• Өнөөдөр 2024-05-10

П.Цэвээнравдан: Машинаа зарж гутлын үйлдвэртэй болж байлаа

2021-01-09,   1235

-Өдөрт 100-150 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэртэй болох зорилго тавин ажиллаж байна-

Дархан хотод жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг П.Цэвээнравданг бид “Эх орондоо үйлдвэрлэв” буландаа урилаа. Тэрбээр арьсан гутал үйлдвэрлээд есөн жил болсон  “Цэгц” брэндийн үүсгэн байгуулагч юм.  Өөрөө эмх цэгцтэй байдлыг чухалчилдаг учраас бизнесээ ийн нэрлэсэн байна.

-Сайн байна уу. “Цэгц” арьсан гутлын үйлдвэрээ хэрхэн байгуулж байснаас ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би уг нь уул уурхайн мэргэжилтэй. Есөн жилийн өмнө одоогийн эрхэлж буй бизнесийн санаагаа эхлүүлж байв. Анх хамаатны ахтайгаа хойд хөрш рүү гутал хийж гаргахаар болж, бизнесийнхээ санааг олсон юм. Тухайн үедээ бид нохой гутал үйлдвэрлэж зардаг байсан. Намар, өвөл л гутлаа хийнэ. Улирлын чанартай бизнес байлаа. Хоёр жил орчим бид гутлаа ОХУ руу зарсан. Гэтэл рублийн ханш унаж, цаашид бизнесээ явуулахад хүндрэлтэй болж эхэлсэн. Гутал хийх арга, эвээ олчихсон учраас цаашид үүнийгээ хөгжүүлэхээр шийдсэн юм. Ингээд Улаанбаатар хотод гутлын загвар зохион бүтээх сургалтад сууж, тодорхой арга барилтай болсон. 2015 оноос арьсан гутал үйлдвэрлэж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Анх хэчнээн ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байв?

-Орос руу гаргах гутал хийдэг байхдаа ойр дотнын 3-4 хүнтэй үйлдвэрлэлээ эхэлж байсан. Ингээд дараа жилээс нь долоо болж нэмэгдсэн. Гэвч бизнесээ түр зогсоож, ганц хоёр жил суралцаж байгаад дахин эхлүүлэхэд ажиллах хүч дутмаг болсон байлаа. Анх гоёлын гутлаа үйлдвэрлэхэд эрэлт бага, ажилчин олдохгүй хэцүү байдаг байлаа. Ингээд өөрөө загвараа гаргахаас гадна гутлаа оёж сурсан. Одоо манайд надаас гадна эсгүүрчин, улалгаачин, оёдолчин гээд дөрвөн хүн ажиллаж байна.

Гутал хийх арга, эвээ олчихсон учраас цаашид үүнийгээ хөгжүүлэхээр шийдсэн

-Санхүүжилтээ хэрхэн шийдэж байсан бэ. Шинээр бизнес эрхлэхэд олон бэрхшээл тулгардаг шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн шийдэж байсан бэ?

-Гутал хийх санаагаа олохдоо би машинаа зарж, оёдлын машин, мотор авч энэ ажлыг эхлүүлсэн юм. Нохой гутал үйлдвэрлэдэг байсан учраас олноор нь хийдэг байв. Жилд 200 орчим гутал хийдэг байсан санагдаж байна. Харин сүүлд гоёлын гутал хийхээр ажлаа эхлэхдээ банкнаас зээл авч, тоног төхөөрөмж авч байсан юм. Банкны хүү маш өндөр байгаа нь бичил бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст маш хүндрэлтэй байдаг. Тиймээс би аль болох банкны зээлээс татгалзахыг эрмэлздэг. Сум хөгжүүлэх сангийн зээл болон бусад хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Ер нь авсан зээлээ зориулалтынх нь дагуу ашиглаад, үйлдвэрлээ өргөжүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулдаг. Бид одоо хоёр өрөө бүхий подвальд үйлдвэрлэлээ явуулж байна.

-Арьсан гутлаас гадна өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

-Арьсан гутлаа дагнан үйлдвэрлэдэг. Цаг зав, боломж гарсан үед арьсан цүнх хийнэ. Гэхдээ их хэмжээгээр үйлдвэрлэдэггүй. Дархан хотын төмөр замын ажилчдын цүнх болон хүмүүсийн хэрэглээнд зориулж багажны цүнх зэргийг үйлдвэрлэж байсан.

-Гутлынхаа түүхий эдийг хаанаас авдаг вэ. Түүхий эдээ сонгохдоо та юуг чухалчилж үздэг вэ?

-Манайх “Дархан нэхий”, “Минж” зэрэг үндэсний үйлдвэрлэгчээс гутлынхаа дотор материалыг авдаг. Өвлийн үслэг нэхий болон зуны нимгэн дотроо Дарханы үйлдвэрлэгчээс авчихдаг учраас хүндрэл багатай. Бусад материалаа Улаанбаатар хотоос авна. Тухайлбал, Орос Улсаас оруулж ирсэн хромны арьс, БНХАУ-аас оруулж ирсэн сайн чанарын арьснаас сонгодог. Бид нэг үеэ бодвол Монголдоо загварлаг, сайн чанарын гутал үйлдвэрлээд сурчихлаа. Гэхдээ тулгамдаж байгаа гол асуудал нь арьсны чанар.

-Жилийн дөрвөн улиралд тохируулан төрөл бүрийн гутал хийж байгаа харагдлаа. Энэ талаараа сонирхуулбал?

-Тийм ээ. Бид аль болох монгол хүний биеийн онцлогт тохирсон, чанартай, сайн чанарын гутал үйлдвэрлэхийг хичээдэг. Сард ойролцоогоор 100 гаран хос гутал үйлдвэрлэдэг. Манайх үйлдвэрлэсэн гутлаа “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрээр борлуулна. Ихэвчлэн захиалгаар үйлдвэрлэдэг юм.

-Цар тахлын нөхцөл байдал танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Вирусийн халдвар дотоодод илэрч, Дархан хотод тэг зогсолт хийхэд ямар ч худалдан авалтгүй болсон. Хөл хориог сулруулах үеэр худалдан авалт бага зэрэг сэргэсэн. Хөл хорио бизнесийн бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж байна. Энэ цаг үед хүмүүст ямар гутал илүү эрэлт хэрэгцээтэй байх вэ гэдгийг судалж, захиалга авахгүйгээр шууд үйлдвэрлэж байгаа. Захиалгагүй шууд үйлдвэрлэхээр бид үндсэн хөрөнгийн суурь баазтай байх шаардлага бий болж байна. Нэг ёсондоо, бид өвлийн гутлынхаа үйлдвэрлэлийг зогсоогоод хавар, намрын гутал үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр хэсэгтээ бидэнд эргэлтийн хөрөнгө шаардагдахаар байна.

-Өмнө нь үйлдвэрлэсэн гутлуудаа цар тахлын улмаас борлуулж чадахгүйд хүрсэн гэсэн үг үү?

-Өнгөрсөн намраас цар тахал гарч эхэлсэн шүү дээ. Үүнээс арай өмнө би банкнаас зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тоног төхөөрөмжөө шинэчлээд, захиалга авалгүй цаг хугацааны хувьд эрэлттэй байх боломжтой гутлуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Гэтэл цар тахал гарчихсан. Ингээд үйлдвэрлэсэн гутлуудаа зарж чадаагүй, үлдээсэн асуудал ч бий.

Дархан хотын төмөр замын ажилчдын цүнх болон хүмүүсийн хэрэглээнд зориулж багажны цүнх зэргийг үйлдвэрлэж байсан

-Цаашид энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл танай бизнест ямар хүндрэл үүсэх вэ. Ажлын байраа хамгаалж үлдэхэд бэрхшээл тулгарч байна уу?

-Хүндрэл үүсэхээр байна. Бид өвлийн гутлынхаа ашиг орлогоос ажилчдаа цалинжуулчихсан. Одоо хавар, намрын гутал үйлдвэрлэж байна. Гэхдээ хараахан зарагдаж эхлэх хугацаа нь болоогүй байгаа шүү дээ. Эргэлтийн хөрөнгө дээр асуудал үүснэ гэсэн  үг. Цаашлаад ажилчдын цалин хөлсийг өгөхөд хүндрэл үүсэхээр байна. Бид аль болох ажлын байраа хамгаалахад анхаарч, урьдчилж, бараагаа үйлдвэрлэж байна.

-Хөл хорио тогтоосноос болоод бараа бүтээгдэхүүний эрэлт хэр буурсан бол?

-Эрэлт багассан. Ихэнх нь гэрээсээ гарахгүй, гэртээ хоригдчихоор өвлийн гутал худалдаж авах шаардлагагүй шүү дээ. Бас нэг хүндрэлтэй тал нь бид түүхий эдээ нийслэлээс худалдан авдаг. Хөл хорио тогтоосноос хойш өөрийн санаанд нийцсэн, чанартай түүхий эд авахад хүндрэл гарч байна. Мөн сонголт бага болсон.

-Эсрэгээрээ давуу тал ажиглагдав уу?

-Манайхан Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон байна. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлын үед онлайн хүргэлтээр үйлчилгээгээ хүргэх боломж байгааг олж харлаа.

-Та цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би үйлдвэрээ өргөжүүлэх бодолтой байна. Бараа бүтээгдэхүүний төрөл зүйлээ нэмж, хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Гар ажиллагаагаа багасгаад, бүтээгдэхүүнээ нэмэх нь хамгийн том зорилт болоод байна. Ингэхдээ өдөрт 100-150 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэртэй болох зорилго тавин ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


П.Цэвээнравдан: Машинаа зарж гутлын үйлдвэртэй болж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-30 09:47:59
    Баясаа: Дугаараа өгөөч захиалага өгий
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-30 09:45:38
    Баясаа : Танайд гутал захаилах гэсэн юм эмэгтэй гутал жижэг
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188