Одоогийн байдлаар дэлхийд Их Британийн B.1.1.7 буюу альфа, Өмнөд Африкийн B.1.351 буюу бета, Бразилын P.1 буюу гамма, Энэтхэгийн B.1.617.1 буюу каппа, мөн тус улсын давхар мутацид орсон B.1.617.2 буюу дельта нарыг эмч, эмнэлгийн байгууллага, судалгааны багууд онцолж байна.
Анх VUI202012/01 нэрлэгдсэн Их Британийн альфа мутаци өнгөрсөн оны есдүгээр сард илэрсэн. Гэвч эрдэмтдийн багийн судалгаагаар Өмнөд Африкийн бета мутацийг түүнээс өмнө буюу 2020 оны тавдугаар сард хувиралд орсон гэж үзсэн байна. Ямар нэгэн төрлийн вирус нь өөр дотроо хувьсаж, олон төрөл зүйлийн өөрчлөлт хийдэг аж. Харин титэм хэлбэрт коронавирус доторх N501Y эсийн мутацилагдаж, өөрчлөгдөх хурд нь бусад вирусийн эсээс илүү хурдан байгаа нь ч мөн үүнд нөлөөлж байгаа юм.
Их Британийн B.1.1.7 буюу альфа мутаци дотроо дахин мутацилагдсан талаар уншигч та бүхэнд мэдээлж байсан билээ. Тэгвэл уг альфа мутаци нь дахин мутацилагдаж, дотроо E484E гэх генетик шинжтэй эс бий болгосон аж. Давхар мутацилагдсан альфаг судалж буй Их Британийн Олон нийтийн эрүүл мэндийн төвийн судалгааны баг “E484E эс нь хүний биед вакцины эсрэг биет үүсгэх буюу дархлаа тогтоох үйл явцыг эсэргүүцдэг байж болзошгүй” хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд анх Энэтхэг Улсад илэрсэн дельта мутаци нь дотроо дахин “хөгжиж”, дэлхийн 40 гаруй оронд тархсан талаар ДЭМБ-аас мэдээлж байлаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн дельта мутацийн өөр нэгэн өсвөр болох дельта плюс гэгдэж буй маш аюултай хувилбар тус улсын Махараштра мужид илэрч, өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний байдлаар 20 хүн уг хувилбараар өвчилж, биеийн байдал нь маш хүнд байгаа юм. АНУ-ын “The Guardian” агентлагийн мэдээлснээр дельта плюс нь халдвар тархалтыг 90 хувь хүртэлх хэмжээгээр өсгөх чадамжтай, маш аюултай болохыг мэдээлжээ.
Одоогийн байдлаар хэрэглэж буй пфайзер, модерна зэрэг коронавирусийн эсрэг хариу урвалыг бий болгож, дархлаа дэмжиж ажилладаг. Гэвч мутацид орсон коронавирусийн хувилбар нь халдвар чадвар, үхэлд хүргэх аюулыг нэмэхээс гадна вакцинд тэсвэртэй шинж чанартай байгаа гэнэ. Дэлхийн 10 орчим оронд коронавирусийн мутацид орсон хувилбарын эсрэг туршилт хийж байгаагаас вакцин, эм зэргийг хэрэглэж байна. Харин мутацийн эсрэг коронавирусийн вакциныг шинэчлэн засаж, ашиглах боломжтой. Энэ талаар Их Британийн Глазговын их сургуулийн профессор Дэвид Робертсон “Вакцинд тэсвэртэй, зугтах чадамжтай коронавирусийн мутаци үүсэх боломжтой байгаа. Харин аз болоход вакциныг засаж, шинэчлэхэд хялбар байдаг. Коронавирусийн эсрэг вакциныг дахин шинэчлэн засвал мутацид орсон хувилбарын эсрэг ашиглах боломжтой” гэж үзэж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд дархлаажуулалтын цэгт ажиллаж байх үеэрээ Монгол мутаци үүсэх боломжтой талаар хэлж байсан. Тэрбээр “ДЭМБ мутаци, вакцины талаарх судалгаагаа дуусгаагүй байгаа. Монгол мутаци ч гарах боломжтой талаар эрдэмтэн, судлаачид надад танилцуулсан” хэмээж байв. Олон улсын жишгээс харахад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш зургаа орчим сарын дараа вирус нь мутацид орж байгаа харагдана.
ТОЙМ: Дэлхийд коронавирусийн мутацид орсон 30 гаруй төрлийн хувилбар бүртгэгджээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |