• Өнөөдөр 2024-04-27

Татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад горим алдагдсан 553 хүн тун вакцин устгажээ

2021-05-13,   611

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлэн байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард нийслэлийн найман дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн эрүүл мэндийн газар, дархлаажуулалтын 527 байнгын нэгжид урьдчилан сэргийлэх хяналт хийж, шалгалтын дүнг Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн вакцины татан авалт, хадгалалт, тээвэрлэлт болох вакцинжуулалтын явцад хяналт тавин ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтын явцад татан авалт болон хадгалалт, тээвэрлэлтийн явцад горим алдагдсан 553 хүн тун вакцин устгажээ.

Тодруулбал,

Хяналт шалгалтаар нийслэлийн вакцинжуулалтын дөрвөн цэг,  таван аймгийн долоон цэгт тариурт соруулаад тарилгад ашиглаагүй, унагааж хагалсан, зүү мохсон, хадгалалтын дэглэм алдагдсан, тарилга хийх явцад судас таарч тарилгад ашиглаагүй, битүүмжлэл алдагдсан зэрэг шалтгаантай 153 хүн тун АстраЗенека, 47 хүн тун Вероселл нийт 200 хүн тун коронавируст халдварын эсрэг вакциныг улсын байцаагчийн акт үйлдэн, зохих горимын дагуу устгууллаа.

Түүнчлэн Дундговь аймгийн төвөөс энэ сарын 5-нд тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдварын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, тавдугаар сарын 6-ны 12:00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд гурван хайрцаг Вероселл вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ. Иймд горим алдагдсан 250 хүн тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл гурван хүн тунг задалснаас хойш зургаан цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгажээ. Ингэснээр 297 Вероселл, 156 хүн тун АстраЗенека нийт 453 хүн тун вакциныг устгасан байна.

ХИЛИЙН ХЯНАЛТЫН ЯВЦАД:

Москва-Улаанбаатар чиглэлийн 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн онгоцоор дипломат ачаагаар ирсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн Гам-Ковид-Вак /Спутник V/ коронавируст халдварын эсрэг 100 хүн тун вакцины тээвэрлэлтийн дэглэм алдагдсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу устгах арга хэмжээ авчээ.


Татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад горим алдагдсан 553 хүн тун вакцин устгажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188