас хувилбар нь цаашид өөрийгөө дахин мутацид оруулж, илүү аюултай “мангас” болох боломжтой. Үүнд ДЭМБ болон Засгийн газрууд анхаарал хандуулж, дэлхийн хэмжээний түгшүүр, гамшгийн зэрэг зарлах хэрэгтэй” гэсэн юм.

-Дельта хувилбарын дараа дэлхий даяар дэгдэх эрсдэлтэй мю, ламбда мутаци-

Анх Колумб Улсад илэрсэн мю болон Перу Улсад илэрсэн ламбда хувилбарыг тухайн орны эрүүл мэндийн байгууллагаас “Дельта хувилбарын дараа аюул учруулж, дэлхий даяар дэгдэх эрсдэлтэй коронавирусий мутаци” гэж зарласан. Колумб Улсад өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдлуудын 40 орчим хувийг эзлээд байгаа мю хувилбар дэлхийн 39 оронд тархжээ. Харин ламбда хувилбар энэ оны зургаа, долдугаар сард Перу Улсад илэрснээсээ хойш Перу, Чили Улсад идэхвтэй дэгдсэнээсээ хойш хэдий нь дэлхийн 44 оронд тархаад байгаа юм байна.

Одоогийн байдлаар мю болон ламбда хувилбар дээр хийсэн лабораторийн нарийвчилсан судалгаа байхгүй ч урьдчилсан шинжилгээгээр дээрх хоёр хувилбар өөртөө E484K болон K417N гэх дархлааны эсрэг мутаци агуулж байгаа нь коронавирусийн эсрэг вакцины нөлөөг үгүйсгэх боломжтой гэж үзэж байгаа аж. ДЭМБ-ын Вирус эволюцийн Ажлын хэсэг урьдчилсан судалгаагаар коронавирусийн эсрэг вакцин, дархлааны эсрэг хамгаалалттай болохыг нь нотолжээ. Мөн халдварт өвчин судлаач Паул Карденасын “Вашингтон Пост” сонинд хэвлүүлсэн судалгаанд “Мю хувилбар нь энгийн коронавирусээс илүү дамжуулалттай бөгөөд хэдий нь альфа, гамма хувилбарыг давсан” хэмээсэн юм. Харин ламбда хувилбарын талаар Жон Хопкинсийн их сургуулийн профессор Анна Дюрбин “Өнөөгийн байдлаар дельта хувилбарыг давж, дэлхий даяар илүү дэгдэх коронавирусийн шинэ хувилбар байхгүй байгаа гэж найдаж байна. Гэсэн хэдий ч Перу Улсад анх илэрсэн ламбда хувилбар дельта хувилбартай дотоод мутацийн хувьд маш төстэй учир нэг дэгдвэл зогсоох аргагүй” гэжээ.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо, Жон Хопкинсийн их сургууль


ТОЙМ: Коронавирусийн мю, ламбда мутаци дельта хувилбарын дараагийн үед зонхилох эрсдэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188