• Өнөөдөр 2024-05-18

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ

2021-03-23,   1052

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын газарт амарсан дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн тэдний ойрын болон дам хавьтлын 19 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарсан талаар бид мэдээлсэн. Тус аймагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий зэрэг сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, тэг зогсол хийгээд байна. Тодруулбал, тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх дээрх суманд хөл хорио тогтоож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.

2. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав.

3. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав.

4. Хязгаарллатын хугацаанд эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хүнсний худалдаа, үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага, уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав.

5. (Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188