• Өнөөдөр 2024-05-18

А.АМБАСЭЛМАА: 0-9 насны зургаан хүүхэд, 92 настай өндөр настан халдвар авсан

2021-02-04,   1019

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдвар авсан иргэдийн дунд хүүхдүүд байгаа юу. Насны хувьд ямар байгаа вэ?

-Халдвартай иргэдийн олонх нь насанд хүрсэн хүмүүс байна. Одоогоор 20 хүртэлх насны 71 хүн халдвар авч, эмчлүүлж байгаагаас зургаа нь 0-9 насны хүүхэд байна. Мөн 21-30 насны 82, 31-50 настай 102 хүн, 51-60 насны 56, 61-ээс  дээш настай 36 хүн эмчлүүлж байна. Түүнчлэн хамгийн өндөр нь 92 настай хүн өчигдөр халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн.

-Халдвар аваад эдгэсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ. Олон нийтийн сүлжээгээр тархаад буй эдгэрсэн хүмүүсийн бие тэнхрэхгүй байгаа гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

 

 -Коронавирусийн халдвараар өвчилж, эдгэсэн хүмүүст 14 хоног болон зургаан сарын дараа тандалт, судалгаа хийж буй. Эдгэрсэн хүмүүс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ хяналтад байгаа. Олон улсын судалгаагаар коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсний дараа зургаан сарын хугацаанд 15-20 хувь, зарим тохиолдолд 30 хүртэлх хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, амархан ядрах, нойргүйдэх, хэт унтамхай болох, үс унах, хумс хугарах шинж тэмдгүүд илэрч байгаа гэсэн дүн бий. Гэхдээ энэ шинж тэмдгүүд илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Тус эмчилгээнд сэтгэл засах, дархлаа дэмжих, биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөн засах зэрэг энгийн арга хэрэглэх нь зүйтэй. Дээрх шинж тэмдгүүд халдвар аваад эдгэрсэн хүн бүрд илрэхгүй. Ялангуяа хүнд хэлбэрээр өвчилсөн эсвэл өндөр настай хүмүүст толгой нь өвдөх, мартамхай болох шинж тэмдэг ажиглагдаж байгаа гэх мэдээлэл бий. Гол нь тухайн шинж тэмдгүүд богино хугацаанд буюу долоо, 21 хоног, хамгийн дээд тал нь зургаан сар үргэлжилж буй. Энэ тал дээр манай эрдэмтэд тандалт, судалгаа хийж байгаа.

 


А.АМБАСЭЛМАА: 0-9 насны зургаан хүүхэд, 92 настай өндөр настан халдвар авсан
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188