• Өнөөдөр 2024-04-30

“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй илтгэл ирүүлжээ

2023-06-08,   50561

       “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж”  сэдэвт салбар дундын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал, УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн  дарга Н.Хүрэлбаатар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте нар үг хэлж, дэлхий нийтэд цар тахал хэлбэрээр дэгдсэн коронавируст халдвар Монгол оронд тархсан, түүнийг эмчилж эдгэрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээрх бүхий л баримтыг  бичиглэн үлдээхийг үүргээ хэмээн үзэж идэвхтэй оролцсон бүх хүнд талархал илэрхийлэв.

          Анх БНХАУ-ын Хубэй мужид 2019 оны арванхоёрдугаар сард  коронавирусийн халдвар бүртгэгдэж, 2020 оны гуравдугаар сард ДЭМБ цар тахал хэмээн зарласнаас хойш хойш гурван жил өнгөрчээ. Энэ оны тавдугаар сарын 24-ний байдлаар дэлхийд 766 сая тохиолдол батлагдаж, үүний улмаас 6,9 сая хүн нас барж, халдварын эсрэг 13,4  сая тун вакцин хийсэн байна.  
            Цар тахалтай тэмцсэн гурван жилийн хугацаанд төр, засаг КОВИД-19-ийн халдвараас иргэдээ хамгаалах, хохирол багатай даван туулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж, эрүүл мэндийн салбарынхан эрсдэлээс үл эмээн цаг наргүй зүтгэсний хүчинд Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард “ногоон түвшин”-д хүрснээ албан ёсоор зарласан юм.  Цар тахалтай нүүр тулан тэмцсэн сар жилүүдийн сургамж, алдаа оноогоо дэнслэн, хуримтлуулсан туршлагаа хуваалцах салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг бодлого эрх зүй, нийгэм эдийн засаг, био-анагаах биотехнологи, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хуралд зориулан эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас 200 гаруй илтгэл ирсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглээд “Хүн төрөлхтөний түүхэнд анхны баримтжуулсан гэгддэг Фукидидийн тахал  МЭӨ 430-426 онд Пелопоннесын дайны үед Афинд гарч тус хотын хүн амын  гуравны нэг буюу 200 мянган хүн нас барсан гэсэн баримт бий.

       Одоогоос 700 жилийн өмнө XIV зуунд Европт “Хар үхэл” нэртэй үл мэдэгдэх тахал дэгдсэн тухай бичиглэн үлдээсэн байна. Монгол улсад өмнө нь гарсан халдварт өвчний дэгдэлт, цар тахал, түүний дагуу авсан хариу арга хэмжээний тухай бичиглэн үлдээсэн түүхэн болон судалгааны тайлан баримт бичиг хомс байлаа. Иймээс бид Цар тахал, түүнтэй тэмцсэн туршлагаа, алдаа, оноогоо эрдэмтдэн мэргэдээрээ хэлэлцүүлж, улмаар ном, фото альбом, баримтат кино хэлбэрээр түүх, баримт, сургамж  болгон үлдээхээр ажиллаж байна.



     2002 онд SARS-COV-1 вирусийн халдвар дэлхийн 29 оронд илэрсэн бол үүнээс арван жилийн дараа амьсгалын хам шинж бүхий коронавирусийн халдвар (MERS-CoV) Ойрхи Дорнодод дэгдэж байв. Өнөө цагт бидэнтэй нүүр тулсан шинэ төрлийн SARS-COV-2 вирусийн гаралтай КОВИД-19 цар тахал нь дэлхийн олон орныг хамран тархаж, үй олон хүнийг өвчлөл, эндэгдэлд хүргэсэн бөгөөд энэ нь коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний гуравдахь дэгдэлт юм. Одоо ч энэ коронавирусийн халдвар 7 хоногт 365,7 мянган тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.

       Цар тахлын эсрэг монгол судлаачид дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай, бахархалтай байна. Монгол эрдэмтэн, эмч, судлаачид, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд төдийгүй нийгмийн бүхий л салбарынхны хичээнгүй зүтгэл, тэдний мэдлэг боловсролын нэгдсэн хүчээр тахлаас үүдэн гарах гарз хохирлыг бага, аль болох нэмэгдүүлэхгүйн төлөө хичээнгүйлэн зүтгэж, ажилласаар ирсэн билээ. Өнөөдөр ч бид алдаа, оноогоо тунгаан хуралдан хэлэлцэж байгаа нь хамтын ажиллагаа дуусаагүй байгаагийн илрэл юм" гэв.

         Эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал", ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан захирал Др.Бабатундэ Оловокур "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын хариу арга хэмжээ дэлхий дахинд",  АШУҮИС-ийн захирал, УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн  дарга Н.Хүрэлбаатар “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлөө, АШУҮИС-иас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”,  ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр УОК, Шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамж” сэдвээр үндсэн илтгэлүүдийг тавилаа. Хурал Бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засгийн, Био-анагаах, биотехнологийн, Эмнэлзүй, Нийгмийн эрүүл мэндийн гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилж, салбар хуралдаан бүрээс зөвлөмж гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.


“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй илтгэл ирүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188