• Өнөөдөр 2024-05-18

С.ЭНХБОЛД: Хүн амын дунд дельта вирусийн гурван тохиолдол илэрсэн

2021-07-20,   938

              Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улсад дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд халдварын нийт тохиолдлын тоо сүүлчийн нэг сард тогтвортой буюу нэг түвшинд байлаа. Тодруулбал, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдол өдөрт 1500-аас доош бүртгэгдэж эхэлсэн. Эрдэмтдийн зөвлөл тодорхой судалгаа, шинжилгээ, сорьцийн баталгаажилтыг өдөр тутам хийж буй. Тийм ч учраас өнгөрсөн зургадугаар сард Япон Улс руу илгээсэн 1500 сорьцоос дельта вирус илэрсэн талаар мэдээлж байсан. Өнгөрсөн долоо хоногт  авсан 14 сорьцын шинжилгээний нэгээс коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дельта хувилбарын нийт гурван тохиолдол илэрлээ. Зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр дүгнэлт гарна.

Дэлхийн 114 улсад дельта хувилбар бүртгэгдээд байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдах хэрэгтэй.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 80-90 хувьд нь коронавирусийн альфа хувилбар давамгайлж байгаа бол үлдсэн 10-20 хувь нь бусад хувилбар байх магадлалтай.

Дельта хувилбар нь альфаг бодвол хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд өвчилсөн иргэдийн 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болох эрсдэлтэй. Энэ нь уг хувилбараар өвчилбөл эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг гэсэн үг” гэлээ.

Түүнчлэн “Улсын хэмжээнд 14 мянган орыг зөвхөн коронавирусээр өвчилсөн иргэдэд зориулж дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар 9900 гаруй орыг ашиглаж байна” хэмээн ярилаа.

 


С.ЭНХБОЛД: Хүн амын дунд дельта вирусийн гурван тохиолдол илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188