• Өнөөдөр 2024-05-18

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

2021-04-06,   663

Баян-Өлгий аймагт “Ковид-19” халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өглөөний 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугаацаатай тэг зогсолт хийлээ.

Халдвар илэрсэн иргэн нь  Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад  энэ сарын 4-нд  Баян-Өлгий аймагт очжээ.

Халдвар илэрсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан тул нэн дариу тусгаарласан байна. Улмаар PCR-ын шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагджээ.

Батлагдсан тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн байгааг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тухайн иргэн Улаанбаатар хотоос хоёр тээврийн хэрэгслээр есөн хүнтэй хамт очсон байна. Хамт очсон нэгдүгээр хавьтлын хүмүүсийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

1. Дөрөвдүгээр сарын 6-ны өглөөний 19:00 цагаас эхлэн тус аймгийн  Өлгий сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлав.

2.  Дөрөвдүгээр сарын 6-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 48 цаг аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов.

3. Тухайн хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль,  цэцэрлэг, дотуур байр, барааны дэлгүүрүүд зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоов.

 

Д.ЦЭДЭВСҮРЭН


Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоолоо
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188