• Өнөөдөр 2024-05-04

О.ДАШПАГМА: 16-18 насны 8500 хүүхэд вакцинд хамрагдаад байна

2021-06-22,   803

-Манай улс хүн амынхаа 70 хувийг вакцинжуулснаар сүргийн дархлаа тогтоно-

    "АСА Станц" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо. Түүний ярилцлагыг хүргэе.

-Вакцинд хамрагдах шаардлагатай иргэдийн хэчнээн хувийг дархлаажуулаад байна вэ. Ер нь хүн амаа хэзээ бүрэн вакцинжуулж дуусах вэ?

-Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийт хүн амынхаа 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулах тухай дархлаажуулалт эхлэх үед бид хэлж байсан. Учир нь коронавируст халдварын эсрэг вакцин анх үйлдвэрлэгдэж, улс оронд нэвтэрч байх үед 18 буюу түүнээс дээш насны хүнд тарих зориулалтаар бүтээгдсэн. Тийм учраас бид вакцины үйлдвэрлэлийг хүн амын онцлогтой харьцуулан иргэдийнхээ 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Монгол Улс нийт хүн амынхаа 52 хувийг вакцинжуулаад байна. Зорилтот бүлэг буюу 18 болон түүнээс дээш насны иргэдийн 92 хувь эхний тун, 82 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн 18-аас доош буюу 16, 17 настай хүүхдүүдийг вакцинжуулж байна. Дэлхий дахинд 12-15 насны хүүхдүүдэд вакцин тарих зөвлөмж гарч байгаа. Манай улс уг зөвлөмжүүдтэй уялдуулан вакцинжуулалтын бодлогодоо өөрчлөлт оруулна.

-Хүн амын хэдэн хувийг вакцинд хамруулснаар сүргийн дархлаа үүснэ гэж үзэж байгаа вэ?

-Цар тахлын үед халдвараас сэргийлэх цор ганц арга вакцин юм. Вакцин нь тухайн хүнд өвчин үүсгэгчийг таниулж, дархлаа тогтоосноор эрсдэлээс хамгаалахаас гадна халдварын тархалтыг таслан зогсоох, хүндрэлээс сэргийлнэ. Улс орнуудын судалгаагаар нийт хүн амын 70 буюу түүнээс дээш хувийг дархлаажуулснаар цар тахлын халдварыг хохирол багатайгаар даван туулах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 70 болон түүнээс дээш хувийг дархлаажуулбал  сүргийн дархлаа үүснэ гэсэн үг. Харин манай улс 12 ба түүнээс дээш насны иргэдийг дархлаажуулж байж вакцинжуулалт нийт хүн амын 70 хувьд хүрч, сүргийн дархлаа тогтоно.

Вакцинд хамрагдвал зохих 16-гаас дээш насны 85000 хүүхдийн 10 хувь нь эхний тун хийлгээд байна

-Эрүүл мэндийн шалтгаанаас гадна үл итгэх байдлаар вакцинд хамрагдаагүй хэчнээн иргэн байна вэ?

-18-аас дээш насны иргэдийн вакцинд хамрагдалт 90 хувьтай байгаа. Үүний цаана найман хувьд дүйцэх иргэд дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Энэ бол эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар вакцинд хамрагдаагүй хүмүүс юм. Эдгээр иргэн боломжтой болсон үедээ вакцинд яаралтай хамрагдах нь чухал. Харин вакцинд үл итгэгч буюу эсэргүүцэгчид бий. Вакцин бол тухайн хүнийг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа бэлдмэл учраас ямар ч хор нөлөө байхгүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаараад вакцин хийлгэсний дараа хариу урвал илэрч болно. Үүнийг зарим иргэд ойлгохгүйгээр хортой, аюултай гэдэг байдлаар ханддаг. Энэ хариу урвал тодорхой хугацаанд илрээд хэвийн болдог.

-12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулснаар нийт хүн амын 70 хувийг дархлаажуулна гэлээ. Хүүхдүүдийг хэзээнээс вакцинжуулж эхлэх вэ?

-Файзер вакциныг 16-гаас дээш насны хүүхдүүдэд тарих судалгаа хийгдсэн. 12-оос дээш насны хүүхдүүдэд ямар вакцин хийж болох талаарх судалгаа дэлхий дахинд хийгдэж, зөвшөөрөгдсөн байгаа. Тийм учраас вакцины нөөцтэй улс орнууд 12-оос дээш насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн.

18-34 насны иргэдийн вакцинд хамрагдалт сул байна

-Манай улс жирэмсэн эхчүүд болон 16-аас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Одоогоор вакцинд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-16, 17 настай хүүхдүүдийн вакцинд хамрагдалт маш сайн байгаа. Дархлаажуулж эхлээд хоёр хонож байна. Энэ хугацаанд хамрагдвал зохих нийт 85000 хүүхдийн 10 хувь нь эхний тунд хамрагдсан. Манай улс Дархлаажуулалтын хуультай орон. Уг хуулинд насанд хүрээгүй хүүхдийг вакцинжуулахдаа эцэг эх, асран хамгаалагчдад нь мэдэгдсэний үндсэн дээр вакцин хийх учир бид зөвшөөрөл бүхий хуудас авч байгаа.


О.ДАШПАГМА: 16-18 насны 8500 хүүхэд вакцинд хамрагдаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188