“Ковид-19” халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болон 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас синофарм болон пфайзер вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн синофарм, 100 мянга гаруй иргэн пфайзер, 27 мянга гаруй иргэн астразенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Оюунчимэг “Манай хорооны вакцинжуулалтын цэгт ирж буй иргэдийн 70 хувь нь нэмэлт гурав дахь тундаа хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Вакцин хийлгэсний дараа гурван хоногтоо вакцин хийсэн газар нь хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ. Тиймээс тус хэсэгтээ хүрч болохгүй, хүйтэн жин тавихгүй, ямар нэг тос түрхэхгүй, хөндөхгүй байх хэрэгтэй. Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж, дулаан хувцаслан, сайтар унтаж амрах шаардлагатай” хэмээн зөвлөж байлаа. Тус хорооны өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд вакцины цэг дээр хороо хороогоороо ээлжлэн, хоёр хоногийн давтамжтай ажиллаж байна. Вакцинаа хийлгэхээр ирсэн иргэд дархлаагаа дэмжихийн тулд бүх тундаа хамрагдахыг уриалж байлаа.
Коронавирусийн нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагджээ |
|