• Өнөөдөр 2024-04-27

“Вакцин нөлөөлдөггүй”, халдварлах чадвар, хор хөнөөл их ДЕЛЬТА МУТАЦИ гэж юу вэ

2021-07-17,   24864

            Дэлхий 90 гаруй оронд тархаад байгаа коронавирусийн дельта хувилбар нь Энэтхэгт Улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард илэрсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл бусад мутациасаа илүү халдварлах чадвар, хор хөнөөлтэй гэгдэж байгаа дельта хувилбар дотроо дахин мутацилагдаж, дельта плас болсон билээ. Дельта хувилбар өчигдөр буюу 2021 оны долдугаар сарын 8-ны байдлаар дэлхийн 98 оронд тархжээ. Олон улсын иргэдийн айдас, түгшүүрийн “эзэн” болж байгаа дельта хувилбарын тухай мэдээллийг тоймлож, “жинхэнэ” дельта гэж юу болох талаарх мэдээллийг хүргэж байна.

-Дельта мутаци бусад хувилбараасаа илүү халдварлах чадвар, хор хөнөөлтэй-

            Энэтхэгийн дельта мутаци дэлхийн 90 гаруй оронд тархсантай холбоотойг ДЭМБ-аас өнгөрсөн зургадугаар сард мэдэгдэл хийсэн. Дельта хувилбарын талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэж захирал Майк Райан “Дельта мутаци нь бусад хувилбаруудаасаа илүү хурдан халдварладаг. Бусдаасаа илүү уян хатан. Энэ мутаци хүний биед халдварлахдаа биеийн хамгийн сул дорой буюу вирусийн хувьд хамгийн үр дүнтэй хэсгийг нь онилдог” гэжээ. Халдварлах чадварыг нь зарим орны эмнэлгийн байгууллагынхан экспоненциал гэж дүгнэсэн байна. Экспоненциал нь матетикиийн нэршил бөгөөд ямарваа нэгэн зүйлийг 10 дахин ихэсгэх, нэмэхийг уг нэршлээр хэлдэг аж. Энэ талаар АНУ-ын “Intelligencer” сэтгүүл “Хүн төрөлхтөнд нь цар тахлын экспоненциал аюул тулгарч байна. Энгийн жишээгээр бодож үзэхэд гурван хүн өвчлөх байсан вирусээр дөрвөн хүн өвчилж байгаа. Энэ байдал цаашид үргэлжилж экспоненциал болбол дэлхийд нэг өдрийн дотор 40 мянга орчим халдвар тохиолдол бүртгэгдэх байсан бол 524 мянга болж өөрчлөгдөнө. Халдвар чадвар нь энгийн вирусээс 13 дахин зөрүүтэй гэсэн үг” хэмээн тайлбарлажээ.

            Дельта хувилбар одоогоор дэлхийн хамгийн аюултай мутацийн омог болж байна. Харин энэ мутаци зөвхөн халдварлах чадвар их байгаад зогсохгүй вакцинжуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүмүүст ялгаагүй халдварлаж, биеийн байдлыг хүндрүүлэх, хор хөнөөл их байгаа гэнэ. Их Британид дельта хувилбарын 38805 тохиолдол дараалан бүртгэгдсэн дээр туршилт, шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд дельта хувилбар 14 хоногийн дотор өвчтөний биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэл 2.61 дахин их байгааг тогтоожээ.

            Өнгөрсөн хэд хоногт олон улсын хэвлэлүүдээр “Дельта мутаци АНУ-ыг “хөмөрлөө” гэх гарчигтай мэдээ, нийтлэл хэвлэгдсэн. Учир нь дельта хувилбар АНУ даяар тархаад байсан Их Британийн альфа хувилбарыг батлагдсан тоог гүйцжээ. Долдугаар сарын 7-ны байдлаар АНУ-ын бүртгэгдсэн коронавирусийн нийт халдварын тохиолдлын 51-ээс дээш хувь нь дельта мутаци гэнэ.

Дельта мутаци нь бусад хувилбаруудаасаа илүү хурдан халдварладаг. Бусдаасаа илүү уян хатан. Энэ мутаци хүний биед халдварлахдаа биеийн хамгийн сул дорой буюу вирусийн хувьд хамгийн үр дүнтэй хэсгийг нь онилдог

-Дельта мутацийн эсрэг коронавирусийн вакцинуудын үр дүн-

            Их Британийн Засгийн газраас ахалж хийсэн судалгаагаар коронавирусийн вакцинуудыг дельта мутацийн эсрэг туршихад үр дүн нь маш муу байгааг тогтоосон байна. Ялангуяа ганц тунгаар хийдэг вакцинууд маш муу үзүүлэлттэй гарчээ. Харин АНУ-ын Засгийн газраас хийсэн судалгаагаар файзер вакцины хоёр тун нь B.1.617.2 буюу дельта мутациас 81 хувиар хамгаалж байгааг тогтоосон юм. Харин нэг тун вакцин нь 33 хувиар л хамгаалдаг аж. Харин Их Британийн нэгэн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс явуулсан судалгаагаар астразенека вакцин дельта мутациас 92 хувиар хамгаалж байгааг тогтоосон гэнэ. Гэвч зарим судалгааны байгууллага дээр Засгийн газруудаас явуулсан судалгааг үгүйсгэж, “Дельта мутаци вакцинжуулалтад хамрагдсан эсэх үл хамааран тархаж байгааг онцолсон байна. Тэгэхдээ вакцины дельта хувилбарын эсрэг гаргасан ганц үр дүн нь биеийн байдал хүндэрч, муудахаас сэргийлсэн” гэжээ.

-Дельта хувилбарын дахин мутацид орсон хувилбар дельта плас гэж юу вэ-

            B.1.617.2 буюу Энэтхэг Улсад анх бүртгэгдсэн дельта плас хувилбар нь өөр дотроо дахин мутацилагдаж, дельта плас гэх шинэ төрлийн хувилбарыг бий болгосон. “CNN” агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийн 11 оронд дельта плас хувилбарын 200 гаруй тохиолдол илэрчээ. Энэтхэгийн эрх баригчид дельта пласын талаар “Хамгийн их санаа зовох ёстой мутаци” гэж үзсэн бөгөөд Энэтхэгт дельта пласын хувилбараар халдварлаж, хүндрэлээр амиа алдсан талийгаач дээр судалгаа хийх гэнэ. Дельта плас нь дотроо K417N гэж нэрлэгдэж байгаа бөөм агуулдаг бөгөөд одоогийн байдлаар уг бөөмийн тухай судалгаа дуусаагүй, аюулыг нь тодорхойлох боломжгүй байгаа юм.

            Тэгвэл энэ талаар Кембриджийн хүрээлэнгийн Клиник микробиологийн профессор Равиндра Гупта “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа K417N бөөмийг маш их аюул дагуулж болзошгүй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бөөм нь тийм ч биш байж болзошгүй юм. K417N хангалттай аюулд хүргэж чадах бие даасан бөөм биш” гэжээ.

Дельта плас бол хамгийн их санаа зовох ёстой коронавирусийн мутаци

-Дельта болон дельта плас хувилбар дахин мутацилагдах боломжтой-

            Вирус нь байгалийн хуулиараа өөрийгөө цаг тутамд өөрчилж, хөгжиж байдаг. Энэ ч утгаараа “Ковид-19” цар тахал энэ хүртэл өөрийгөө ингэж их хөгжүүлсэн байгаа юм. Олон улсын бие даасан эрдэмтэн, профессоруудын зүгээс ДЭМБ болон холбогдох газруудаас мутацид анхаарал хандуулах цаг болсныг мэдээлж байна. Тэд “Дельта болон дельта плас хувилбар нь цаашид өөрийгөө дахин мутацид оруулж, илүү аюултай “мангас” болох боломжтой. Үүнд ДЭМБ болон Засгийн газрууд анхаарал хандуулж, дэлхийн хэмжээний түгшүүр, гамшгийн зэрэг зарлах хэрэгтэй” гэнэ.

            Өчигдөр буюу 2021 оны долдугаар сарын 8-ны байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунгаа тариулсан 3.2 тэрбум хүн байгаа бол дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан 917 сая хүн байгаа юм. Зарим судалгааны байгууллагаас бүх нийтийн вакцинжуулалт зогсож, вакцины үйлдвэрлэл удааширч байгаатай холбоотойгоор дэлхий нийтийг бүрэн вакцинжуулж дуусахад дахин 3-4 жилийн хугацаа шаардлагатай байгааг онцолж байна. Энэ хугацаанд дельта хувилбараас илүү аюултай мутаци үүсэх боломжтой юм.

            Тэгвэл дельтагаас илүү аюултай байж болзошгүй мутаци илэрсэн байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал БНСВУ-ын Эрүүл мэндийн яам B.1.1.7 буюу Их Британийн альфа, B.1.617.2 буюу Энэтхэгийн дельта мутацийн эрлийз байх боломжтой хувилбар илрүүлсэн талаар мэдээлжээ. Одоогийн байдлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, туршилт судалгааны ажил муу байгаа юм. Энэ талаар бид дэлхийн коронавирусийн нөхцөл байдлын талаарх шинэ мэдээндээ эргэн мэдээлэх болно.

Дэлхийн хэмжээний түгшүүр, гамшгийн зэрэг зарлах хэрэгтэй

-Монгол Улсад дельта мутаци илрэх нь цаг хугацааны л асуудал-

            “Ковид-19” цар тахлын өөрийгөө шинэчлэж, мутацид ордог. Тэгэхээр Монголын мутацийн омог илрэх боломжтой. Харин Монгол Улсад дельта хувилбар илэрч болзошгүй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Манай улсад дельта хувилбар орж ирэх нь цаг хугацааны л асуудал. Эрсдэл өндөр байна. Энэ төрлийн вирус дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдсэн гэсэн юм.


“Вакцин нөлөөлдөггүй”, халдварлах чадвар, хор хөнөөл их ДЕЛЬТА МУТАЦИ гэж юу вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188