• Өнөөдөр 2024-05-18

ГХЯ: Ковакс хөтөлбөрийн санхүүжилтэд 6.3 тэрбум ам.доллар хуримтлуулаад байна

2021-03-15,   665

      “Ковид-19” цар тахлын эсрэг оношилгоо, эмчилгээ, вакциныг тэгш хуваарилах зорилгоор ДЭМБ, Европын Комисс, Франц Улс хамтран Ковакс хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19” цар тахлын эсрэг вакциныг дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүст тэгш хуваарилах боломжийг олгох бөгөөд бага орлоготой орнуудын нийт хүн амын 20 хүртэлх хувьд хүрэх вакциныг үнэ төлбөргүй олгохоор тогтсон байна. Ковакс  хөтөлбөрийн ач холбогдол нь худалдан авах вакцин ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх бүхий л шаардлагатай хяналтаар орж, олон нийтийн хэрэглээнд гаргахыг зөвшөөрсөн вакциныг худалдан авч түгээх аж.

     Одоогийн байдлаар Ковакс хөтөлбөрт дунд болон бага орлоготой 92 улс хамрагдаж байна. Хөтөлбөрийн санхүүжүүлэлтэд нийт 6.3 тэрбум ам.долларыг хуримтлуулаад байгаа бөгөөд 31 улс тэр дундаа АНУ 2.5 тэрбум ам.доллар, ХБНГУ 900 сая евро, Япон 200 сая ам.доллар, Канад 197 сая ам.доллар, Саудын Араб 153 сая ам.доллар, Европын Комисс 400 сая евро, 14 төрийн бус байгууллага, сан, корпораци хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа юм.

     Ковакс хөтөлбөрийн хүрээнд 10 буюу түүнээс дээш вакцин үйлдвэрлэгчээс 2021 оны сүүл гэхэд хоёр тэрбум тун вакцин, алсдаа дөрвөн тэрбум тун вакцин худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2021 онд Ковакс хөтөлбөр хоёр тэрбум тун вакцин хүлээн авна. Үүний 1.3 тэрбум тун вакциныг бага орлоготой орнуудад зориулах юм.

     2021 оны гуравдугаар  сарын 2-ны өдөр шинэчлэн гаргасан Ковакс хөтөлбөрийн вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны хоёроос тавдугаар сарыг дуустал тус хөтөлбөрт оролцогч нийт 142 улсад 237 сая тун вакцин түгээгдэнэ. Түгээлтийг эхлүүлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн нийт 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны гуравдугаар  сарын 8-14-ны өдрүүдэд 14.4 сая тун вакциныг 31 оронд хүргүүлээд байгаа аж.

    Манай улс эхний ээлжийн 14400 тун АстраЗенека вакциныг гуравдугаар  сарын 12-ны өдөр хүлээн авсан. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувь буюу нийт 600 мянган иргэнийг хамруулах 1.2 сая тун вакциныг үнэ төлбөргүй үе шаттайгаар авна.

 

Д.ЦЭДЭВСҮРЭН

 


ГХЯ: Ковакс хөтөлбөрийн санхүүжилтэд 6.3 тэрбум ам.доллар хуримтлуулаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188