• Өнөөдөр 2025-04-02

Э.ЕСҮЙ: Омикроноор өвчилсөн таваас доош насныхан төвөнхийн бачууралт үрэвсэл үүсэж, уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй байна

2022-02-07,   1947

  Омикрон хувилбараар хүүхдүүд хэр өвчилж байгаа талаар НЭМГ-ын Хүүхэд, нярай, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есүгээс тодрууллаа.

 -Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор бага насны хүүхдүүд өвдөх нь нэмэгдэж байна гэсэн мэдээлэл гарсан. Хүүхэд уг халдварын хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Өнөөдөр Монгол улсад батлагдаж буй нийт тохиолдлын 30% орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Ковид-19 халдварын үед бага насны хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хөнгөн өвчилж байсан бол омикрон хувилбарын онцлог нь хүүхэд илүүтэй өвчилж,  амьсгалын дээд замыг голчлон гэмтээж, таваас доош насны хүүхдэд Төвөнхийн бачууралт үрэвсэл буюу Ларингитаар хүндэрч байна.

-Өвчилж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хэдэн насны хүүхдүүд байна вэ. Хүнд, хөнгөн байдлаар өвдөж байгаа байх?

-Өсвөр насны хүүхэд, эсвэл таваас доош насныхан хүнд, хүндэвтэр хэлбэрээр илүүтэй өвчилж, хүндрэх, төвөнхийн бачууралт үрэвсэл уушгины хатгалгаа болоод бусад хүндрэл үүсэх эрсдэл өндөр байна . Ер нь хүүхэд суурь эмгэггүй /тураал, туранхай эсвэл жингийн илүүдэлтэй, рахит сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил/, өөр эрхтэн тогтолцооны архаг хууч өвчингүй, эрүүл буюу дархлалын систем хэвийн өсөж байгаа тохиолдолд амьсгалын замын болоод бусад өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг ба өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчлөөд хүндрэлгүйгээр эдгэрдэг. ӨЭМТ-өөс хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр янзаар эмчилгээний багцыг олгон ажиллаж байна.

-Бага насны хүүхдүүд вакцинд хамрагдахгүй байгаагаас халдвар авах эрсдэл өндөр байх шиг байна. Ийм тохиолдолд хүүхдүүдэд ямар зөвлөмж үйлчилгээг өгч байна вэ?

-Бага насны хүүхдүүд Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй тул халдвараас сэргийлэх тогтсон арга болох амны хаалтаа тогтмол зөв зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа тогтмол угаах, хувийн ариун цэврээ сайтар сахих хамгаас чухал байна.НЭМГ-аас гол баримталж байгаа зарчим бол халдварын тохиолдол батлагдсан бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг түрүүлж эрэмбэлэн, аль болох нэг ч хүүхдийг үлдээлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Гэхдээ хүүхдийн дархлааны систем болоод биемахбодийн онцлогтой холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүүхдүүдийг ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчилж байгаа ч тохиолдол байна Одоо сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой хүүхдүүдийн дунд Ковид-19 халдварын тохиолдол цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй тул сайтар анхаарч аль болох хөнгөн өвчлөөд эдгэх, халдвар авахуулахгүй байх тал дээр аль аль талдаа хичээх шаардлагатай хэвээр байсаар байна.

            Хүүхдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө

   Хүүхдийг гэрт нь ч, сургууль, цэцэрлэг дээр нь ч өөрийн тусдаа аяга таваг, усны сав, алчуур саван хэрэглүүлж байх хэрэгтэй, сүүлийн үед манай эцэг, эхчүүд энэ талын ойлголт, эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа нь сайшаалтай. Гэхдээ аяга тавгийг нь тусад нь хэрэглүүлж байснаа гэрийн бусад гишүүдийнхтэй холиод 1 порлоноор угаачихвал энэ огт үр дүнгүй гэдгийг анхаараарай. Ходоодны хавдар үүсгэх хеликобактери, томуу, Ковид гээд бүх л халдвараас та хүүхдээ хамгаалж чадна.

  Мөн хүүхдийг насанд нь тохирсон хоолоор хооллох, улиралд нь тохируулан хэт бэгнэхгүй, хэт дааруулахгүй, хөлөргөхгүй хувцаслах, боломжит насны хүүхдүүдийг амны хаалт тогтмол зүүлгэх, эрт унтуулж амраах, шингэн хангалттай уулгах, гэртээ ирээд давс, содын уусмалаар хоолойг нь зайлуулж сургах, өдөр бүр хувцсыг нь солиулж, усанд оруулж байх, өвчлөл байвал дор бүр нь эмчлүүлэн эрүүлжүүлэх зэрэг энгийн юм шиг хирнээ эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дадал зуршлуудыг өөрсдөдөө хэвшүүлээрэй.

Нэг настай буюу 10 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд өдөртөө хоолноосоо гадна 1л хүртэл шингэнийг уух физиологийн хэрэгцээ байдаг. Гэтэл манайхан хүүхдэдээ шингэн бага уулгадаг, уулгаж байгаа шингэнээ буруу сонгодог. Чихэрлэг ундаа, шүүс хүүхдийн цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлж дархлаа сулрах, жингийн илүүдэл үүсгэдэг бол элдэв цай нь ходоодонд төмрийн шимэгдэлтийг бууруулж цус багадалт үүсгэдэг тул хүүхдэд зохисгүй. Шингэн гэдэгт буцалсан ус, шингэн хярам зэргийг л ойлгож болно. Шингэн сайн уудаг хүүхдийн дархлааны систем сайн ажиллаж байдаг.

Хүүхэд орой 22 цаг гэхэд гүн нойроор унтаж байх ёстой ба 22-02 цагийн хооронд дархлааны болоод өсөлтийн даавар ялгарч байдаг маш чухал үе юм.

Насанд нь тохирсон хоол гэдгийг мөн л сайтар анхаарч үзэх хэрэгтэй, хүүхдэд томчуудын хоолноос өгөөд орхих, нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх /зөвхөн мах, гурил, бантан, каш гэх мэт/ нь, эсвэл чихэрлэг бүтээгдэхүүн, түргэн хоол хэтрүүлэн идэх нь хүүхдийг эрдэс, аминдэмийн дутагдал, эсвэл жингийн илүүдэл, цус багадалтад өртүүлж байдаг. Гэтэл бага насны хүүхэд өдөрт 2-3 удаа чанартай хооллож байх шаардлагатай ба энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанаар ягаан дэвтэр дээр дэлгэрэнгүй байгаа.

Амны хаалтыг буруу зүүж байна, зүүж байгаад авч халаасандаа хийчхээд эргэн зүүх, маскны гадна талд хүрэх, солихгүй удах нь их ажиглагдах юм. Энэ нь таныг огт хамгаалахгүй байгаа хэрэг, хүүхдэд нүүрний хэмжээнд нь таарсан амны хаалт сонгох, хичээл цэцэрлэгт нь солих маскыг нь цэвэр уут, саванд хийж явуулах, маскаа солихын өмнө болон дараа гар ариутгагч хэрэглэж байхыг захиж байгаарай.

Хүний нийлэгждэггүй буюу хүнс, тэжээлээс нөхөгддөггүй аминдэм болох А, Д аминдэмийг заавал нэмэлтээр уулгах шаардлагатай. А аминдэмийг жилд 2 удаа ӨЭМТ-үүдээр дамжуулан 6-59 сартай хүүхдүүдэд тогтмол олгож байгаа ба Д аминдэмийг харин өдөр тутмын урьдчилан сэргийлэх тунгаар уухыг зөвлөж байна.

 

 


Э.ЕСҮЙ: Омикроноор өвчилсөн таваас доош насныхан төвөнхийн бачууралт үрэвсэл үүсэж, уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-10 05:15:19
    Zochin: emch hun iim humstai bdag biluu?!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-09 14:51:17
    mm: sadar zavaan yavdaltai muuhai ********. hums mums zavaarsan um
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188