• Өнөөдөр 2024-04-19

Т.БАЯРХҮҮ: Эрүүл мэндийн байгууллагаас зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлах санал ирүүлсэн

2021-06-16,   748

УОК-оос ресторан, кафе, сүлжээ хоолны газар,  түргэн хоолны газар, цайны газар, буфетийг 2021 оны зургадугаар сарын 17-ноос долоон хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох болон амралт, аялал, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоног хязгаарлах шийдвэрлэсэн. Тэгвэл маргаашнаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. 


Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК хуралдаж, цар тахлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг сонссон. Энэ талаар мэдээлэхээс өмнө нэг зүйл хэлмээр байна.

Засгийн газрын 118 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургадугаар сарын 30-н хүртэл сунган ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. УОК-ын хурлаар өнгөрсөн тавдугаар сарын 16-наас тодорхой төрлийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн. Ингэхдээ нийт 89 төрлийн үйл ажиллагааны 80-ийг нээсэн. Одоогоор жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага, дэн буудал, нийтийн бүжиг, бүх төрлийн бүжгийн сургалт, нийтийн баар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын бүх төрлийн үйл ажиллагаа, цахим ба автомат тоглоомын газар, өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа, сүм хийд, мөргөлийн газар, саун зэрэг үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байгаа.

Хоол үйлдвэрлэл, цайны газар, түргэн хоолны газар, буфетийг тусгай шаардлагын дагуу танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллах шийдвэр гаргасан. Ингэхдээ УОК-ын даргын баталсан 41 дүгээр журамд заасан тусгай шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Энэ хугацаанд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллага хяналт шалгалт хийж ирсэн.

Гэвч халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Эрсдэл өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагаас зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлах санал ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УОК хуралдаад, тодорхой шийдвэр гаргасан. Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах болон бусад арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Үүний дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээ буюу ресторан, кафе, сүлжээ хоолны газар,  түргэн хоолны газар, цайны газар, буфетийн үйл ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 17-ноос долоон хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглосон. Мөн амралт, аялал жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ноос долоон хоногийн хугацаатай хязгаарлах шийдвэр гаргасан. Учир нь битүү орчинд халдвар тархах буюу иргэд амны хаалтаа авах, хүн хоорондын зай барих боломжгүй гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг гэж үзсэн” гэлээ.

 


Т.БАЯРХҮҮ: Эрүүл мэндийн байгууллагаас зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлах санал ирүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188