• Өнөөдөр 2024-05-09

Б.Энх-Элбэрэл: Монгол Улс коронавирусээр далимдуулж хүний эрхэнд ноцтой халдаж байна

2021-03-31,   2235

-Б.Энх-Элбэрэл: Би БНСУ-д амьдарч байхдаа хоёр удаа коронавирусийн халдвар аваад эдгэсэн. Намайг гэрээс тусгаарлалт руу авч явсны дараа гэрт ариутгал хийж, үлдэж байгаа хүмүүст маск, гар ариутгагч өгч, зай барихыг сануулж, 100,000 вон эсвэл хоол хүнс авах гэсэн хоёр сонголт өгч байсан-


Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг түгшээж буй. Цар тахлын эсрэг улс орон бүр өөр өөрсдийн арга барилаар тэмцэж, аюулт өвчнийг дарж авахаар ажиллаж байна. Азийн улс орнуудаас БНСУ-д цар тахал нэлээдгүй өргөн хүрээтэй тархсан. Тэгвэл БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа хоёр удаа коронавирусийн халдвар авч, эдгээд эх орондоо ирсэн Б.Энх-Элбэрэлтэй хэзээ халдвар авсан, яаж мэдсэн, хэрхэн эдгэсэн, тухайн улс ямар арга барилаар коронавирустай тэмцэж буй талаар  ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Монголчууд тооноос айж суухын  оронд хувь хүний ухамсраа дээшлүүлж, хувийн ариун цэвэр сайтар сахиж сурах хэрэгтэй. Мөн чухал  нь өөрийгөө болон хайрлаж, халдвар авсан нэгнээ гадуурхахгүй хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Энэ өвчнийг туссан л бол үхнэ гэж бодож болохгүй” хэмээлээ.

- Сайн байна уу. Таныг БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа хоёр удаа коронавирусийн халдвар авсан гэж сонслоо. Бүрэн эдгэрсэн үү, бие нь яаж байна?

- Сайн, сайн байна уу. Тийм ээ. Хоёр удаа халдвар аваад эдгэрсэн. Буцаад хэвийн амьдралдаа орчихсон байгаа, асуусанд баярлалаа.

- Энэ хэцүү цаг үед хүний нутагт байгаа нэг ч болов монгол хүн эрүүл саруул байвал л боллоо. Хэзээ халдвар авсан, халдвартай гэдгээ яаж мэдсэн гэдгээс яриагаа эхэлье.

- Би 2021 оны нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 28-нд хоёр удаа коронавирусийн халдвар туссан. Эхнийх дээр хоёроос гурван өдөр бага зэрэг халуурч, үнэр амт мэдрэхээ больсон. Харин дараагийнх дээр нь шинж тэмдэг огт илрээгүй. “Юмыг яаж мэдэх вэ, өмнө нь тусаад  эдгэсэн юм чинь” гэж  бодоод хоёрдугаар сарын 25-нд  шинжилгээ  өгөхөд сөрөг гарч, гурав хоногийн дараа давтан шинжилгээ өгөхөд эерэг гарсан.  

- Хэр удаан хугацаанд ямар эмчилгээ хийж эдгэсэн бэ. БНСУ-ын эмчилгээний арга барилын хувьд?

- Би харьцангуй хөнгөн туссан  ч юм уу, БНСУ-ын нэгдсэн сувилал маягийн газар 10 хоногийн хугацаатай хоёр удаа тусгаарлагдсан.

Намайг гэрээс тусгаарлалт руу авч явсны дараа гэрт ариутгал хийж, үлдэж байгаа хүмүүст маск, гар ариутгагч өгч, зай барихыг сануулж, 100,000 вон эсвэл хоол хүнс авах гэсэн хоёр сонголт өгч байсан.

Надтай нэгдүгээр хавьтал болсон хүмүүс гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарласан. Тухайн үед би ямар ч эм, антибиотик хэрэглээгүй. Уушгины рентгэн зураг авахуулсан. Өдөрт хоёр удаа  биеийн халуун, цусны даралт, хүчилтөрөгчийн хэмжээгээ аппликейшнээр өгдөг байсан. Тухайн газрын ажилтан өдөрт таваас долоон удаа утсаар ярьж, биеийн байдлыг асуудаг байсан. Хангамж үнэхээр сайн, өрөө рүү  хэн ч орохгүй, хоолоо хаалганы гадна тавиад зарлаж хэлдэг, хогоо бас хаалганы гаднаас авдаг байсан. Би ес дэх хоног дээрээ коронавирусийн шинжилгээ өгөөд 10 дахь хоногоосоо гарч хэвийн амьдралдаа орсон. Хүний биеийн байдлаасаа шалтгаалж хэд хоног тусгаарлагдах нь шийдэгддэг. Мөн үнэ төлбөргүй тусгаарлагдсан. Солонгост гурваас дөрвөн удаа коронавирус туссан хүмүүс ч байдаг юм байна лээ. Миний ойр тойронд коронавирусийн халдвар хөнгөн туссан хүмүүс байсан. Тийм болоод ч тэр үү, айхтар нарийн эмчилгээ хийгээгүй. Витамин-С уулгаж, ер нь хүний өөрийн дархлаагаар эдгээж байсан. Хүнд хэлбэрийн туссан хүмүүсийг тусдаа эмнэлэгт хэвтүүлж, тариа болон эмийн эмчилгээ хийдэг.

- БНСУ-д коронавирус анх дэгдэх үед нөхцөл байдал ямар байсан бэ. Ямар, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байв. Монголд бол анхны тохиолдол илэрмэгц шууд хатуу хөл хорио тогтоосон?

- Миний хувьд халдвар анх дэгдэх үед Сөүл хотод амьдарч байсан. Тухайн үед бүх иргэд үнэ төлбөргүй шинжилгээ өгч, хүн бүр  хоёр метрийн зай барьж, амны хаалт, бээлий, гар ариутгагч хэрэглэж, хувь хүний  ухамсраараа их ёс зүйтэй,  дэг журамтай байсан. Мөн халдвар авсан иргэнийг гадуурхахгүй, нэр төрд нь халдахгүй, гадаад, дотоод гэлтгүй үйлчилгээ үзүүлдэг байсан. Мөн бүх үйлчилгээний байгууллагуудыг өглөө 08:00-21:00 хүртэл ажиллуулж байхаар зохицуулж өгсөн.Ингэснээр тухайн үед ард иргэдийн ажил амьдрал зогсоогүй, өмнөх шигээ тогтвортой байсан.

-БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийн орчин нөхцөл ямар байсан бэ. Маш олон монголчууд нутаг руугаа буцах хүсэлт тавьсан шүү дээ?

-Миний хувьд гурван сарын хугацаатай очсон боловч буцаж ирэх хүсэлтээ өгөөд нэг жил гурван сарын  дараа нутагтаа эргэн ирлээ. Тухайн улсад анх удаа очсон, хэлний мэдлэг тааруу, газар сайн мэдэхгүй хүмүүст бол хүндрэлтэй байсан.

Санхүүгийн асуудал ихсэж байрнаасаа гарах, гудамжинд хоног төөрүүлэх тохиолдлууд зөндөө байсан.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд ирэх байсан боловч Монгол Улсад анхны тохиолдол илэрч, хилээ хаасны улмаас ирж чадаагүй, дахин хүлээх шаардлага гарсан.

-Тэр үед БНСУ руу хийх тусгай үүргийн нислэгээ хойшлуулсан гэх асуудал гарсан шүү дээ?

- Монголын талаас иргэнээ гэсэн сэтгэл гаргаагүйд үнэхээр гомдолтой байсан. Бусад улс өөрсдийн иргэнээ чадах чинээгээр татаж авч байхад манай улс өөрийн иргэддээ хилээ хааж, хүнд байдалд оруулж байсан. Хэт хөөргөсөн үнээр иргэдээ татаж авсан, хахууль өгөөд явсан хүмүүс ч их байсан шүү.  Нутаг буцах хүмүүс нэрсийн дарааллаар нисдэггүй, хойно байгаа хүмүүс түрүүлж явах тохиолдлууд их анзаарагдсан. Иргэдээ жижиг онгоцоор татаж аваад, хоол ч идүүлэхгүй байж нэг сая гаруй төгрөгөөр татаж авч буй нь таалагдахгүй байгаа. Ядаж том онгоцоор хэдэн хүн ч гэсэн нэмж аваад явбал дээр юм гэж бодсон. Бас монголдоо ирээд 10 хоног тусгаарлагдаад  гэртээ дөрөв хоног тусгаарлагдана гэдгийг сайн ойлгохгүй байгаа.

- Монгол Улс, БНСУ-ыг харьцуулбал цар тахалтай тэмцэж байгаа арга хэмжээ, эмчилгээ, оношлогооны арга барил нь хэр ялгаатай байна  вэ?

-Монгол Улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээ муу байна. Яагаад гэвэл ард иргэд нь халдвар туссан иргэнээ гадуурхах, нийгмээс тугаарлах үзэл их, хүний хувийн мэдээлэлд хэт их халдаж байгаа юм шиг санагддаг.  Солонгос улсад шинжилгээ өгөхөд  зөвхөн нэр, утасны дугаар, төрсөн он сараа тэмдэглүүлээд болдог. Харин Монгол Улсад бүх мэдээллийг бүртгэж авч байна.

Монголчууд тооноос их айж байна.  Солонгост хөнгөн, хүнд гэж ангилаад онцгой байдлын албанаас “Танай дүүргээс тэдэн хүнээс халдвар илэрсэн. Ойрын хавьтагч нарыг тусгаарлалаа” гэхчилэн мессэж ирүүлдэг байсан.

Харин манай улсад нэг хүнээс илэрхэд орц, байраар нь тусгаарлаж байгаа нь хүний эрхэнд халдаж байна гэж үзнэ. Манай улсад “Харьяа газраа шинжилгээ өг” гэж байгаа бол Солонгос улсад хүссэн газраа, хүссэн цагтаа очоод  PCR шинжилгээ  өгч болдог байсан.

-БНСУ вакцинд хэр эерэгээр хандаж байгаа вэ. Аль улсын вакциныг голчилж хийж байна вэ?

-Энэтхэгийн вакцинаас аваад, мөн патентыг нь авч өөрсдөө үйлдвэрлээд насны ангилал болон ажил мэргэжлээр нь ангилж хийж байгаа. Ингэхдээ вакцины дараа хэрвээ нас нөгчсөн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох ямарваа нэгэн өвчтэй болсон бол улсаас нөхөн төлбөр олгохоор болсон. Жишээлбэл, нас барсан тохиолдолд 432 сая вон, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол 270 гаран сая вон өгөхөөр төсөвлөсөн байсан.

-Ярилцсанд баярлалаа.

 


Б.Энх-Элбэрэл: Монгол Улс коронавирусээр далимдуулж хүний эрхэнд ноцтой халдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188