• Өнөөдөр 2024-05-18

Ж.БАЙГАЛМАА: Дархан-Уул болон Архангай аймагт коронавирусийн тархалт өндөр байна

2021-03-28,   728

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Орон нутагт коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг яаж, хэрхэн эмчилж байгаа вэ. ХӨСҮТ-өөс эмч, мэргэжилтнүүд очсон уу?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавируст халдварын эмчилгээ, тусламж үйлчилгээг баталсан байдаг. Энэ тушаал саяхан шинэчлэгдсэн. Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдрийн 150 тоот тушаалаар коронавирусийн эмчилгээг орон нутаг болон нийслэлд улсын хэмжээнд хийж байгаа. Зарим аймгууд нөхцөл байдлаасаа хамааран ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Одоогийн байдлаар Завхан аймгийн Шилүүстэй суманд коронавирусийн эмчилгээг амжилттай хийсэн. Үүнд тус аймгийн эмч ажилтан төдийгүй ХӨСҮТ-ийн эмч, ажилтан тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өвөрхангай аймгийн ЭМГ-ын хүсэлтийн дагуу ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг илгээсэн. Ерөнхийдөө аймаг, сумдын Эрүүл мэндийн газар бэлтгэлээ сайн хангасан учир халдвартай иргэдэд тодорхой хэмжээгээр эмчилгээ, тусламж үзүүлэх бололцоотой байгаа.

-Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдвэл тэнд нь эмчлэх, тусгаарлах байр, эмч ажилтны нөөц бололцоо хэр байгаа вэ?

-Коронавирусийн батлагдсан тохиолдлын сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тоог харвал Дархан-Уул болон Архангай аймагт тархалт өндөр байгаа. Хэдийгээр эдгээр аймагт халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг сайн авч байна. Тусгаарлах байрны нөөц бэлтгэж ойрын болон дам хавьтлын иргэдийг ажиглалтад аваад байна. Эмнэлгийн хувьд нэмэлт орны нөөцөө шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлтгээд байгаа.

-“Сэмжид Хужирт” сувиллын газарт амарсан иргэд 12 аймаг руу тархсан гэж мэдээлсэн. Энэ амралтын газартай холбоотойгоор хэдэн аймагт хэчнээн хүн коронавирусээр өвчилсөн бэ?

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын газарт гуравдугаар сарын 1-25-ны өдрүүдэд 13 аймгийн 174 иргэн амарсан. Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Ховд зэрэг 13 аймагт гуравдугаар сарын 27-ны байдлаар нийт 62 хүнээс коронавирус илэрсэн.


Ж.БАЙГАЛМАА: Дархан-Уул болон Архангай аймагт коронавирусийн тархалт өндөр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188