• Өнөөдөр 2024-05-17

Т.БАЯРХҮҮ: 2231 иргэнээс коронавирус илэрч, 12 хүн нас барлаа

2021-06-22,   670

Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Сүүлийн 24 цагт 11765 сорьцод шинжилгээ хийснээс 2231 иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 98050 болж байна. Мөн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан 12 иргэн нас барж, нийт нас  баралт 459 боллоо. Мөн коронавирусийн бус суурь өвчний шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41 болон 43 настай хоёр иргэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. Эдгээр иргэн тархины цус харвалт болон архины гүн хордлого, олон эрхтний дутмагшил гэсэн үндсэн онош, өвчний улмаас нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ. Харин өнгөрсөн хоногт 886 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт 64354 иргэн эдгэрээд байна. 

Шинээр батлагдсан тохиолдлыг задалбал, Улаанбаатарт 1289, орон нутагт 934 бүртгэгжээ. Үүнээс эмнэлгийн найман ажилтан халдвар авчээ.

Тодруулбал,

  • Эмнэлгээс шалтгаалах халдвар: (+8) 193
  • Улаанбаатар: (+1289) 79971
  • Орон нутагт: (+934)  17285
  • Зөөвөрлөгдсөн: (+0) 553

Мөн дархлаажуулалтын явцын талаар “Улсын хэмжээнд 18-аас дээш насны нийт 1.8 сая иргэн вакцины I тунд, 1.7 сая иргэн II тунд хамрагдаад байна. Энэ нь хоёрдугаар тунд хамрагдалт 52 хувьтай явж байна гэсэн үг. Мөн өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 1031, хөхүүл эмэгтэй 860, 16-17 насны 10294 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хүн амын вакцинд хамрагдаагүй хэсэг эрсдэлд байгааг бид ямагт санах ёстой. Засгийн газар, УОК-оос вакцины татан авалтыг үе шаттайгаар хийж, нөөц хангалттай бүрдүүлээд байгаа. Тиймээс иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна

Нийгмийн харилцаанд идэвхтэй хамрагддаг 30-40 насны иргэд халдвар авах нь ихэссэн. Ихэвчлэн ажлын байран дээрээ халдвард өртөж, улмаар гэр бүлийн хүрээнд халдвар тарааж байна. Иймээс нийгмийн харилцаанд оролцохдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай” хэмээн ярилаа.

 


Т.БАЯРХҮҮ: 2231 иргэнээс коронавирус илэрч, 12 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 13:42:27
    Zochin: Khul khoriogoo taviachee. Ykhej duusakhiig n' khyleegeed bgaa umuu khaashaa um be.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-22 12:30:24
    Динзавар .Алтансүх : Хөл хорио , "00" зогсолтоо хийгээчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188