• Өнөөдөр 2024-05-18

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас хойш хилийн боомтуудаар 409 мянган машин, 554 мянган хүн нэвтэрчээ

2021-01-28,   704

       ЭМЯ-наас цаг үеийн асуудал холбоотойгоор мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 15202 хүнд шинжилгээ хийхэд 25 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн юм.

Мэдээллийн үеэр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилийн хөдөлгөөнт боомтууд болон гаалийн хяналтын бүсэд хэрхэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэв. Тэрбээр “МХЕГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас эхэлсэн бэлэн байдлын үед өнөөг хүртэл улсын хилийн боомтоор нэвтэрсэн нийт 409 мянган тээврийн хэрэгсэл, 554 мянган зорчигчдод хяналт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 1692 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 410 тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хилийн байнгын ажиллагаатай 26 боомтын 12 боомт идэвхтэй үйл ажиллагаа, хөдөлгөөнтэй байсан.

Үүнд Буян-Ухаа боомтод карго, ачаа тээврийн хоёр онгоц буусан. Түүнчлэн өчигдөр Ховд-Улаанбаатарын чиглэлийн дотоодын нислэгт МХЕГ-аас хяналт тавин ажилласан. Буянт-Ухаа боомтын олон улсын нислэгээс гадна карго ачаа, дотоодын нислэгүүдэд мэргэжилтнүүдийг бэлтгэж, ариутгал халдваргүйжүүлэлт зохион байгуулж, эрүүл мэндийн хяналт, тандалтыг зохион байгуулж байна.

Замын-Үүдийн төмөр замын боомт, авто замын боомт ажиллаж байгаа. Сүүлийн үед Замын-Үүдийн боомтоор орж ирэх ачаа тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн. Одоогоор нэг өдөрт 150-160 ачааны машин нэвтэрч байна. Эдгээр ачааны машиныг ногоон бүсийн журам, мөн жолооч сэлгэлтийн журам буюу Эрээнээс Замын-Үүд , Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл дотоодын жолооч ачаагаа хүлээж авах журмаар зохицуулж байна.

Сүхбаатар боомтын авто зам, төмөр замын боомтоор өдөрт 22 ачааны галт тэрэг эргэлтэд орж байна. Алтанбулаг боомтын хувьд одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолын хүрээнд ажиллахгүй. Харин Алтанбулаг боомт ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газрын наймдугаар тогтоолын хүрээнд ажиллаж эхэлнэ. Засгийн газрын наймдугаар тогтоолын хүрээнд зөвхөн эм, эмийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнийг татан авна. Уг татан авалтыг ирэх сарын 1-7 хүртэл зохион байгуулж, долоо хоногийн зай авч, дахин ирэх сарын 15-21 хүртэл гэх мэтчилэн Засгийн газрын тогтоолын хүрээнд бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах болно. Мөн Эрээнцавын боомт ажиллаж байгаа. Уг боомтоор импортын газрын тосны бүтээгдэхүүнийг татан авах зорилгоор Засгийн газрын 195 дугаар тогтоолын хүрээнд ажиллаж байна. Замын-Үүдийн боомтын адил долоо хоногийн гарагийн системээр ажиллана. Өчигдрийн байдлаар Эрээнцавын боомтоор хоёр компанийн 477.2 тонн шатахуун импортолсон байгаа. Уг импорт дээр машинистуудын аюулгүй байдалд МХЕГ-аас хяналт тавьж байна. Түүнчлэн ачаа тээшний вагоны халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Бичигт, Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт, Булган зэрэг боомтоор ашигт малтмалын экспорт хийж буй. Өчигдрийн байдлаар нийт найман боомтоор ашиг малтмалын импорт хийсэн. 955 жолооч гадагшаа нүүрсний тээвэрлэлт хийж, төмрийн хүдрийн гурван жолооч, газрын тосны 68 жолооч экспортын тээвэрлэлтийг Хятад Улс руу хийсэн. Жолооч нарын эрүүл мэнд, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт болон ачаа тээшний халдваргүйжүүлэлтэд МХЕГ-аас хяналт тавин ажиллаж буй. Ийнхүү өчигдрийн байдлаар нийт 22 боомт ажиллагаатай байсан бөгөөд тухайн боомтуудаар 1280 тээврийн хэрэгсэл буюу 1280 жолооч орсон. Харин эсрэгээрээ 1252 жолооч гадагш гарч, хяналтад орсон байгаа. Бид БНХАУ, ОХУ-тай мэдээлэл солилцож ажилладаг. PCR шинжилгээнүүдийг хийж, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори боомтуудад ажиллаж байна. Түүнчлэн бид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу монгол жолооч нараас Хятадын тал PCR-ын шинжилгээ авч, баталгаажуулах зэргээр хоёр талын хэлэлцээрээр хяналтыг өндөр түвшинд тавьж байна. Цаашид гарах УОК-ын шийдвэр болон Засгийн газрын тогтоолыг бид биелүүлж, ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллана” гэв.


Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас хойш хилийн боомтуудаар 409 мянган машин, 554 мянган хүн нэвтэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188