• Өнөөдөр 2024-05-17

“Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх нь тодорхой болоогүй байна”

2021-03-25,   663

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирүүлжээ. Үүний 104 буюу 33.4 хувь нь машин ачилт,  49 буюу 15.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна. Мөн иргэд коронавирусийн вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар асуух нь түгээмэл байгаа аж. Иймд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвөөс иргэдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Вакцин хийлгэхэд насны хязгаар байгаа юу?

-Баталгаажсан вакцинуудыг 18-аас дээш насны хүмүүст хийнэ.

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл эмэгтэйд вакцин хийвэл ямар үр дүн, нөлөө үзүүлэх талаар судлаагүй байна.

-Дархлаа суларсан эсвэл дархлааны эмгэг өвчтэй хүмүүст вакцин хийх үү?

-Вакцины эсрэг заалт байхгүй бол эдгээр хүнд вакцин хийж болно.

-Вакцин хийлгээд гэртээ харьсаны дараа хариу урвал, бие тавгүйрхэх шинж илэрвэл би хаана хандах вэ?

-Вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандана.  Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болох юм. Зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хийж болно.

-Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд маш хүнд урвал илэрч хүн ухаан алдаж унасан тохиолдлуудын талаар сонссон. Ийм тохиолдол гарвал арга хэмжээ авах боломжтой юу?

-Вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дараа ноцтой харшлын урвал, тухайлбал, анафилакс зэрэг ховор тохиолддог боловч ямар ч вакцины  үед гарч болно. Тиймээс  вакцинжуулалтын цэг бүрд анафилаксийн шокийг таних, хариу арга хэмжээ авах чадвартай яаралтай тусламжийн эмч, сувилагч нар ажиллаж байна. Мөн  хүнд урвал гарсан үед эм тариа бүхий эмнэлгийн багцыг бэлтгэсэн байгаа. Хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


“Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх нь тодорхой болоогүй байна”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188