• Өнөөдөр 2024-04-26

Вакцинд хамрагдсан иргэдийг цахим бүртгэлд оруулж, нэгдсэн сан үүсгэж байна

2021-03-03,   806

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтаа хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Одоогийн байдлаар халдварын эсрэг тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан болон хүчний байгууллагын 11120 хүнийг вакцинд хамруулаад байна.

Уг байгууллагын ажилчдыг вакцинд хамруулсаны дараа 59-69 настай, халдвар авч, өвчин нь хүндэрсэн, эндэх магадлалтай зорилтот бүлгийн хүмүүсийг дархлаажуулах юм.

Вакцинд хамрагдсан иргэд баталгаажуулах гэрчилгээ авах ёстой бөгөөд үүнийг И-Монголиа төрийн нэгдсэн системээс авах боломжтой. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас вакцинд хамрагдсан иргэдийн мэдээллийг нэгтгэж, цахим бүртгэлд оруулах ажил явагдаж байгаа талаар мэдээллээ. ЭМЯ-ны Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Вакцинд хамрагдсан иргэдийг дархлаажуулалтын цахим бүртгэлт оруулж, нэгдсэн сан үүсгэх ажил явагдаж байна. Уг цахим бүртгэл И-Монголиа төрийн нэгдсэн системд холбогдсон тул иргэд баталгаажуулах гэрчилгээгээ англи болон монгол хэлээр хэвлэж авах боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 орчим хувьд хариу урвал илэрч байгаа аж. Тодруулбал, тариулсан хэсэг газарт хөндүүрлэж өвдөх, халуурах, дотор муухайрах, бие арзайх шинж тэмдэг 1-2 хоногийн хугацаанд илэрч байна. Иймд иргэд илэрч буй урвалын эсрэг хариу арга хэмжээ авч, эмнэлэгт хандах хэрэгтэйг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж буй.

Монгол Улсад зөвшөөрөгдсөн вакцин болон оруулж ирээд байгаа вакцин:

  1. АНУ болон ХБНГУ улс хамтран бүтээсэн файзер вакцин. Энэ вакцин нь ДЭМБ-ын болон монголын зөвшөөрлийг авсан  бөгөөд 95 хувийн үр дүнтэй байгаа. Хоёр тунг 21 хоногийн хугацаатай хийнэ. Одоогоор файзер вакциныг дэлхийн 66 улс хэрэглэж байна. Хадгалалтын нөхцөл анхны үйлдвэрлэгчийн заавраар -70 хэм байсан бол хоёрдугаар сарын 19-нд шинэчлэгдэж -15-25 хэмд хадгалахад чанар, аюулгүй байдлаа алдахгүй гэж үзсэн.
  2. Их Британи Улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцин. ДЭМБ болон Монгол Улсын зөвшөөрлийг авсан. Үр дүн 82.4 хувь. Хоёр тунг дөрвөн долоо хоногийн хугацаатай хийнэ. Тус вакциныг одоогоор дэлхийн 46 улс хэрэглэж байна. +2-8 хэмд хадгална.
  3. АНУ-д үйлдвэрлэсэн Модерна вакцин. ДЭМБ болон Монгол Улсын зөвшөөрлийг авсан. 94.5 хувийн үр дүнтэй. Хоёр тунг 28 хоногийн хугацаатай хийнэ. -20 хэмд хадгалах заалттай. Одоогоор дэлхийн 10 улс хэрэглэж байна.
  4. ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакцин. Үр дүн 91.6 хувь. 21 хоногийн хугацаатай хоёр тун хийнэ. +2-8 хэмд хадгална. Одоогоор дэлхийн 27 улсад хэрэглэж байна.
  5. Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин. Тус вакциныг Хятадын Ухань болон Бээжин хотод хоёр үйлдвэрт үйлдвэрлэж байгаа. Бээжингийн биологийн үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ вакцины үр дүнг 79.3 хувь гэх судалгааны үр дүн гарсан. 21 хоногийн хугацаатай хоёр тун хийхээр байгаа. Одоогоор 17 улсад түр зөвшөөрлөөр хэрэглэж байна. -20 хэмд хадгална. АНУ-ын анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн дэлхий даяар хийгдэж байгаа эмнэл зүйн туршилт судалгааг бүртгэдэг веб сайтад Синофарм Вероселл вакцины эмнэл зүйн хоёр туршилт бүртгэлтэй байдаг. Арванхоёрдугаар сарын 31-нд Хятад Улс дотооддоо хэрэглэх зөвшөөрөл авсан. Харин ДЭМБ-ын хороогоор зөвшөөрөгдөх эсэх нь хүлээлттэй байна.

 


Вакцинд хамрагдсан иргэдийг цахим бүртгэлд оруулж, нэгдсэн сан үүсгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188